Мэргэн бууч гэж онлайн нэртэй хүний Sina.com блог дээр бичсэн тэмдэглэл
Онгоц Бээжингийн нисэх буудалд газардлаа. Гэвч алс умардад орших эртний хот суурин Улаанбаатар миний санаанаас гардаггүй. Анх Монгол Улсын Улаанбаатар гэдэг хотод албаны шугамаар аялах болсноо мэдээд би цочирдож билээ. Тэр хоцрогдсон улсад юугаа хийнэ ээ? Түүхэндээ манай улсын нэг хэсэг байсан юм байна. Тус улсад компаниуд хөрөнгө оруулахад ашигтай юу?
Манай компанийн дээд удирдлага Монголд очиж үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг судлах нь зөв гэсэн шийдвэр гаргаад, би хамт аялахаар томилогдов. Хөдлөхийн урьдаар бэлтгэлээ нэлээд базаав. Онлайн мэдээ сэлт ухаж, найз нөхдөөсөө асууж сонирхов. Интернэтийн мэдээлэл болон бусдын аман яриагаар олж дуулснаар Монгол нь Хятадын нэг хэсэг байсан болон байх учиртай, эсвэл монголчууд хятадуудад дургүй гэсэн л маягийн юмнууд байлаа.
Гайхаш төрүүлсэн зүйл бол тус улс газар доороо баялаг ихтэй тухай яриа юм. Ийм баялагтай улс тансаг биш юм гэхэд хангалуун амьдрах учиртай улс. Гэтэл ийм их байгалийн баялагтай атлаа яагаад тийм хоцрогдсон байдагт би гайхаж эхэллээ. “Монголчууд алтан дээр суусан гуйлгачин улс” гэсэн үгийг ч мөн олж дуулав. Яагаад гэдэг асуулт урган гарч, очиж хариулт олох сонирхол төрөв.
2014 оны долдугаар сарын 15-нд нийт долоон хүнтэй манай аяллын баг Улаанбаатар хотын Чингис Хаан нисэх буудалд газардав. Би гадаад улс руу аялаад байна уу үгүй юу гэсэн гайхшрал миний анхны мэдрэмж байв. Учир нь аялсан онгоцон дахь европ болон америк зорчигчдыг эс тооцвол бусад нь бараг тэр чигээрээ хятадууд байв. Зарим нэг нь монгол хүмүүс байсан байх. Гэхдээ царай зүсээр нь би ялгаж чадсангүй.
Нисэх буудлаас хотын төв рүү машинаар явахдаа дагуу өнгөрөх өвс ногоотой талбай болон барилга байшингуудыг ажиглаж явлаа. Энэ газар орон үнэхээр хоцрогдсон байх юм.
Бид Бээжинд найман жил сурч боловсорсон, миний насны залууг олж, хэлмэрчээр сонгоод байв. Харилцан ярилцсаны эцэст түүний хятад хэлний мэдлэг ур чадварын сайныг би гайхав. Энэ залуугийн ур чадвар нь “Хятад мастер Дашаан”-с дутахгүй юм гээч.
Манай компани үл хөдлөхийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, гадаад зах зээлд хүчээ үзэх зорилготой. Энэ удаагийн судалгаа ажиглалтын зорилго нь Улаанбаатар дахь үл хөдлөхийн зах зээлийг тандах байв. Үнэнийг хэлэхэд, эндхийн дотоодын үл хөдлөхийн ажил нарийн төвөгтэй аж. Бид яг л төхөөрүүлэх гэж байгаа хонь хурга шиг, хэдийд ямар өөрчлөлт гарахыг огт мэдэхгүй нүдэн балай хүмүүс байв.
Дашрамд дурдахад, Улаанбаатар нь Монгол Улсын нийслэл бөгөөд хамгийн том хот. Улсын хүн амын бараг тал нь энд цуглажээ. Хот тэр чигээрээ маш хоцрогдсон өнгө төрхтэй байгаа нь миний анхны мэдрэмж байсан. Цөөн хэдэн шил толь болсон өндөр барилга төв хэсгээр байдаг ч бусад хэсэгт хуучны буюу Зөвлөлтийн үеийн байшингууд зонхилно.
Аялал, ажиглалтын явцад би тус хотын талаар мэдэж эхэллээ. Анх дуулсан мэдээлэл дээрхээс огт өөр, бүр эсрэгээрээ болохыг мэдэж авсан юм. Монголчуудын дийлэнх нь ядуу тарчиг биш харин ч мөнгөтэй юм.
Hummer жийп болон Lexus унаа тэрэг хаа сайгүй. Хүмүүсийн өмсөж зүүсэн нь загварлаг бөгөөд ялангуяа охид эмэгтэйчүүд нь их ганган дэгжин. Байгаа байдлыг нь ажаад бараг л бүгд “монгол ноёд хатад” юм биш үү гэсэн бодол төрсөн шүү. Хүмүүсийн аж амьдрал илүү боломжийн бөгөөд хувцас болон хэрэглээний чадамжтай, загвар хийц хүртэл анхаардаг түвшинд очсон газар болж таарав.
Орчуулагч хөтөч маань Улаанбаатарыг нэвт шувт дагуулж үзүүлсэн юм. Яг л 20 жилийн өмнөх Шанхай хот шиг, ялангуяа үл хөдлөхийн зах зээл дөнгөж эхэлж байна. Тус улсын эдийн засаг бойжиж эхэлж байна, тийм болохоор үл хөдлөх ч мөн эхэлж байна. Эндэхийн үл хөдлөхийн цаашдын төлөв нь ирэх хэдхэн жил, бараг 10 жилийн хугацаанд Хятадын Шанхайтай адил хөгжих болов уу.
