Х.НЯМБААТАР: Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын өмнө өргөх “цагаан туг” надад байхгүй

2023-10-12 617 0

ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг Хотын даргын албан тушаалд томилох улс төрийн шийдвэр гарсан бөгөөд өнөөдрийн /2023.10.12/ НИТХ-аар Хотын даргад ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатарыг томилох асуудлыг хэлэлцэж НИТХ-аар Х.Нямбаатарыг томилохыг 78.57 хувийн саналаар дэмжлээ. НИТХ-ын тогтоолын төслийг Ерөнхий сайдад өргөн барина. Улмаар Ерөнхий сайд батламжлах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын нийслэлийн иргэд болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлж байна. 

 

Эрхэм хүндэт нийслэл Улаанбаатар хотын иргэдээ!

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, эрхэм төлөөлөгчдөө!

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас надад итгэл хүлээлгэн нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдаас нийслэлийн Засаг даргын албан тушаалд томилсон нь өндөр хариуцлага гэж хүлээн авч, ухамсарлаж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлж, Монгол Улсын хүн амын тал хувь нь буюу 1.7 сая гаруй хүн амьдарч буй нийслэл Улаанбаатар хотод хууль, эрх зүй, нийгэм, эдийн засгийн шийдлээ хүлээсэн олон тулгамдсан асуудал хуримтлагдсан байна. Уг асуудлууд өнөөдөр гэнэт үүсээгүй ээ, 1992 оноос эхэлсэн нийгмийн шилжилтийн үед хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа эрс нэмэгдсэн, өмч хувьчлалын зарим алдаатай шийдвэрээс орон нутаг ажлын байр байхгүй болсон, эмнэлэг, сургуулийн чанар, хүртээмж зэргээс шалтгаалж хөдөөгөөс хот руу шилжих  хөдөлгөөн, газрын наймаа, авлига хийгээд нийслэлийн удирдлага, менежментийн алдаа, завхарлын үр дагавар гэдгийг бид бүгд мэднэ.

Мэдээж үе үеийн Засгийн газар, нийслэл Улаанбаатар хотын удирдлага энэ бүгдийг зүгээр хараад суугаагүй боловч одоогийн Засгийн газар нийслэлийн тулгамдсан асуудал нь Монгол Улсын тулгамдсан асуудал болжээ гэдгийг хүлээн зөвшөөрч ихээхэн анхаарал хандуулж, бодлогын дэмжлэг үзүүлж хоттой холбоотой хууль, эрх зүйн шинэчлэлийг 27 жилийн дараа буюу 2021 онд шинэчлэн батлуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх түүхэн шийдвэрийг гарсан. Ажлаа хүлээлгэн өгсөн өмнөх Засаг даргын Засгийн газартай ойлголцож, нягт хамтран ажилласны үр дүн гэж бас хэлж болно.

 

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нь хотын эдийн засгийн үндсийг тодорхойлох, бие даан хөгжих чухал алхамыг нээж өгсөн. Гэсэн хэдий ч ажил хариуцсан хүмүүсийн хандлага, ашиг сонирхлын зөрчил, цаашилбал авлигын шинжтэй үйлдэл нь иргэд, олон нийт бухимдуулахын зэрэгцээ нийслэлтэй холбоотой авлига, газрын наймаа, хууль бус газар олголт, хот төлөвлөлтийн алдаа, завхралыг таслан зогсооход Засгийн газар өмнөхөөсөө ч илүү анхаарал хандуулах шаардлагатай болжээ гэж үзэн энэхүү хүндхэн, амаргүй албанд намайг томилсон гэж ойлгож байгаа.

 

Миний бие ойрын сонгуулийн мөчлөг харсан бус нийслэлийн ирээдүйн хөгжлийг харсан суурь шинэчлэлийг эхлүүлэх шийдвэр, шийдлийг гаргаж ажиллана, зарим шийдэл, шийдвэр нь өнөөдөртөө давс мэт шорвог байх төдийгүй улс төрийн олз хайсан зарим этгээдийн ашиг сонирхлыг хөндөх нь гарцаагүй. Алсдаа харин нийслэлийн тогтвортой хөгжлийн шинэ эхлэл байжээ гэдгийг цаг хугацаа харуулна гэдэгт итгэлтэй байна.

