МАЛЧДЫГ ЦАЛИНТАЙ БОЛГОЁ

2024-03-11 490 2
Улаанбаатарт цас ханзарч, хаа сайгүй шалбааг туучиж байна. Нар наашилсан энэ өдрүүдэд хөдөө орон нутаг, тэр тусмаа зудын нөхцөл байдал хүндэрсэн аймаг, сумдад нөхцөл байдал дээрдсэнгүй, цаашид ч дордоно. Малчид уг нь өвлийг өнтэй даваад хаврын хуйсагануур урт өдрүүдээс л айдаг байв. Гэтэл зуд турхан гэгч ШИЛЭН, ТӨМӨР гэгчлэн элдэв нэршлээрээ нүүрлэж, монголчууд хаврыг ихээхэн гарзтай барах нь ээ.
Энэ янзаараа тавдугаар сарыг хүртэл нөхцөл байдал дээрдэхгүй нь бололтой.
Монгол Улсын Засгийн газраас малчдадаа туслах аяныг шат дараатай зохион байгуулж, гадны орнууд ч тусламжийн гараа сунгаж байгаа энэ өдрүүдэд иргэнийхээ хувьд “Мал аж ахуйн салбарт бодлогын реформ хийхгүй бол Монгол Улс цаашид мал, малчин хоёроо байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө үгүй хийх нь ээ гэх эмзэглэл эрхгүй төрж байна.
Нэг хэсэг нь энэ зудын гамшгийг “Байгалийн цэвэрлэгээ” гэж хүлээж авч байгаа бол нөгөө хэсэг нь шинжлэх ухаанчаар мал аж ахуйг хөгжүүлэх нь зүйтэй гэцгээж байна.
Ер нь бол хөдөөд хэн мал маллаж байгаа вэ. Дийлэнх нь өндөр настнууд. Багахан хувьд нь 35-45 насныхан бий. Буйд хөдөөгийн эзэн болж, буянт малын үүлдэр угсааг таслахгүйг хичээж яваа залууст нь эхнэр, хөгшидөд нь халамж анхаарал ч олдохоо байсан гашуун үнэнийг бид мэддэг. Тэгвэл одоо яах вэ.
МАЛЧДЫГ ЦАЛИНТАЙ БОЛГОЁ.
Малаа маллаж байгаагийнх нь төлөө тэднийг цалин орлогоор дэмжье. Цалинтай малчин байхын тулд тодорхой шаардлага тавъя. Их дээд сургууль төгссөн байх, малынхаа ашиг шимийг нэмэгдүүлсэн байх, үүлдэр угсааг сайжруулах, хоршоо ч юм уу нэгдлийн зарчмаар малынхаа түүхий эдийг боловсруулах төсөл арга хэмжээг санаачлан боловсруулах зэрэг хөдөлмөр, инновац шингэсэн тодорхой шаардлага, нөхцөлийг заавал тавъя.
Номыг нь үзсэн залуус тоонд шунах уу, чанарт шүтэх үү гэдгээ өөрсдөө мэддэг болно. Дээд сургууль төгссөн, цалинтай, малч залуус газрын мухарт хаягдаж, охидод гологддог байдал алсарна. Залуу малчдын арми бий болгож байж мал аж ахуйн салбар өндийнө.
Мал, малчин хоёрыг уулынх нь мунхарт хаясны гайгаар түүхий эд нь хог болж, бэлчээрийн даац хэтэрч, эцэстээ хашаа хороогоо ч олигтойхон бариад өвлийг давах чадалтай малчин цөөрч байна.
Мал малчин хоёр өвөл, хавартаа царигтай байхын үндэс нь хашаа саравч, өтөг бууц, өвс тэжээлээ хангалттай базааж, бэлдсэн байх нөр ажиллагаанаас хамаардаг аа. Гэтэл өвгөн малчдад туршлага, ухаан бий ч чадал тэнхээ хомс. Тэгэхээр залуу малчдыг дэмжье гэвэл мал аж ахуйн салбарт бодлогын реформ хийх цаг нэгэнт болжээ. Энэ мэт бодлого ярихгүй л бол мянгат малчин хятадууд хойморт тухлаж, Монгол залуус малчныг нь хийж, хатавчинд суух цаг ойрхон боллоо.

Холбоотой мэдээ