Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоох аргачлалыг батлав

2021-02-23 583 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг зургадугаар сарын 09-ний өдрийн Лхагва гарагт явуулахаар УИХ-аас товлон зарласан.

Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний аудитын газартай хамтран сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох аргачлалыг баталлаа.

Аргачлал батлагдсанаар Үндэсний аудитын газраас нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох юм. Нам, эвсэл, нэр дэвшигчид нь тогтоосон зардлын дээд хэмжээнд багтааж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод тайлбарлан таниулах, сурталчлах ажлаа зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад сонгогч өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэлтэй нийт сонгогчдын мэдээлэлтэй танилцах, сонгогчийн санал авах ажиллагаа дууссаны дараа сонгуулийн бүх хэсэгт хяналтын тооллого хийх, санал авах байранд санал авах үеийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор хяналтын камер байрлуулах, сонгуульд оролцож саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээ хийх зэрэг онцлог зохицуулалтууд тусгагдсан юм.

Сонгуулийн санал авах байрны хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, хяналтын тооллогын ажиллагааг баримтжуулах зорилгоор байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах, камерын бичлэгийг хадгалах, хамгаалах, устгахтай холбоотой харилцааг зохицуулсан “Санал авах байранд байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгах журам”-ыг Сонгуулийн ерөнхий хороо Цагдаагийн ерөнхий газартай хамтран баталлаа.

Санал авах байранд суурилуулах хяналтын камерын, дуу-дүрсний мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах боломжтой дүрс бичлэгийн техник, хэрэгсэл нь Монгол Улсын стандарт MNS6423:2019 “Телехяналтын системийн техникийн ерөнхий шаардлага”-ыг хангасан байх шаардлагыг журамд тусгажээ.

Холбоотой мэдээ