Байгаа байдал, онцгой дүр төрхийн хувьд Дубайтай адил гэж хэлж болох юм. Дубай яах ч аргагүй Монголтой тун төстэй юм гээч. Аль аль нь нүүдэлчин ахуйтай улс. Хүн ам сийрэг, байгалийн баялгийн арвин нөөцтэй. Мөн Дубайн үл хөдлөх нь том том төслөөр босч ирдэг.
Монголын талаар мэдээ нэмж уншиж, судаллаа. Таван Толгой гэх дэлхийн хамгийн том нүүрсний орд газрын нөөцийн үнэлгээ ГУРВАН ИХ НАЯД АМ.ДОЛЛАР юм гэнэ шүү! Оюутолгой гэх Чили улсын орд газрын дараа буюу дэлхийд хоёрт ордог том зэсийн орд юм байна. Уурхай ажиллагаанд ороход тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн гурваны нэгээр буюу 30 гаруй хувиар өснө! Эрдэнэтийн зэсийн уурхай нь Азидаа хамгийн том бөгөөд дэлхийн эхний гурван том уурхайн нэг юм байна!
Хэрэв тус улс энэ хурдаараа хөгжвөл нэг хүнд ногдох ДБН 2020 онд 125,000 ам.доллар болно гэж зарим хүмүүс таамагласан байна гээд боддоо!
Энэ их мөнгө гуравхан сая хүнтэй улсад асар их эд баялаг авчрах нь байна! Өнөөдөр Улаанбаатар хотод шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ ханш ердөө 1500 ам. доллар байгаа юм. Шанхай хоттой жишиж үзэхэд л одоогийн энэ үнэ ханш хэд дахин өсөх бол? Гайхмаар байгаа биз? Хэрэв та 2000 оны Шанхайн үл хөдлөхийн шуургыг мэдээгүй өнгөрсөн бол одоогийн Улаанбаатар хотын үл хөдлөхийн үнэ ханшийг сонсоод сонирхол тань хөдлөх нь мэдээж.
Ажлын явцад байнга л гайхаж явав. Улаанбаатарын төвд Солонгос мэргэжилтний оролцоотой баригдсан тансаг зэрэглэлийн орон сууцны ам метр талбайн ханш 9000 ам. доллар байхыг харлаа. Үүнээс ч гайхалтай нь тус орон сууцны 70 хувь нь хэдийнээ зарагдчихсан гээд бод!
Үүгээр дуусахгүй нь. Туул голын хөвөөн дээр сүндэрлэсэн, солонгосчуудын барьсан орон сууцны хоёр барилга байна. Тус бүр 250 ам метр талбай бүхий орон сууцны ам метр тутмын үнэ 20000 ам. доллар. Нийт үнэ нь таван сая ам. доллар гэх агаад бүгд зарагдчихсан гэвэл юу гэх вэ?
Ерөнхийдөө ам метр талбай нь 1500 ам. долларын дундаж үнэтэй орон сууцны барилгын ажлын тэн хагас нь эхлээ ч үгүй боловч зураг төсөл нь баталгаажсан даруйд зарагдаж байна. Хөрөнгө оруулалтаа ч бүтэн аваагүй байхад орон сууц эзэндээ оччихож байна гэсэн үг.
Монголчуудын худалдан авах чадвар ингэж намайг гайхшруулсан юм. Ийм байгаагийн учир шалтгаан бий. Орон сууцанд аж төрж эхлээд удаагүй учраас тус улсад үл хөдлөхийн зах зээлийн эрэлт ихсэж байна. Эдийн засаг өсч, хүмүүсийн орлого нэмэгдэхийн хэрээр орон сууцны хэрэгцээ шаардлага мөн өсч байна гэсэн үг. Дотоодын барилгын мэргэжлийн салбар нь худалдан авагчдын шаардлагад нийцсэн орон сууцыг барьж байгуулах туршлага байхгүй байна. Барилгын компаниудын хүмүүс Европт очоод ямар л бол ямар чамин тансаг эд агуурсыг авчирч байгаа ч гол нь үл хөдлөх хөрөнгө болсон барилгын чанар өөрөө хангалтгүй байна. Тийм болохоор барилгын салбарт гадаадын, туршлагатай компаниуд монголчуудад нэн шаардлагатай хүмүүс болжээ.
Одоогийн Улаанбаатар дахь орон сууцны үнэ ханш 45 хувиар өссөн байна. Дэлхий дээр хамгийн хурдтай өсч байгаа газар гэж би хэлэхгүй ч одоогийн бага хэмжээтэй эдийн засаг нь ирэх жилүүдэд энэ эрчээрээ өсвөл эндэхийн үл хөдлөхийн үнэ ханш цойлох нь бололтой.
Бидний 15 хоногийн ажиглалт судалгаа дууссан ч миний санаа амардаггүй ээ. Энэ улс бидэнд маш их боломж, эд баялгийг олгох юм байна гэдгийг эргэлзээгүй мэдэж авлаа.
Өнөөгийн Монгол гэдэг улсыг үнэн бодитоор таниулъя гэсэн зорилгоор би энэхүү тэмдэглэлийг та бүхэндээ татлав.
Салбартаа танигдсан олон компаниуд тус улсад хэдийнэ үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн, манай компани ч Монголын зах зээлд нэвтрэе гэж шийдсэн билээ. Тус улс хэрхэн дээшээ цойлж, Хятадын үл хөдлөхийн үлгэр домог мэт өсөлт хөгжилтийн түүхийг хэрхэн давтаж үзүүлж буйг харж, гэрч нь болно гэдэг гайхалтай.
Эх сурвалж: http://blog.sina.com.cn/s/blog_5d49c89e0102goiw.html
2014-01-28
0 cэтгэгдэлтэй