БААТАР ОВОО ЭРДЭНЭТ

2023-03-24 581 2

                                                 ЭХ ТҮҮХИЙН ЭХЭНД

Яг өнөөдрөөс тоолбол 45 жилийн өмнө  Улаанбаатараас баруун хойшоо 340 км газарт хэний ч нүдэнд өртөмгүй нэгэн овоо тухайн үеийн геологи, хайгуулчдын дуранд торж, өрөмдлөгийн гол бай болсноор өнөөгийн Баатар хот Эрдэнэтийг босгох түүхэн үндэслэл болсон байдаг. Сүмбэр уулыг дов байхад хэмээн эхэлдэг домог шиг түүхийг хөвөрдвөл туульс шиг зузаан байх нь дамжиггүй, нүсэр. 45 жилийн туршид секунд ч зогсоогүй ланжгар үйлдвэр Эрдэнэтэд хөл тавьж, бүтээн байгуулалт өрнөж асан цаг хугацааны эхэн үед оюун санааны их төсөөллөөр хүрч очно гэдэг гүйцэмгүй сүрдэм.

1964-1968 он гэнэ. Булган аймгийн Хангал сумын нутагт аж. Монгол Чехсоловакийн хамтарсан багийнхан Эрдэнэт нэртэй жижигхэн овооны орчим дөрвөн гэр, дөрвөн майхан босгожээ. Нартайд гандаж, салхитайд дэрвэж, сартайд бөмбийн цайрсаар 4 оныг тэндээ үдэж.

Цагаанчулуут, Эрдэнэтийн овоо, Хөөврийн гол, Оюуттолгой зэрэг уртаараа 25 км, өргөнөөөрөө 3 км орчим газарт судалгаа хийж. Ингээд 4 жил уйгагүй ноцолдсоны эцэст Эрдэнэт овоо орчимд хүдэржилт илүү байгааг тогтоожээ. Эрсэн хайснаа олсон геологичдын баяр хөөр, ура хашхирсан оргилсон хөөрлийн дуун тэнгэрт нэг, газарт нэг байсан нь гарцаагүй. Ингэж л монголчууд Эрдэнэтийн эрдэнэстэй танилцсан түүхийн жим цааш үргэлжилдэг.

АЖИЛ БУЦАЛЖ, ХОТ СҮНДЭРЛЭСЭН ОН ЖИЛЭЭР

Хөндий самнасан эрэлчид зэс молибдений орд энүүхэн овооны орчинд байгааг илрүүлсэн ч Азидаа бүү хэл дэлхийд толгой цохих эрдэнэ олж нээснээ төсөөлөө ч үгүй биз ээ, тухайн үед. Ийнхүү геологичид үүргээ гүйцэтгэсэн шиг гүйцэтгээд, ордыг түшиглэсэн хот сүндэрлүүлэх, уурхайн бүтээн байгуулалт, ТЭЗҮ боловсруулалт, баяжуулах үйлдвэр босгох нөр их ажил зэрэглээтсэн атар талд зэрэг зэрэг эхэлжээ. Энэ бол 1972-1978 он. Таван жилийн хугацаанд Монгол, Зөвлөлтийн цэрэг армийнхнаас эхлээд идэр насны залуус, инженер, эдийн засагч, техникчид, удирдагч, зүтгэлтнүүдийн гар сэтгэл нийлсэн хөдөлмөрөөр өнөөгийн баяжуулах үйлдвэр, Эрдэнэт хот өнгөө олжээ. Шинэ хот, баяжуулах үйлдвэрийн өртөг нь тухайн үеийн нэг тэрбум рубль болж хагасыг нь Монголын талд зээлж, түүнийгээ зэсийн баяжмалаар авахаар тохиролцжээ. Уг хэлэлцээрийн дагуу анх 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулагдаж, 1978 оны 12 дугаар сарын 14-нд анхны баяжмалаа гаргаснаар Эрдэнэт үйлдвэр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүх өдгөө баримтат кино, ном тохимлын шаргал хуудаснаа зурайж байна.

ХӨНДИЙ САМНАСАН ЭРЭЛЧДИЙН БҮТЭЭСЭН XX ЗУУНЫ НҮСЭР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Монгол Улсын XX зууны хамгийн том бүтээн байгуулалт гэгддэг Эрдэнэт үйлдвэрийг ямар сайндаа л Ю.Цэдэнбал дарга “Эрдэнэт бол үндэсний боловсон хүчин бэлтгэх хүчирхэг дарханы газар юм” хэмээн онцолсон нь яг л онож дээ. Ийм л “дархчууд” ахан дүүс болон амьдарцгааж өдөр шөнөгүй ажиллаж, уул уурхай дагасан, иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хотыг цогцоор нь босгосон нь уул уурхайн томоохон төслийн сонгодог загвар болсон юм. Энэ л загвараар дэргэдээ хот суурин босгосон орд газар, үйлдвэр одоогоор Монголд алга.

