Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондог наймдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд Монгол Улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш АНУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн чухлыг тэмдэглээд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд уул уурхай, цэвэр эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.
Худалдааны сайд Ж.Раймондо Монгол Улсын ардчилал, ил тод байдлыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх болон хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд гарч буй үр дүнг сайшаахын зэрэгцээ эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.
Талууд хоёр улсын бизнесийн төлөөллийг 2023 онд харилцан айлчлуулах, шинэчлэн байгуулсан Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглалын хэрэгжилтийг хангахад анхаарахаа нотлов.
Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Сансар судлал сансрын удирдлагын газар (НАСА)-т зочилж, тус байгууллагын дэд дарга, сансрын нисгэгч хатагтай П.Мэлрой, АНУ-ын Үндэсний сансрын зөвлөл (ҮСЗ)-ийн нарийн бичгийн дарга Ш.Пираг болон НАСА, ҮСЗ, Төрийн департаментын ахлах албан тушаалтнуудтай уулзав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сансрын зөвлөлийн Ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч К.Харристай Монгол, Америкийн сансрын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцсоноо тэмдэглээд энэ хүрээнд НАСА-тай нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
АНУ-ын ҮСЗ-ийн зүгээс сансрын салбарт Монгол Улсын Засгийн газартай иж бүрэн, өргөн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд сансар судлалын чиглэлд хамтран ажиллах олон боломж байгааг илэрхийлэв.
Талууд сансрын шинжлэх ухаан, технологийн дэвшлийг иргэдийн өдөр тутмын амьдрал, эдийн засгийн өсөлтийг сайжруулахад ашиглах, сансрын технологи, техникийн дэвшлийг уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, сансар судлалын мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэгт хамтран ажиллахад санал нэгдлээ.
0 cэтгэгдэлтэй