“ХОРИН НАЙМ”-ТАЙ МЭНГЭ ТӨӨРСӨН СЭТГЭЛИЙН АМРАГ МИНЬ

2023-09-11 620 0

“Хайрыг өмчилж, дугаарлаж болдоггүй” гэх афоризм шахуу үгийг тээр жил яруу найрагч асан Арлааны Эрдэнэ-Очир гэгч агуу бүтээгчийн амнаас олж сонсоод өр дотроо нааш нь ч нэг цааш нь ч нэг өнхрүүлсээр хэзээ ч мартахааргүй хадгалсан сан. Түүн шиг хөгжмийн урлагийг Монголынх, Оросынх, Хятадынх гэж ялгаж дугаарлаж боломгүй санагддаг. Мэдээж үндэстэн бүрийн ахуй, соёлын өнгө аяс бий ч хөг аялгуу, хэмнэл айзам гэдэг хэлгүй ойлголцол. Хөгжмийн хэлээр хэнбугайтай ч ойлголцож чадна гэдэг авьяас бэлэг, бурхны хишиг, өндөр дээд язгуур, өгөгдөл. Өгөгдлөөрөө, хөг, өнгө, ритм, хэв маяг, харизмаараа хэнтэй ч, хэзээ ч давтагдахгүй байна гэдэг их хувь заяа. Зураг төөрөг. Ийм тавиланг онож төрнө гэдэг яах аргагүй их хувь заяа. Хүн төрөлхтөнд дуу хоолой, үйл хэргээрээ, бүтээлээ төрүүлсэн агшин хормоороо хэмжигдэж, түүндээ багтаж, дэвэрч амьдарна гэдэг баргийн хүний үүрэх ачаа ч биш юм. Тавилангийнхаа өмнө том байж, халгиж, цалгиж, асгарч явдаг цөөхөн бүтээгчдийн нэг бол “Чингис хаан” хамтлагийн удирдагч, хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин, рок хөгжим судлаач, МУГЖ Дашзэвэгийн Жаргалсайхан юм.

Түүнтэй нэгэн цаг үед хамтдаа амьдарч буйдаа талархъя. Урлан бүтээсэн бүтээл туурвил, дуу, дууллынх нь халуунд жаргая. Жагаагийн дуулал, хоолой, цар хүрээ, багтаамж, агуулга бол яалт ч үгүй зүрх нь цохилдог бүхний сэтгэлийг жаргаах увидастай. Үүгээрээ тэр бусдаас ондоо. Түүнийг таашаагчид бол хөгжмийн хэмнэл гэж юу байдгийг, уран бүтээлийн амь сүнс хаанаа оршдгийг, жинхэнэ жентелмэн ямар байх ёстойг, урлаг, гоо зүйг эд эсээрээ ойлгогч юм. Ийм таашаал тийм мэдрэмжийн амьд илэрхийлэл, төлөөлөл, дүр төрх бол яах аргагүй Жагаа. Түүнийг Монгол бүү хэл дэлхий мэднэ. Мэдэхдээ Дашзэвэгийн гэхээсээ илүүтэй “Чингис хаан”-ны Жагаа гэдгээр нь дэндүү сайн мэддэг ээ.

Тэр Монголын хөгжмийн ертөнцийн Алтангадас болох тавиланг үүрч 1959 онд Улаанбаатарт төрсөн байдаг. Түүний аав Ч.Дашзэвэг нь 20 гаруй томоохон хөшөө дурсгалыг бие даан босгосон Монголын монументаль чиглэлийн том төлөөлөгч, нэрт уран барималч, уран зураач, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн хүн юм. Ээж Г.Бадам нь ардын хөгжимчин, хөгжмийн багш, Монгол Улсын Гавьяат багш хүн. Монголчууд удам сайтын заяа сайн гэж ярьдаг. Үндэс угаатай гэр бүлд төрж өссөн Жагаа ухаан орсон цагаасаа л хөгжимтэй нөхөрлөсөн намтартай юм билээ.

                              ОН ЦАГИЙГ ЭРХШЭЭГЧ

 Түүнийг таван настайд нь аав ээж нь төрсөн өдрийн бэлэг болгон авч өгсөн гармони хөгжмийг чадварлаг эзэмшиж, цэцэрлэгийнхээ уран сайханд “зүтгэж” эхэлжээ. Нийслэлийн арван жилийн зургаадугаар дунд сургуульд сурч байхдаа “Зургаан хошуу” нэртэй хамтлаг байгуулж, Сөгнөгөрийн пионерын зуслан, Үдлэг Баянгол, Батсүмбэрийн сангийн аж ахуйн төв, 6-р сургуулийн хөдөлмөр зуслан, Улсын асрахын газар зэрэгт тоглодог байж. Ингээд 1977 оноос ЗХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн Орос хэлний бэлтгэл анги, 1978 оноос Ленинград хотын Архитектурын их сургуульд (ЛИСИ) суралцсан. 1985 онд Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны дэргэдэх Д.Лувсаншарав, Б.Шарав нарын хөгжмийн зохиомжийн (композицийн) курст хамрагдсан. 1988 онд Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны гишүүнээр элссэн. 1979 онд Монголын эстрад урлагийн анхдагч болох Улсын Филармонийн “Баянмонгол” чуулгын дуучин болсноор уран бүтээлийн гараагаа эхлүүлжээ. 1980 оноос “Соёл-Эрдэнэ” хамтлагт дуучин, хөгжимчнөөр орж. 1983-1986 онд цэргийн алба хаахдаа Ардын армийн 016-р нэгтгэлийн дэргэдэх Оч хамтлагт дуучин, хөгжимчин, удирдагчаар ажиллаж байсан. 1989 оноос Чингис хаан хамтлагаа байгуулсан нь түүний уран бүтээлийн амьдралд цоо шинэ эргэлт болж, өөрийн түүхээ том үсгээр эхлэн бичих суурь болсон байдаг. Тэр бол энэ цагийн цуцашгүй дуу хоолой, моодноос хэзээ ч гарахгүй “Чингисийн баатар”.

