“Экспресс хүнс” ХХК: “Т.Ананда 3 дугаар сарын 8-нд мэдэгдэл хийнэ”

2021-03-04 971 1

“Жаргалтай гэр бүл ЛУ-Ка-тай” майонезийн рекламд гэр бүлээрээ тоглосон дуучин Т.Дэлгэрмөрөн болон Т.Ананда нарын хувийн маргаан нь тогооноосоо хальж, сошиал орчинд ил гарч Монголоор нэг “цуурайтаад” байгаа билээ. Жаргалтай гэр бүлийг харуулсан рекламны гол дүрүүд бодит амьдрал дээр тэс эсрэгээрээ байгаа нь ЛУ-КА хүнсний брэндийн нэр хүндэд сэв суулгаж орхилоо. ЛУ-КА майонез гэхээр л “соёмбон толгойт, солонгон аашт” нар санаанд бууж, “жаргалтай гэр бүл ЛУ-КА-тай” хэмээх уриа ч эсрэг туйлыг зааж байгаа нь татвар төлж, ажлын байр нэмэгдүүлдэг бизнесийн нэр хүндэд сэв суулгасан хэрэг.

Энэ талаар ЛУ-КА брэндийн импортлогч “Хүнс Экспресс” ХХК-ийн маркетингийн албаны захирал А.Батхуяг “Хувийн асуудлаас нь болж манай брэндийн нэр хүнд яригдаад эхэлсэн гэдгийг Т.Анандад хэлсэн. Анандагийн зүгээс гуравдугаар сарын 8-нд мэдэгдэл хийхээ илэрхийлсэн” гэв.

“Хүнс экспресс” компанийн зүгээс шинэ жил, цагаан сарыг тохиолдуулан бүтээгдэхүүний борлуулалтаа нэмэгдүүлэх үүднээс Т.Анандатай хамтарч ажилласан бөгөөд хамтын ажиллагаа энэ оны нэгдүгээр сард дууссан аж. Гэхдээ Т.Анандагийн хөтөлдөг “Солонгон ааштын увидас” пэйж хуудас болон гэр бүлээрээ хамтдаа тоглосон рекламаар дамжуулж ЛУ-КА брэнд олон хүнд хүрсэн учраас Т.Анандаг ямар нэг арга хэмжээ авахыг шаардсан байна.

А.Батхуяг “Гаднын жишгийг дагавал бид хууль шүүх гээд явж болно. Ким Кардашиан нөхрөөсөө салахад ямар олон брэнд гэрээгээ цуцалж байна, Өмнөд Солонгост тамирчин охидын зүй бус үйлдэл ямар том асуудал үүсгэснийг бид харж байгаа. Гэхдээ Монголд одоохондоо олон улсын ийм жишиг байдаггүй учраас бид аль болох хүлээцтэй хандаж байгаа” гэв.

Холбоотой мэдээ