Нүүрсний сонсголын үргэлжлэлийг УТААНЫХ БОЛГОЁ, ЕРӨНХИЙ САЙД АА

2024-12-16 83 0

 

Амтай бүхэн утаа гэж хашхирч байна. Ард иргэдийн буруу биш ээ. Хоолой гашуун оргиж, нүд аргаж, хамар битүү, толгой өвдөж, огиудас хүрч, зарим үед нүд харанхуйлж буй шинж тэмдэг Улаанбаатарынханд насны ялгаагүй илэрч байна. Өвлийн эрч чангарах тусам эмнэлэгт нь хүүхэд нь багтахгүй, иргэдийнх нь амьдралд бухимдал тасрахгүй нь бололтой. Урхаг, учир шалтгаан нь утаа.

“Утааг бууруулахад” хэмээн төсөвлөж, элдэв төсөл, арга хэмжээ санаачлавч нөхцөл байдал дээрдэх нь бүү хэл дордсоор л. Багсайтал төсвийг нь гартаа барьчихаад, баттай хэрэгжүүлээд утаанаасаа салчих арга ухаан, хувилбар, санал санаачилгагүй суугаа эрдэмтэд, инженерүүд, төр дэх бодлого санаачлан батлагчдыг гайхах иргэд бүү хэл хүүхэд, багачууд олширч байна. Утаанд тэрбум тэрбумын төсөв батлахаас өөрөөр бодит хийж байгаа ажил байхгүй түшээдээс хариуцлага нэхэх нь иргэдийн зөв. Сүүлийн 10 жилийн утааг арилгах төсвийн хэмжээг харахад л уур бухимдал утаанаасаа ч илүүтэй дэвэрнэ.

Улаанбаатарынхан тэртээ 1990 оноос л утаатайгаа айлсаж, амьсгалж, улс төр хийх, утааг бууруулах нэрээр элдэв төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Үндэсний хороодыг байгуулах гол сэдэв болгожээ. Харамсалтай нь, утаа нь улам өтгөрч, эрлэгийн элч болж тэлсээр. Яг энэ олны бухимдлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх туйлын чадмаг мэдэрч, улс төр хийх, албан тушаалын шат ахих хэрэгсэл болгодог. Өнөөдөр ч сурсан энэ л зангаараа “цэргүүдээ” өмнөө суулгаж байгаад хэвлэлийнхний өмнө сэлэм эргүүлэв. Энэ бол Ерөнхийлөгчийн хамгийн сайн мэддэг мэх. Мэхт мэхэндээ гэгч л болчихгүй бол утаагаар улс төр хийгээд Ерөнхийлөгчийн сэнтийд амархан заларсан түүнд Монгол төрийн хаан болох хүслээ дахин бататгах давхар хүсэл бий нь ч нууц биш.

Сонин шүү. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг улс төрийн гол дүр болох бүрд сэдэв нь утаа болж, монголчууд тэр аяараа угаартдаг. Ерөнхийлөгч “утааг бууруул” гэсний маргаашнаас утаа бараг л арилж, ид шидийн гэмээр нөхцөл үүсдэг. Ингээд л хүсэл биелүүлэгч бурхан буугаад ирсэн мэт олноороо Ухнаагийн Хүрэлсүх гэх нэрийг тарни мэт амандаа цуглуулж хэлж, гайхашран биширсээр дээш залж, өргөж шидээд өнөөх өндөрт нь мандуулдаг. Энэ удаад ч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн Засгийн газрын сайдуудыг өмнөө суулгаж байгаад загнаж байгаа нь, нэг л танил технологи биш гэж үү. “Далд ор гэсэн газар далд орж, ил гар гэсэн газар ил гарч бай” хэмээдэг “Алтан загасны үлгэр”-ийн эмгэний хүсэл мэт дуусдаггүй Ерөнхийлөгчийн шуналыг утаатай нь хамт шүүе. Үүний тулд “Нүүрсний сонсгол”-ын үргэлжлэл болгож “Утааны сонсгол” хийе.

Утааны сонсгол хийвэл сайжруулсан гэх утаат түлшний орц, найрлага,үйлдвэрлэл, шаталтын процесс, шат дамжлага, түүхий эдийн нийлүүлэгч, угаартаж нас барсан иргэдийн ар гэрийнхний гомдол цөхрөл, утаанд зориулсан төсөв, бусад зээл тусламж, төсөв арга хэмжээ, утааг бууруулах чиглэлд ажилласан үе үеийн сайдуудыг иргэд мэдэж аваг.

Холбоотой мэдээ