Уул шиг аавыгаа түшээд эрхэлж суугаа заяа бүхэн бүтэн байг

2021-03-18 1355 0

Гадаа нар ээсэн хаврын сайхан энэ өдөр энхийн цагт дайнаас илүү хохиролтой, гунигтай, хэлмэгдэлтийн шуургыг өөрийн биеээр туулж бас сөрж чадсан 88 настай буурай Н.Гомбосүрэн гуайг зорин очиж хөөрөлдлөө.

-Сайн байна уу Гомбосүрэн гуай?

-Сайн. Сайн байна

-Та сайхан хаваржиж байна уу?

-Сайхан хүү минь. Сайхан хаваржиж байна уу?

-Сайхаан. Та минь нас сүүдэр хэд хүрч байна вэ?

-Би ч одоо ерэн нас шахаж явна даа.

-Аль нутгийн хүн вэ та?

-Би Төв аймгийн Эрдэнэ сумын хүн дээ. Эрдэнэ сумын Баруун Байдраг гэдэг газар төрсөн.

-Нутаг усандаа хэзээ сүүлд очоо вэ?

-Хоёр жилийн өмнө хүү минь амьд сэрүүн байхдаа аавдаа нутаг усыг нь нэг үзүүлье гээд очсон.

-Та үр хүүхэд, ач гуч нараа тойруулаад амгалан амьдарч яваа аав байна. Өнөөдөр цэрэг эрсийн, аав нарын баярын өдөр. Хоёулаа ааваа нэг дурсах уу?

-Бололгүй яах вэ. Тэгье.

-Аав нь ямар хүн байсан вэ?

-Миний аав Төв аймгийн Эрдэнэ сумын Баруун Байдраг гэдэг газар төрсөн лам хүн байсан. Би айлын ганц хүү. Ээж аав гурвуулаа амьдардаг байсан. Аав минь хэлмэгдсэн хүн дээ. Би 3-4 настай байсан боловуу даа. Аавынхаа өвөрт дандаа унтдаг хүүхэд байсан.

Тэр нэг өдөр орой ч байсан бил үү, сайн санахгүй байна, аавтайгаа унтаж байтал хоёр буутай хүн орж ирээд аавыг минь аваад явсан. Аав минь “Аав нь дахиж ирэхгүй байх даа. Миний хүү сайн хүн болоорой” гээд намайг үнсээд явсан. Маргааш нь дахиж ирээд мал ахуйг маань юу ч үлдээлгүй хураагаад аваад явсан. Тэд аавыг минь авч явсан өдрийнхөө маргааш амийг нь хороосныг сүүлд мэдсэн. Тэр цагаас хойш би эсэргүүний хүүхэд гэгдэх болсон доо.

-Ээж нь яасан бэ?

-Ээж минь бас сураггүй алга болсон. Яасныг одоо ч мэдээгүй. Аавыг өнгөрсний дараа, барагцаалвал сарын дараа ээж гэнэт алга болсон доо. Нэг л өдөр хүүдээ хүрээд ирэх болов уу гээд зөндөө харуулдаж хүлээсэн дээ.

-Ээжийгээ хайж эрж үзсэн үү?

-Том болоод галзуугийн эмнэлэгээс эхлээд хөдөө хотгүй хаа сайгүй, байж болох бүх газраар хайж явсан. Адилхан харагдсан хүн болгоныг харуулдаж явлаа. Ээж минь олдоогүй юм даа (санаа алдав).

-Аав нь хэлмэгдээд явчихсан. Ээж тань алга болчихсон. Өөрөө хүүхэд байсан. Яажшуухан амьдарч байв даа?