 

Энэ амаргүй цаг үед, хүндхэн зоримог шийдвэрийг гаргаж байж АВЛИГАГҮЙ УЛААНБААТАРЫН ШИНЭ СЭРГЭЛТИЙГ эрчимжүүлж, нийслэлийн хөгжлийг шинэ шатанд гаргаж чадна аа. Нийслэлийн бүх шатанд ажиллаж буй албан хаагчдаас Улаанбаатар хотын шинэ сэргэлтийн төлөө хандлагаа өөрчилж, идэвхи зүтгэл, сэтгэл гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллахыг зэрэгцээ дараах чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөж байна.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХИЙНЭ 

Энэ хүрээнд Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх зарчимд тулгуурлан, нийслэл Улаанбаатар хотын удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгох замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн эрхийг хангах, үрэлгэн данхар бүтцийг багасгах, үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн бодит оролцоо, хяналт тавих боломж болон нийслэлийн төрийн байгууллагын бүтээмж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх концепцийг баримтална. Өөрөөр хэлбэл нийслэлийн сэргэлт, тогтвортой хөгжлийг оновчтой засаглалын шинэчлэлийн бодлогод тулгуурлан эхлүүлнэ.

 

Нийслэл Улаанбаатар хот нь эдийн засгийн хөгжил, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоогоороо харилцан адилгүй 9 дүүрэг, 204 хорооноос засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд бүрдэж байгааг эргэн харах шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд шат шатны 214 Засаг дарга ажиллаж байгаа бөгөөд дүүргийн хүн ам 4400-с эхлээд 250, 350, 400 мянган хүн амтай дүүргүүд ч байна.

 

Түүнчлэн зарим хороодын хүн ам 20 мянган давж зарим дүүргээсээ ч илүү хүн амтай байна. Гэтэл төрийн үйлчилгээг хүргэх анхан шатны нэгж болох хороо нь хуульд зааснаар бие даасан төсөвгүй, хот нийтийн аж ахуйн чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй, иргэд дараагийн шат буюу дүүргээс төрийн үйлчилгээг авахаас өөр сонголтгүй болгож байна. Зарим дүүргийн газар нутгийн хэмжээ, хүн амын төвлөрөл нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дордуулж, нийслэл, дүүргийн төрийн байгууллага иргэдээсээ холдож алсрах, хүнд суртал, төрийн үйлчилгээгээ хэзээ авах тодорхойгүй дарааллыг бий болгож, улмаар авлигын эх үндсийг бүрэлдүүлж байна.

 

Эдийн засаг, хүн амын зохистой харьцаа, төвлөрөлийг харгалзан нийслэлийг 40-50 дүүрэгтэй байхаар зохион байгуулж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг судлан шийдвэрлэнэ.

 

Түүнчлэн дүүрэг, хороодыг оролцуулахгүйгээр нийслэлийн түвшинд Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг 22, тэдгээрт 1804 хүн, харьяа байгууллага 23, тэдгээрт 1153 хүн, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 16, тэдгээрт 5027 хүн, компани 6, тэдгээрт 166 хүн, төслийн нэгж 9, тэдгээрт 110 хүн, Засаг даргын тамгын газарт 260 хүн, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд 60 хүн  ажиллаж байна. Дээрх 78 нэгжид л гэхэд 8580 хүний орон тоотой байгаа энэхүү бүтцийг эргэж нягталж, Засгийн газрын дэвшүүлж буй Төрийн бүтээмжийг сайжруулах зорилтыг манлайлан үлгэрлэн ажиллана.

 

Мөн нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн чиг үүргийг оновчтой зааглан хуваарилах, хотын аж ахуйн ажлыг хариуцах Улаанбаатар хотын захирагчийг хотын зөвлөл, эсхүл Улаанбаатар хотын иргэд өөрсдөө шууд сонгодог болох эрх зүйн өөрчлөлтийг эрх бүхий этгээдэд танилцуулан шийдвэрлүүлэхийг зорино.

 

Нийслэл Улаанбаатар хотын хилийн цэс залгаж буй Төв аймагтай хамтран дагуул хот байгуулах, нийслэлийн хүн амын хүнсний хангамж, байгаль орчныг хамгаалах чиглэлд хамтран ажиллах, бүхий талаар хөгжлийн интеграци, хамтдаа хөгжих боломжийг хууль, эрх зүйн хувьд нарийвчилан зохицуулах, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа “Дархан цаазтай” гэх тодотголтой “отоглох” орон сууц, хороолол сүндэрлэсэн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг хотын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөө, хот төлөвлөлттэй уялдуулан цэгцлэх ажлыг эхлүүлнэ.

