Г.ЗАНДАНШАТАР: Хүүхдийн эсрэг үйлдэх гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгах, өршөөл уучлалд хамруулахгүй байх хэрэгтэй

2023-10-05 348 0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Хүүхдийн эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлага үүссэн байна” хэмээн мэдэгдэв. Тэрбээр  “Хэлэлцэх асуудалтай холбогдуулан маргаашийн хуралдаанаар хүүхдийн эрхийг хэлэлцэх зайлшгүй шаардлага гарч байна. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал онцгой анхаарал татаж байна.

Бараг өдөр бүр хүүхдийн эрх зөрчигдсөн тухай мэдээлэл гарах боллоо. Хүүхэд авто замын ослын хохирогч болж байна, амь насаа алдаж байна, бусдад дээрэмдүүлж байна. Гэр бүл болон бусад орчинд хүчирхийлэлд өртөж байна. Гэр орондоо угаартаж байна. Хүүхдийг хүчирхийлэх, ялгаварлан гадуурхах, тэр байтугай хүний наймаанд хүүхдүүд өртөж байна.  Өчигдөр мэдээлэгдсэнээр хүний наймааны 20 гаруй хэрэг бүртгэгдсэнээс найм нь насанд нь хүрээгүй хүүхэд байна. Дорноговь аймагт 12 настай охин алга болоод хоёр хонолоо. Эрэн сурвалжилж байгаа ч хараахан үр дүн гараагүй байна.

Сүүлийн 10-аад хоногт гэхэд 13 настай охин сургуулийнхаа урд машинд дайруулсан, Дорнод аймагт долоон настай хүүхэд хойд эцгийнхээ гарт амь үрэгдсэн, бага насны гурван хүүхэд ээжийнхээ хамт угаартсан, долоо болон таван настай хүүхэд орон сууцны цонхоор унаж амиа алдсан зэрэг аймшигтай үйлдэл, гэмт хэргүүд гарлаа. Гарцан дээр хүүхэд ээжтэйгээ  дайруулсан байна. Улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа 20 гаруй хүүхэд байна.

 

Ийм айдас түгшүүртэй цаг үед төр засгийн байгууллагууд зүгээр сууж болохгүй. Хүүхэд хамгаалах тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Улсын төсвөөр өчнөөн хөрөнгөөр хэрэгжүүлсэн камержуулалтын ажил яагаад хэрэгжихгүй байна вэ. Монгол Улсад Хүний эрхийн тухай Конвецод 1992 онд бүртгүүлж, 1996 онд хүүхдийн эрхийн хамгаалах хуультай болсон. 2016 онд Хүүхдийн эрхийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулсан. Гэтэл энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй, хүүхдийн эрхийн өмнө хүлээсэн үүргээ бид хангалттай биелүүлэхгүй байна. Хүүхдийн амьд явах үндсэн эрх хангагдаж байгаа талаар олон баримтыг дурдаж болно. Үүнд УИх-ын гишүүд онцгой анхаарах хэрэгтэй байна. Хүүхдийг 18 нас хүртэл хамгаалах үүрэгтэй.  Хүүхдэдээ ээлгүй улс орны ирээдүй бүрхэг болно. Хүүхэд бол улс орны маргааш. Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн хуульд УИХ-ын гишүүд тэр дундаа эмэгтэй гишүүд манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай байна. Хүүхдийн эсрэг үйлдэх гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгах, өршөөл уучлалд хамруулахгүй байх хэрэгтэй” гэлээ

Холбоотой мэдээ