Жуулчдын богцыг онгойлгох түлхүүр “GO MONGOLIA”

2024-01-05 613 0

Аялал жуулчлал бол онцгой салбар. Энэ салбарыг ойлгож, түлхүүрийг нь олж чадвал туйлын сонирхолтой. Үүргэвч үүрсэн бүхнийг зөв хөтөлж чадвал эдийн засаг амархан тэнхээрч, иргэдийн амьжиргаа, хөдөлмөр эрхлэх чадвар өндийдөг шидтэй. Үл ойшоовол тамын тогоо. Ёстой л нөгөө “Унжиж байхаар унаад ирдэг ч болоосой” гэмээр аазгай хөдөлгөм. Зоригтой шийдээд, том амбийцлаад, бодлогоор “зодож” чадвал жуулчдыг ус мэт урсгаж, ам.долларыг эдийн засагтаа шингээж болдгийг өнгөрсөн оны “Welcome to Mongolia” аялал жуулчлалын жилийн хүрээний гадаад, дотоод бодлого, үйл хэрэг бэлхэн харуулсныг үгүйсгэх хүн үгүй биз ээ.

Монгол бол жуулчдын өлгий нутаг байх бүрэн боломжтой бүс нутаг гэдгийг чамлахааргүй хэмжээнд нотоллоо.  Өнгөрсөн онд бид 600 мянга гаруй жуулчин хүлээн авч тэрбум ам.доллар буюу 3.8 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн гэдгийг салбарын яамнаас мэдээлсэн.

Түүх соёлоо бодсон ч, газар нутаг, байгаль цаг уур, геополитик, ард түмэн, үндэстний өв соёлын ялгамжтай байдлаараа бид онцгойг улс төрийн хүрээнд өрнөсөн олон олон зочдын айлчлал, Монголыг зорьсон гаднын инфлюнсерүүдийн цуваа, дэлхийн кино урлаг, урлаг соёлын одуудын хөл хөдөлгөөн хангалттай харууллаа. Монголын төр, салбарын яамаа тун чиг боломжийн дэмжиж, чамбай сайн бодлого, хөтөлбөрүүд боловсруулж, хэрэгжүүлэх шатныхан онц гойд ажилласныг үгүйсгэж боломгүй.

Сайн бодлого, дэмжлэгийн үр дүнд сайн ажил үйл хэрэг болдог. Бодлого үйл хэрэг болсноор Монголчууд жуулчдынхаа хөлд дарагдаж, дэлхий рүү бидний нэр сайн сайхнаар тодорч, олон олон хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, улс төрийн хэлэлцээрүүд үргэлжиллээ.

Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбараа эрчимтэй урагшлуулж чадвал бусад салбар нь хүссэн ч эс хүссэн ч өөд татагддаг гэх тогтолцооны шууд хамаарлыг бид харж байна.

2023 онд  “Welcome to Mongolia” хэмээн уриагаа тодорхойлж, нэг сая жуулчин авна хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ том амбийцалж, хэлснээ хэрэгжүүлэхийн тулд визний нөхцөлийг уян хатан болгож сулруулсан. Өөрөөр хэлбэл, визийн шаардлагаас чөлөөлөх улсын тоог 34-өөр нэмж, 61 болгосон. Улмаар Монголд аялах зорилгоор 30 хүртэл хоногоор ирэх Европын холбооны орнуудын иргэдээс авдаг байсан хураамжийг тэглэж, визгүй болгосон юм. Жуулчдад чирэгдэлгүй байх тооцооллыг маш сайн хийсний үндсэн дээр 99 орны иргэдэд цахимаар виз олгож буй нь жуулчдад хүндрэлгүй, таатай нөхцөл бүрдүүлсэн гэдгийг энд онцлох нь зүйтэй билээ. Эдгээрээс гадна, 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан “Монголын эдийн засгийн форум”-ыг “Шинэ ирээдүй-Шинэ боломж” сэдвийн хүрээнд өнгөрөгч долоодугаар сард зохион байгуулсан. Гадаад дотоодын төлөөлөгчдийг цуглуулж, Засгийн газар аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээр зарлаж буйгаа илэрхийлсэн нь энэ салбарын сэргэлтэд чухал нөлөө үзүүлсэн үйл явдал болсон. Өнгөрөгч аравдугаар сард Их цайны зам буюу БНХАУ, ОХУ болон Монголын хамтарсан Торгоны замын хэлэлцээрийг хийсэн нь аялал жуулчлалын ирээдүйд том хаалгыг нээсэн гэдгийг тухайн үедээ салбарынхан, Ерөнхий сайд онцолж байлаа.

2024 онд жуулчдын богцыг онгойлгох түлхүүр нь “GoMongolia”. Энэхүү түлхүүр үг нь “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээх цогц утгыг илэрхийлнэ.

Холбоотой мэдээ