 

Улаанбаатар хотын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж хийгээд хотын бүтээмжийг  нэмэгдүүлэхэд цахимжуулалт чухал. Нийслэлийн нутгийн захиргааны шууд харьяа 33 байгууллагаас 277 үйлчилгээ, дүүргээс авах боломжтой 82 үйлчилгээ, хорооноос авах боломжтой 1 үйлчилгээ, мөн яам, Засгийн газрын агентлагын харьяа 8 байгууллагын 198 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Дээрх үйлчилгээг үзүүлж байгаа хэлбэрээр нь авч үзвэл 298 буюу 53,4 хувийг цахим хэлбэрээр, 260 буюу 46,6 хувийг биечлэн буюу уламжлалт хэлбэрээр үзүүлж байна. Цахимжуулалтын чиглэлээр нийслэлийн хэмжээнд хийгдсэн нэлээдгүй ажлууд байгаа гэдгийг дээрх тоон статистик харуулж байна, цаашид цахимжуулалтыг эрчимжүүлж, ил тод байдлыг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангах, Засгийн газрын 5Ш ажиллагааны зорилтыг хангаж ажиллана.

 

Түүнчлэн ёс зүйтэй, ур чадвартай, нийслэлийн иргэдийн төлөө зөв сэтгэлээр ажиллаж чадах хүний нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, нээлттэй сонгон шалгаруулах, алба хаагчдын ажиллах бүх талын баталгааг Засгийн газрын барьж буй бодлого, шийдвэртэй нийцүүлэн анхаарах болно. Тухайлбал, нийслэлийн Ерөнхий архитекторыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох, Ерөнхий архитектор нь мэргэжлийн баг, эсхүл хуулийн этгээд байж болох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарна гэдгийг тэмдэглэн хэлмээр байна.

 

Багцлан хэлбэл, Газрын тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай, Автотээврийн тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах тухай, Нийслэлийн Улаанбаатар хотын нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай зэрэг 20 гаруй хуулийг боловсруулан батлуулах ажлыг өнөөдрөөс эрчимжүүлнэ.  Нийтийн ашиг сонирхлоос илүү хувийн ашиг сонирхлыг чухалчлан ажиллаж байгаа албан тушаалтныг төрийн албанаас чөлөөлөх, төрөөс томилогдсон албан тушаалтнуудын хариуцлага хүлээдэггүй байдлыг зогсоохын тулд бүх шатанд ил тод байдлыг хангуулж ажиллахыг зорино.

 

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙГ ХАНГАХАД ОНЦГОЙ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛНО

 

Нийслэлийн иргэд зундаа үер, усны гамшиг, хөрс, дуу чимээний бохирдол, өвөлдөө агаарын бохирдол, халтиргаа, гулгаатай нүүр тулж, эрүүл мэнд, өмч хөрөнгөөрөө хохирч байна. Түүнчлэн хот төлөвлөлтийн алдаа, авлигын үр дагавараас шалтгаалж цэцэрлэг, ногоон байгууламжийн дутагдалтай, тоос шороотой орчинд амьдарч, зарим орон сууцны хотхон, хороолол нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, галын машин орох зайгүй орчны төлөвлөлттэй, бие биенээ халхлан байгалийн нарны гэрэл тусдаггүй, “нүүр нүүрээ тулсан мэт” орон сууц, хотхонууд баригдаж байгаа нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдах эрх төдийгүй өмчлөх эрх хөндөгдөж, олон жилийн хөдөлмөрөөрөө төлөн байж олж авсан хөрөнгийн үнэ цэнийг алдагдуулж байгааг таслан зогсоох цаг болсон байна.

 

Улаанбаатар хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.7м2 байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 9м2 байхыг зөвлөдөг. Газрын тухай хуульд нийт барилгажсан талбайн   10 хувьд ногоон байгууламж байх зохицуулалттай, Хот байгуулалтын тухай хуульд нийт барилгажсан талбайн 25-30 хувьд нь зогсоол, ногоон байгууламж байхаар зохицуулсан байдаг. Гэсэн ч эдгээр хуулиуд хэрэгжихгүй байна. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн 1.8 хувьд нь л ногоон байгууламжтай байна. Ирээдүйн Улаанбаатар хотын зарим иргэд ногоон байгууламжтай, задгай нээлттэй талбайд тоглож үзээгүй хүүхэд насаа өнгөрөөж байна, мөн хүүхэд  байтугай, хүүхдийн тэрэг түрсэн ээж, аавууд явах боломжгүй, хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд зорчиход хүртээмжгүй энэ байдлыг засах шинэ хандлага, стандартыг нэвтрүүлэн ажиллана. Зөвшөөрөлгүй барьсан гражуудыг буулган ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усны хууль тогтоомжийг зөрчиж барьсан байж болзошгүй хороолол, хотхоныг албадан буулгахаар гаргасан өмнөх Засаг даргын шийдвэрийг хангуулах болно.

