“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийг бүрэн эхээр нь нийтлэв. Сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн, гүтгэлгийн шинж чанартай илт худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдэх боллоо. Тухайлбал, Твиттерийн нэр бүхий хаягаас “Эрдэнэс Тавантолгой ХК-д баривчилгаа явагдаж байна”, “БЭТ нь өөрөө хулгайч байжээ” гэсэн гарчигтай худал ташаа мэдээллийг байршуулжээ. Дээрх худал мэдээллүүдийг хууль хяналтын байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа нэр бүхий иргэн, зарим мэдээллийн вэб сайт зохион байгуулалттайгаар олон нийтийн сүлжээнд дамжуулан түгээж байна.
Цахим сүлжээнд нийтлэгдсэн дүрс бичлэг нь манай компанид хамааралгүй үйл явдал бөгөөд Монгол Улсын Засгийн газраас онцгой дэглэм тогтоосон энэ хариуцлагатай цаг хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдон ажиллаж байгаа Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч болон компанийн удирдлагын бүрэлдэхүүн ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна. Компанийн үйл ажиллагаатай холбоотой бүх мэдээллийг тухай бүр албан ёсоор ил тод, нээлттэй олон нийтэд мэдээлж байгаа тул иргэд, хувьцаа эзэмшигч та бүхэн аливаа мэдээллийг бодит эх сурвалжаас авч, мэдээллийн үнэн бодит байдлыг нягталж байхыг хүсье.