Ер нь бол 1992 оноос хойших найман удаа УИХ-ын сонгуулийг нийтээрээ ингэтэл анхаарч байгаагүй юм. Тэгвэл УИХ-ын энэ удаагийн сонгуулийг урьд урьдынхаас илүүгээр анхаарч байгаа нь харагдлаа. СЕХ-нд бүртгүүлж, оролцох эрхээ авсан намууд УИХ-ын 13 тойрогт өрсөлдөх 78, жагсаалтад бичигдэх 48 хүний нэрсийг уржигдар тодруулах үеэр л гэхэд намууд хэн хэнийг жагсаалтад бичиж, хэн хэнийг тойрогт өрсөлдүүлэхийг ихэд няхуур ажиглаж байгаа нь анзаарагдав.
Намуудын нэр дэвшүүлэх ажиллагаа 2024 оны тавдугаар сарын 20-ны өдөртөө багтаж дуусахаар хуульчилсан. Олны анхаарал сонирхлыг ихээр татсан нэр дэвшигчдийн нэрс нам бүрээсээ л өрсөлдөөн, тэмцэл дундаас гарч ирэх шиг боллоо. Тэр нэрс өчигдрийн гол сэдэв байв.
Тухайлбал, МАН-ын нэр дэвшүүлэх ажиллагааны талаар багагүй яриа болж байна. Тус нам түүхэндээ ийм “эвгүй” нэр дэвшүүлэх ажиллагаа явуулж байгаа юм. Намуудын нэр дэвшүүлэх ажиллагааны өмнөх дүр зургаар бол МАН-ын гэсэн бараг бүх улстөрч тойрог, эсвэл жагсаалт яриад л давхиад байсан. УИХ-ын 126 суудал яаж хүрэлцэнэ дээ гэмээр л байв. Гэхдээ хэзээнээсээ “хайрцаг сайтай” МАН-ын нэр дэвшигчид ч гишүүдийнхээ улс төрийн нөлөө, туршлагад дулдуйдан тодорч ирсэн. Ялангуяа намын жагсаалт бол том улстөрчдийнх нь болдог “дүрэм”-тэй. Тэд л нэр дэвших биз гэсэн хүлээлт байв. Гэтэл энэ удаад МАН-аас Г.Лувсанжамц, М.Энхцэцэг, Ч.Анар, О.Саранчулуун, Д.Рэгдэл, Д.Ганмаа, С.Эрдэнэбат, М.Мандхай, Д.Энхтүвшин, Б.Уянга, Ж.Галбадрах, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Б.Хэрлэн, Д.Бум-Очир, О.Номинчимэг, С.Зулпхар, Х.Баасанжаргал, Г.Ганбаяр, С.Мөнгөнчимэг, П.Баттөр, Б.Солонгоо, Ч.Лодойравсал, Н.Баярчимэг, Б.Дөлгөөн, А.Адилбиш, С.Далхаасүрэн, Ч.Болортуяа, Г.Баярхүү, Д.Бумдарь, Д.Алтанхуяг, П.Цолмон, Т.Сайнжаргал, Б.Юмжирмаа, М.Найданхүү, А.Энхзул, П.Бодьсайхан, Б.Нандин-Эрдэнэ, Т.Алтансүх, М.Мөнхчулуун, М.Батзориг, Д.Энхжаргал, Ц.Сүхбаатар, Х.Оюунцэцэг, Ч.Энхболд, Б.Гүнжинлхам, Н.Жавхлан, Б.Оюун-Эрдэнэ нарын 48 хүн жагсаалтаар “нэр дэвшүүлсэн” талаараа зарлалаа. Тэдний нэрийг СЕХ-нд илгээгээд байна. Харин эдгээр нэр МАН-ын уламжлалт, тийм ч тайван замаар тодроогүй талаар улс төрийн хүрээнд ярьж байна.
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр тус намын дарга Л .Оюун-Эрдэнэ “Намын жагсаалтын эхний хэсэгт экспертүүдийг урина. Хоёр дахь хэсгийг түншлэлд зориулна. Гурав дахь хэсгээр шинэ үеийн залуусыг оруулж ирнэ” гээд дээрх 48 хүний нэрийг танилцуулжээ.
Энэ нь мэдээж Удирдах зөвлөлийн олон хүнд таалагдаагүй байна. Намын жагсаалтад орох гавьяатай, эрхтэй олон гишүүн байгааг Удирдах зөвлөлийн зарим гишүүн хэлсэн байна… Гэсэн ч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ залгуулаад 13 тойрогт нэр дэвших 78 хүнийг танилцуулжээ. Тэр нэрс дунд олон сонгуульд “ногоон гэрэл”-ээр орж ирж байсан намын тулхтай, туршлагатай гишүүдийг дурдсангүй, хассан байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн, олимпийн сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Нийслэлийн Засаг дарга асан, Нийслэлийн МАН-ын дарга асан Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарт тойрог хуваарилаагүй байгаа юм.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэдэнд “Би та бүхнийг чин сэтгэлээсээ хүндэтгэдэг. Гэхдээ зарчим тогтоохын төлөө хүйтэн, прагматик хандахаас өөр сонголт байсангүй” хэмээжээ. Намын даргынхаа энэ “сонголт”-ыг лав УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд, УИХ-ын гишүүн, Олимпизмын сайд Б.Бат-Эрдэнэ нар ойлгож хүлээж авч байгаагаа илэрхийлжээ.
Улмаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цааш нь “Энэ бол миний МАН-ын даргын хувьд нэр дэвшүүлж байгаа анхны сонгууль юм. Намын жагсаалтаа гурван инженерт өгч байна. Би тойрогт нэр дэвшинэ. Энэ тохиолдолд надтай хамт бүх тойрогт улстөрчид нэр дэвшиж өрсөлдөнө. Намын жагсаалт, тойрогт нэр дэвшүүлэх нэрсийн тухайд миний бие “Шинэ 30 жил”-ийг эхлүүлэх гэж ийм сонголтыг хийсэн.Үндсэн хууль ч ингэж байж амилна. Хэрвээ энэ бодлого дэмжигдэхгүй бол би сонгууль удирдаж орох боломжгүй болно. Тийм тохиолдолд ёс зүйн хувьд огцроход бэлэн байна” гэсэн байна. Харин МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал нь П.Оюун-Эрдэнийн саналыг дэмжиж, 126 нэр дэвшигчийг батлан, нэрсийг СЕХ-нд хүргүүлсэн байна.
Ө.БААСТ
0 cэтгэгдэлтэй