 

Эзэнгүй муур, нохойтой холбоотойгоор иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөж байдаг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд эзэнгүй 160,885 нохой байна гэсэн судалгаа байна. Гэтэл уг асуудлыг зохицуулах чиг үүрэг нь хороо, дүүрэг нь бус Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хариуцаж байгаа нь өнөөдрийн чиг үүргийг хуваарилалт оновчтой эсэх, үр дүнтэй эсэхэд эргэлзэх нэг л жишээ гэж харж болно.

 

Товчхондоо, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхдийн эрх хангагдаж байвал хүний эрхийг хангасан, аюулгүй хот гэж үзэж, үүний төлөө хичээл зүтгэл гаргана аа.

ХОТЫН ЭДИЙН ЗАСГИЙН СУУРИЙГ БЭХЖҮҮЛЖ, ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙГ ДЭМЖИХ БОДЛОГО ЯВУУЛНА

 

Улаанбаатар хот одоо байгаагаасаа ч илүү бизнес, хувийн хэвшилд өргөн орон зай, боломжийг гарган өгч, хөрөнгө оруулагчдыг татсан бизнес, эдийн засгийн төв болох ёстой. 2023 оны 10 дугаар сарын байдлаар нийслэлд 177,954 гэр бүлийн зориулалттай газар өмчлөх эрх, 499,498 барилга байгууламж, орон сууц, авто зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Зуслангийн бүс дэх газрын нэгж талбарын судалгаагаар 28,579 амины орон сууц, 62,712 хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байна.

 

Дээрх үзүүлэлтийг харахад нийслэлийн эдийн засаг, татварын суурийг нэмэгдүүлэх өргөн боломж байгаа бөгөөд гагцхүү нийслэлийн зүгээс иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, ил тод байдлыг хангах, шаардлагатай дэд бүтэц бий болгох, хот төлөвлөлтийн гажуудлыг засаж, түгжрэл гэх мэт бүтээмжийг буруулж буй  нийгэм, эдийн засгийн асуудлыг ухаалаг менежментээр зохицуулж, хувийн хэвшил, иргэдээ дэмжин ажиллах хэрэгтэй байна. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжийг нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй асуудалд шийдэл олоход бүх талаар оролцохыг уриалмаар байна.

 

Нийслэлд өнөөдөр 1.7 сая хүн, 431,000 өрхтэй байгаа нь эдийн засгийн том давуу тал болгох учиртай. Нийслэлийн хүн амын 55 орчим хувь хөдөлмөрийн насны иргэд байна. Гэвч дээрх 431,000 өрхийн 22.3 хувь буюу 74,585 өрхийн 349,574 хүн, үүнээс 135,446 хүүхэд өрхийн амьжаргааны түвшин тодорхойлох судалгаагаар нийгмийн халамж туслалцаа зайлшгүй шаардлагатай гэсэн тоон мэдээлэл байна.

 

Өрхийн амьжиргааны зохих түвшин доогуур амьдарч буй иргэдийг халамжийн бодлогоор дундаж давхаргад оруулах боломжгүй гэдэг мэдээж юм. Дээрх 74,585 өрхийн нэг л насанд хүрсэн хүнийг мэргэжилтэй, хөдөлмөр эрхлэлтээр байнгын орлоготой болгох бодлого хэрэгжүүлэхэд 135,446 хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих эрхийг хангах боломж нэмэгдэх юм.

 

Энэ чиглэлд улс, нийслэлийн хэмжээнд хэрэгцээтэй байгаа мэргэжлийн чиглэлээр мэргэжлийн боловсролд дээрх иргэдийг хамруулах, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх чиглэлд тусгай хөтөлбөр гарган хэрэгжүүлэх бодлогыг баримтална. Хөдөлмөр эрхлэлт болон нийслэлийн иргэдийн хүнсний хангамжийн асуудлыг уялдуулан шийдвэрлэх бүрэн боломж байна. Энэ хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд тусгасан эдийн засгийн тусгай бүсийг амилуулж, хүлэмж, агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн эдийн засгийн тусгай бүсийг байгуулах асуудлыг тэргүүн ээлжинд судлан боломжит байдлаар шийдвэрлэнэ.