ТЭР ДУУЛСААР Л БАЙНА

1995 он. Арав ч хүрээгүй балчир охин байхдаа түүний дуу хоолойг олж сонсож билээ. Чих онгойх шиг, сэтгэл дүүрэх шиг.

Гуниг хүлхсэн алаг нүдний чинь дор

Нулимс тоссон нэгэн мэнгэ байдаг

Үймэрсэн сэтгэлийн цангааг гарган эрхлэдэг

Үрчлээтэж амжаагүй зовхийг чинь үргэлж би зүүдлэх юм

Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг минь

Миний зүрхний гэгээн гуниг минь

Бурхан багшийн дутаасныг яалтай вэ

Буян заяа гэдэг тэнгэрийн хишиг юм уу…гэх дуугаараа тэр ах эгч, аав ээж, хүүхэд залуус хэн бүхнийг цаг үе, дурдатгал дурсамж, хайр догдлолтой нь уяж байв, тэр.

Долгиотсон урт үс, бүрх малгай, бариу өмд, коббой гутал, урт гинж, хар шил, сөөнгөдүүхэн тунгалаг хоолой түүний энэ насных нь гоёл. Дэндүү ганган Жагаа бол хувцаслалт, хэв маяг, донж имиджийн тод өнгө. Түүнийг дуурайх ямар ч боломжгүй. Түүнд л зохидог язгууртан мэт хувцаслалт, хийморь сүлд, эрэмгий ханхалзуур маягийг дуурайх хэцүү. Төрмөл араншин, генийн түвшний удамшлыг дуурайх боломжгүй. Тийм л учраас Жагаа хувьхан ганц. Тэр өдгөө ч дуулсаар явна.

…Инээд нуусан ягаан уруул дээр чинь

Илбийн юм шиг нэгэн мэнгэ байдаг

Эвлүүлж хэлээгүй хайрын үгээ бодохоор

Эгшиг дутсан хорвоод ингэж явах уйтай юм

Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг минь

Миний зүрхний гэгээн гуниг минь

Бурхан багшийн дутаасныг яалтай вэ

Буян заяа гэдэг тэнгэрийн хишиг юм уу…

“Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг” дуу мэндлээд өдгөө 28 жил болж байна. Тэр 28 жилийн турш хүн бүийн зүрх сэтгэлийг дураар онгичдог энэхүү дуугаа дуулсаар л явна. Жагаагийн бүтээсэн “Чингис хаан” хамтлагийн уран бүтээлийг таашаана гэдэг монголчуудад төдийгүй дэлхийн өнцөг булан бүр дэх “Чингисийн баатарууд”-ын хувьд агуу их тансаглал билээ.

Гижиг бүжиглэсэн цагаан хүзүүн дээр чинь

Хайр шингээсэн нэгэн мэнгэ байдаг

Санахгүй гэсэн гэнэн үгээ бодохоор

Саргүй шөнийн уртыг уйлж бармаар болох юм

Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг минь

Миний зүрхний гэгээн гуниг минь

Бурхан багшийн дутаасныг яалтай вэ

Буян заяа гэдэг тэнгэрийн хишиг юм уу…ийм үгийг мутраар биш авьяасаар бичдэг байх. Тийм л аялгууг нотоор биш онгодоор, дэвэрсэн их мэдрэмжээр хөг эгшиг болгодог биз ээ.

Энэ сарын 16-нд Төв цэнгэлдэхийн тайзан дээрээс энэ л дуу эгшиглэх нь гарцаагүй. Он цагт багтаж биш сар жилүүдийг өөртөө багтааж яваа агуу “Чингис хаан” хамтлаг 16 жилийн дараа сонсогч, фэнүүдтэйгээ  “XXI ЗУУН” тоглолтоороо уулзах нь ээ. Амьдарч буй цаг хугацааныхаа туршид тоглолт хийж байгаа Жагаатай, “Чингис хаан” хамтлагтай тоглолтын зохион байгуулалт, техник технологи, дуугаралт, тайз дэлгэцийнх нь талаар тодруулан энд бичих нь үнэхээр жулдах биз ээ. Тэгснээс зориод оч, Жагааг сонс, нэг үдэш зүгээр л хайрын дуулалд нь согт, жарга, цэнгэ гэе. Агуу их тансаглал мэдэр.

Сар жилийн уртыг салхиар аргадуулж туулахад

Сэтгэлийн амраг гэдэг сархад шиг заримдаа санагддаг аа

Санасан биш дээ ямар гэж хааяа өөрийгөө аргадахаар

Мэнгэ төөрсөн амраг зүүд аргамжаад ирдэг ээ…

            Уйлмаар, гунигламаар, учиргүй санаа алдмаар, усан бороонд ганцаар алхмаар, ув улаан, хөх хөх, цэв цэнхэр тэнгэрийг ширтмээр. Хожуу хайр, Хэнзхэн хайр, бурхан хайр, Нууцхан хайр, Уулзахсандаа, Хань минь, Сэтгэлийн үг, Гэгээн наранд ойрхон өслөө би, Мянга нэгэн шөнийн үлгэр…гээд л түүний дуунууд он цагийг зүрхэнд минь эвхэж, амь халуун дурсамжийг зүрхэнд амилуулдаг аа.

 

Холбоотой мэдээ