Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас виз мэдүүлэхэд шаардлагатай лавлагаа, мэдээллээ тухайн виз мэдүүлгийн үйлчилгээний байгууллагаас авах боломжийг бүрдүүллээ. Тухайлбал, иргэн та төрийн байгууллага руу явахгүй “E-Mongolia” системээс лавлагаагаа авч үйлчилгээний байгууллагад өгдөг байсан бол үйлчилгээний байгууллага таны зөвшөөрлөөр таны мэдээллийг өөрсдөө ХУР системээс бүрдүүлнэ. Тус систем нь иргэнийг таньж, баталгаажуулах, үйлчилгээний байгууллага иргэний мэдээлэлд хандахдаа иргэнээс цахимаар зөвшөөрөл авах технологийн шийдэл юм.
Энэ хүрээнд өнөөдөр БНСУ-ын виз мэдүүлгийн үйлчилгээний байгууллага болох “Chingiss journey” ХХК-д Lavlagaa.e-mongolia.mn системийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хялбар, шуурхай үзүүлэх нөхцөлийг төр, хувийн хэвшил хамтран бий болгож байна. Ингэснээр иргэд аливаа улсын виз мэдүүлэхдээ өөр тийш явж, түгжрэлд орж, дараалалд зогсон цаг алдахгүй юм. Өнөөдрийн байдлаар Монголчуудын хамгийн их виз мэдүүлдэг БНСУ, Шингений улсууд болон бусад виз мэдүүлгийн газруудын бүрдүүлэх материалд ямар төрлийн визны ангилалаас шалтгаалаад дараах найман төрлийн лавлагаа, тодорхойлолтыг шаарддаг. Үүнд: Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолооны үнэмлэх сунгалт, иргэний үнэмлэх, төрсний бүртгэл, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, Шинжилгээний хариу авах зэрэг багтаж байна.
0 cэтгэгдэлтэй