Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ҮЛЭЭСЭН “ШҮГЭЛ”-ИЙН ДУУ БУЮУ Б.ГАНХУЯГИЙН ГОМДОЛ ХЭНИЙГ ЧИРЭХ БОЛ

2023-09-13 464 0

            НҮҮРСНИЙ ХЭРГИЙГ Л МАРТАЖ ҮЛ БОЛНО буюу САНУУЛЪЯ.

2022 оны арванхоёрдугаар сарын 05. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийж, “нүүрсний хулгай”-н гэх тодотголтой гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг зарлаж байлаа. Энэ жагсаалт дотор  “Эрдэнэс тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Б.Ганхуяг, Х.Нурлат, Б.Отгонжаргал гэсэн хүмүүс байв. Нүүрсний хэргийг нягтлах тусам аалзны тор мэт холбогдогчид олширч төмөр замын тээвэрлэлттэй холбоотой гэгдэх нэрс ил болсныг ч мөн дэлгэсэн. Тавантолгойн төмөр замын захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал,  гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, н.Доржжүгдэр, Хил хамгаалах ерөнхий газрын н.Дэлгэржаргал нарыг хамсаатнууд гэх үндэслэлээр шалгав.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2017 оноос хойш шалгагдаж байгаа 385 мянга гаруй тонн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшлийн талбайгаас жижиг “Тавантолгой” компани олборлолт хийж, нэг ёсондоо өөрийнхөө талбайгаас хэтрүүлэн авсан байна гэдэг дүгнэлт урьдчилсан байдлаар гарсныг хэлсэн. Энэ тухай 2017, 2018 онд олон нийтэд УИХ-ын гишүүд, сайд нар мэдээлж байсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл эцсийн шийдвэр тодорхой гараагүй.

Эндээс л эхэлж 40 их наядын гэх цуурай УИХ дотроос цуурайлж иргэдийг мэл гайхахад хүргэсэн. Алдагдсан нүүрсний тооцооллыг ингэж л хуруутай бүхэн хуруугаа дарж, амтай бүхэн нэмж хассаар 40-45 их наяд гэдэг дээр нам гацацгаасан. 40 их наяд нь 2023 оны улсын төсвийн орлогыг хоёр нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө юм.

2023 он дамжиж өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа нүүрсний хэрэгт холбогдсон албан тушаалтнууд өдгөө хэргээ задлуулах гэсэн башир арга сийлж, шүүх танхимд пээдийцгээж байна. Б.Ганхуягийн шүүх танхимд хэлсэн үгсийг хөвөрдвөл мөсөн уулын ёроолд ч хүргэж мэднэ. Тэр бол зүгээр л нүүрсний хэрэгт гар дүрсэн хулгайч нарын нусан жулдрай нь байж ч мэдэх мэдүүлгийг тэр өгөв. Түүний нарсанд хоригдож буй гомдол араасаа хэнийг татахыг харах л үлдлээ. “Ту­хайн үед 68 хүн баригдсан атал одоо би ганцаараа бай­на. Намайг гаргах юм бол маш олон хүний зүрх нь зог­сох байх. Бид энд золиослогдоод тэд тэнд засагтайгаа, тамгатайгаа, төртэйгээ үлдэж болохгүй” гэх байдлаар томорч, наранд байгаа нөхдийгөө айлгаад авав бололтой. Юутай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үлээсэн “Шүгэл”-ийн дуунд нүүрсчид сэрэх нь тодорхой болов бололтой.

 

Холбоотой мэдээ