 

Нийслэлийн үйлчилгээний үнэ, тарифийг зах зээлийн зарчимд ойртуулж, нийслэл Улаанбаатар хотын хотын аж ахуйд бизнесийн нээлттэй, шударга өрсөлдөөнийг бий болгоно.

 

Тендер, худалдан авах ажиллагаанд гарсан алдаа, дутагдлыг засаж, цаашид ил тодоор хууль тогтоомжид нийцүүлэх зохион байгуулна. Өнөөдөр үүсээд байгаа автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг нягтлан шалгаж, холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд шуурхай авах болно.

 

ХОТЫН ХӨГЖЛИЙГ СААРУУЛАГЧ, БООМИЛОГЧ ТҮГЖРЭЛИЙГ БАГАСГАХАД ОЛОН ТАЛТ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭГ АВНА

 

Хотын хүн амын өсөлт, хотжилт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос шалтгаалан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдсээр байна. Манай улсад 2021 оны жилийн эцсийн байдлаар нийт 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 54 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Сүүлийн 10 жилд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 102 хувиар, үүнээс Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 80 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Япон Улсын Жайка олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар нийслэл Улаанбаатар хотын автомашины импорт энэ чигээрээ хурдацтай нэмэгдсээр байвал зам дээрх тээврийн хэрэгслийн дундаж хурд 2025 онд 8 км/ц, 2030 он гэхэд 5 км/ц болж буурах аж. Улмаар 2040 он гэхэд автозамын урсгал хэт түгжрэлд зогсох төлөвтэйг тооцоолжээ. Энэ байдлаараа явбал тэг зогсолтод хугацаа наашлах гарцаагүй.

Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт сүүлийн 10 жилийн хугацаанд 954 км-ээс 1170 км болж 22 хувиар нэмэгдсэн бол нийслэл хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 367.8 мянгаас 662.6 мянгад хүрч 80 хувь буюу 1.8 дахин нэмэгдсэн. Мөн хот төлөвлөлт, сургууль цэцэрлэгийн хүртээмж, зах, худалдааны төвийн бөөгнөрөл, жолоочийн замын хөдөлгөөний соёл зэргээс үүдэн авто замын хэт ачаалал бий болж иргэдийн эрүүл, аюулгүй амьдах эрх зөрчигдөхөд хүрч байна.

2022 онд хийгдсэн “Түгжрэлээс үүсэх нийгэм эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, алдагдсан боломжийн өртөг тооцох” судалгаагаар Улаанбаатар хотын 2021 оны түгжрэлийн алдагдсан боломжийн өртөг 3.82 их наяд төгрөг буюу 1,245 сая ам доллар болохыг тогтоосон байдаг. Ийнхүү Улаанбаатар хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд алдаж байна.

Түгжрэлийн асуудлыг шийдвэрэлэхэд хот төлөвлөлт, газар чөлөлөлт, татвар, хураамжтай холбоотой хууль, эрх зүйн орчныг цогц байдлаар боловсронгуй болгохын зэрэгцээ торгох шийтгэлээ төлдөггүй жолооч нарын төрөөс авах зарим үйлчилгээг хязгаарлах, Улаанбаатар хотын замын даацад тохирсон автомашины дээд хязгаарыг тогтоох, авто машины дугаарыг хугацаатай олгох зэрэг давс мэт шорвог шийдвэрийг гаргахаар төлөвлөж байна. Тухайлбал 376 удаагийн зөрчилд оногдуулсан торгох шийтгэлээ төлөөгүй жолооч, 328 удаагийн зөрчилд оногдуулсан 1,353,3800 төгрөгийн торгох шийтгэлээ төлөөгүй жолооч ч байна. Нөгөө талдаа нийтийн тээвэр, такси үйлчилгээний хүртээмж нэмэгдүүлэх, шаардлагатай зам, дэд бүтцийг бий зэрэг цогц үйл ажиллагааг судалгаатай хийх шаардлагатай гэдэг тодорхой байна.

 

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын өмнө өргөх “цагаан туг” надад байхгүй, харин нээлтэй Улаанбаатар, авлигагүй Улаанбаатар, түгжрэлгүй Улаанбаатар, бохирдолгүй Улаанбаатар, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдардаг, ажилтай, орлоготой Улаанбаатарын төлөө цаг зуурын хүндхэн сорилттой нүүр тулахад бэлэн байна. Улаанбаатарын шинэ сэргэлтэд Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн бүх шатны байгуулага, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдын Хурал, иргэдийн дэмжлэг ус, агаар мэт хэрэгтэй байна.

Холбоотой мэдээ