19 баг, 100 орчим мянган оршин суугчтай Эрдэнэт хотын Говил гэх жижигхэн суурингаар явуулын хүмүүс дайран өнгөрч үйлдвэрийн талбайд хүрнэ. Цагтаа  дэгжиж, цэцэглэж явсан энэ гоёмсог суурин өдгөө балгас шахуу болж дүнсийх нь гунигтай. Сэр сэр салхитай, анир гүм байхын эцэсгүй хөл хөөр, хөгжөөн наргиан, алх хадуур, хүн техник хоёрын сүрд мандаж явсан Говил өдгөө номой даруу, номхон дөлгөөн сүүтийх юм. 45 жилийн өмнөх он жилүүдэд яг энэ л энгэр бэл, довцог тохооны ар өвөрт “Өдөр болгон 100 тонн металл хийц угсарч, 200 кубметр тоосгон өрлөг хийж, 800 кубметр цул бетон цутгаж, 200 кубметр угсармал төмөр бетон угсарч, 900 квадрат метр дээврийн ажил гүйцэтгэж, 11.5 мянган кубметр хөрс малтаж, 60 тонн таваарын арматур боловсруулж, 30 мянган киловатт.цаг цахилгаан эрчим хүч, 700 тонн уур, 19 мянган кубметр ус зарцуулж, 50-100 вагон материал, тоног төхөөрөмж буулгаж, 33.2 мянган тонн ачаа авто машинаар тээвэрлэж, 11.5 мянган хүн ажиллаж байлаа” хэмээн “Монголыг хайрлаарай буюу Эрдэнэт: хүмүүс-үйл хэрэг” номондоо Анатолий Чекашов дурсжээ. А.Чекашов бол уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг эхнээс нь дуустал барьж байгуулах ажлыг удирдан зохион байгуулсан их үйлтэн юм.

ДУУЛИАНТ ӨМЧ

 Говилоос холгүйхэн баяжуулах үйлдвэртэй Эрдэнэт сүүлийн үеийн мэдээгээр хүдрээс жилдээ 25 сая тонн хүдэр боловсруулж, 530 мянган тон зэсийн баяжмал, 3 мянган тонн молибдены баяжмал олборлодог. Баяжмалаа экспортолдөг бөгөөд Монголын төсвийн тал шахуу хувийг бүрдүүлдэг. Хамгийн сүүлийн судалгаагаар хотын ойролцоох хүдрийг 40-60 жил ил уурхайгаар, дараагийн 40 жилд гүний уурхайгаар олборлох хүдрийн нөөцтэй хэмээн тогтоожээ. Энэ үйлдвэр нь Монгол Орос хоёр улсын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийн дагуу 51:49 хувийн эзэмшилтэй хамтарсан үйлдвэр гэгдсэн түүхтэй. Ингээд  2003 оноос хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/-ийн хэлбэрээр ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сард ОХУ-ын “Ростех” корпораци өөрийн эзэмшлийн 49 хувийг худалдсанаар Монгол Улсын Засгийн газар 51 хувийг, “Монголиан коппер корпорейшн” ХХК 49 хувийг эзэмших болов.

2016 оны 06 дугаар сарын 24-нд Орос-Монголын хамтарсан хоёр уул уурхайн (Эрдэнэт, Монголросцветмет) компанийн Ростехийн эзэмшилд байсан 49 хувийг Монголын зэс корпораци худалдан авснаар “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монгол Улсад шилжсэн билээ. Ингээд Монгол Улсын Засгийн газар 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тогтоол гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг  нь баталснаар дуулиантай өмч, хувьчлалын асуудал намжсан түүх ингэж оршвой.

           БАЯЖМАЛААС ЗЭС, ЗЭСЭЭС ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН РҮҮ…

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын алсын хараа, ирээдүйн төлөвлөгөөтэй танилцаад, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зэхэж, хайгуулын 6 лиценз нэмж эзэмшиж буйг сонсоод сэтгэлд баяр төрөв. Улс, орон нутгийн төсөвт 2022 онд 1.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 2017-2021 онд 30 орчим сая ам.долларын геологи, хайгуулын ажил хийж, үйлдвэрийнхээ насжилтыг 30-аад жилээр нэмэгдүүлж, цаашид 70 гаруй жил ажиллах боломжийг бүрдүүлж, 2022 онд 33.6 сая тонн хүдэр боловсруулж, түүхэн дээд амжилт тогтоосон гээд амжилтын жагсаалт нь уртаас урт Эрдэнэт үйлдвэрт бас нэгэн амжилт албан ёсоор нэмэгдэх нь. Юу гэвээс, баяжмалыг баяжмал хэвээр нь экспортлох биш баяжмалаа гүйцээн боловсруулж, катодын зэс үйлдвэрлэх эрэлд хэдийн гарч шинэ түүхийн хуудас нээхэд тун ойртжээ.

Өнөөгийн Эрдэнэт бол баяжмалтай овоолгоо “Ачит-Ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” зэрэг компаниудад ашиглуулж, тодорхой хувь эзэмшлээр холбогдох байдлаар харилцаагаа зохицуулж буй. Хаягдал шороог нь “чулуу” болгож “Эрдмин”-ээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхэлчихсэн. Яг энэ л орон зайгаа Эрдэнэтийн инженерүүд бодоогүй биш тэртээ түүхийн эхэнд бодож, мөрөөдсөн ч мөнгөтэй нь хоолоо захиалдаг жишгээр баяжуулах үйлдвэр Оросын захиалгаар боссон. Харин өдгөө Г.Ёндон захирлын үед Эрдэнэтчүүдийн мөрөөдөл биеллээ олох нь. Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г 2023 оны зургаадугаар сарын 30-ны дотор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулахаар товлосон гэдгээ тодорхой хэлж байх юм.

Стратегийн асар өндөр ач холбогдолтой энэ ТЭЗҮ батлагдвал үйлдвэр баяжмалаа зэс болгож, зэсээ эцсийн бүтээгдэхүүн болгох нь гарцаагүй. Ийм л түүхийг бүтээсэн Монгол Улсын Баатар Эрдэнэтэд тийм гэгээн үйлсийг үргэлжлүүлэх урт холын нөөц бий.

Үргэлжлэл бий…

Холбоотой мэдээ