З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Эрдсийн салбарын эрдэмтдийг эмэгтэйчүүд манлайлж байна

2021-03-16 1050 0

Өнөөдөр болсон “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний III чуулганаар салбарын эрдэмтдийг эмэгтэйчүүд манлайлж буй тухай сонирхолтой илтгэлийг Үндэсний геологийн албаны дэд дарга, ерөнхий геологич Б.Уянга танилцуулав.

Тэрбээр сүүлийн 10 жилд эрдэс баялгийн салбарт монгол эрдэмтэд хэр зэрэг олон бүтээл олон улсын нэр хүндтэй сэтгүүлд нийтлүүлж, эшлүүлсэн талаарх өгөгдөлд дүн шинжилгээ хийсэн бөгөөд үр дүнд нь олон улсад монголыг төлөөлж буй нэр нөлөө бүхий 76 эрдэмтний 48 буюу 63 хувь нь эмэгтэйчүүд байгааг илрүүлжээ.

Олон улсын Dimensions өгөгдлийн сангийн мэдээллээр 2011-2021 онд Монголоос нийт 5377 эрдэм шинжилгээний бүтээл олон улсад нийтлэгдсэн байна. Салбарын ангиллаар харвал эрдэс баялгийн салбарт дөрөвдүгээрт бичигдэж байгаа бөгөөд нийт 567 эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлжээ. Эдгээрийн дийлэнх нь геологи, палентеологи, геохими зэрэг суурь шинжлэх ухааны бүтээлүүд байгааг Б.Уянга илтгэлдээ онцолсон.

Сонирхолтой нь сүүлийн жилүүдэд монгол эрдэмтдийн бүтээлээс эшлэсэн тоо эрс өсөж буй бөгөөд 2020 оны байдлаар эшлэсэн тохиолдол мянга давсан байна.

Бүтээлийн үнэ цэнийг илэрхийлэгч холбоо баригч зохиогчоор 76 монгол эрдэмтэн байгаа бөгөөд үүний 31 нь ШУА, 21 нь ШУТИС, 14 нь МУИС, үлдсэн нь бусад байгууллагад харъяалалтай эрдэмтэд ажээ.

Харин санхүүжилтийн хувьд Японы Шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгийн оролцоо хавь өндөр байдаг байна. Мөн Европын комисс, Европын судалгааны консул, Хятадын шинжлэх ухааны академи болон Германы хэд хэдэн судалгаа, шинжилгээ, боловсролын байгууллагын дэмжлэгтэй бүтээлүүд олон улсад хэвлэгджээ.

Эмэгтэйчүүд эрдэс баялгийн салбар дахь хүчтэй манлайллаараа бусад салбарыг ч гэсэн дэмжиж, хамтарч ажиллах хэрэгцээ өндөр байгааг ерөнхий геологич Б.Уянга хэлж байна. Өөрөөр хэлбэл, эрдэм шинжилгээ, судалгааны талбарт бусад салбарын эмэгтэйчүүдийг манлайлах боломж эрдэс баялгийн эрдэмтэн бүсгүйчүүдэд давуу байгаа аж. Бас эдгээр эрдэм шинжилгээний бүтээлээ энгийн иргэд, олон нийтэд зориулан хялбаршуулсан байдлаар цахим орчинд зориулсан контент үйлдвэрлэх боломж ч байгааг тэрбээр онцолсон. Эцэст нь, International journal of Mining Science and Technology, Economic Geology, Journal of mining science зэрэг олон улсын хамгийн нэр хүндтэй салбарын сэтгүүлд бүтээлээ нийтлүүлсэн анхны монгол эрдэмтэд болохыг эмэгтэйчүүддээ уриаллаа.

Холбоотой мэдээ