-Таньдаг ах дүүгээ бараадаж, нутаг усны айлуудаа хэсээд л амьдардаг байсан. Зарим сайн санаатай хүмүүс овоо оруулж гаргаад хоол өгдөг байсан. Би хонийг нь хариулаад өгчихнө, ойр зуурт нь зарагдчихна. Тэгээд л надад хоол цай өгнө. Хувцас цоорчихвал нөхөөд өгнө. Хааяадаа гайгүй шиг дээл хувцасаа бас  өгнөө. Харин санаа муутай зарим нь эсэргүүний хүүхэд гэж ад шоо үзнэ. Эсэргүүний хүүхэд гээд сургуульд ч суулгаагүй.

-Та тэгээд хэзээ бичиг үсэг сурсан бэ?

-Сүүлд сурсан. Нацагдорж гээд манай нутгийн хүн хөдөө ажлаар явахдаа надтай таарч  хотод дагуулж ирээд, намайг Санхүүгийн техникумд оруулж өгсөн. Юу юу ч үгүй байгаа надад аз дайрсан юм уу даа. Өнчин гэдэг “нэртэй” намайг сургуулиас хувцас хунараар өгдөг байсан.

-Та аавынхаа царайг санадаг уу?

-Аав минь ихээ өндөр, их сайхан шүдтэй нэг их олон үггүй, даруухан хүн байсаан. Нэг ярьвал нэлээд ширүүн, чи ингэж болохгүй тэгж болохгүй гэдэг. Ааваас минь дандаа л арц хүж үнэртэж явдаг байсан.

-Ээж нь ямар хүн байв?

-Дуу цөөтэй, аав л юу гэж хэлнэ аавын хэлснээр явдаг хүн байсан.

-Ийжийгээ их санадаг байсан уу?

-Санаандаа их боддог байлаа. Анхандаа, намайг хөтлөөд явахгүй яагаад орхиод явсаныг нь ойлгодоггүй байлаа. Сүүлд бодохнээ нөхөр нь эсэргүү гээд буудуулчихсан, хамаг мал хөрөнгийг нь хураагаад авчихсан, юу юу ч үгүй хөөрхий ээж минь эсэргүүний ар гэрийг хавчин гадуурхдаг тэр хэцүү нийгэмд ганц хүүгээ амьд үлдээх гэж өөрийгөө золиослон байж явсан юм болов уу гэж боддог. Сүүлд манай хүүхдүүд бичиг баримт хөөцөлдөөд явахдаа ээж минь нэрээ сольсон байсныг олж мэдсэн.

Нээрээ ингээд ярьсан чинь одоо санаанд орж байна. Би 50 дугаар дэлгүүрт худалдагч байсан юм. Нэг өдөр ээжтэй минь адилхан хүн ороод ирсэн. Би хараад л байсан, ээж минь лангуу тойрч явснаа миний урд ирээд юм авах гэснээ намайг харангуутаа буцаад тэр чигээрээ гүйхээрээ гараад явчихсан. Би араас нь гүйгээд булан тойроод хартал байгаагүй, би олоогүй. Мэгэд нэг газраас намайг нууцаар харж байгаад цааш явсан байх.

-Та ээжийгээ л гэж бодсон уу?

-Ээжтэй их адилхан. Миний ээж мөн байсан. Дахиж хараагүй. Дараа нь бодоход ээж минь намайг сайн сайхан явааг минь хараад амьд яваг гээд зугатсан байх гэж сэтгэлээ хуурдаг. Ээжийгээ сайхнаар боддог. Ээждээ хэзээ ч гомдож яваагүй. Ер нь аавдаа ч, ээждээ ч гомдож үзээгүй.

-Ажлынхаа гарааг хаанаас эхэлсэн бэ?

-Сэлэнгэ аймгийн мод боловсруулах үйлдвэрээс эхтэй. Би хотод орж ирээд бичиг баримт ч үгүй, ажилгүй байж байтал гудамжинд 2-3 залуус суугаад ярьж байныг сонслоо, “Сэлэнгэ аймагт мод боловсруулах үйлдвэр байгуулагдсан гэнэ. Тэнд ажилчин  авах гэнэ. Яаман дээр очоод бүртгүүлчихвэл явдаг” гээд ярьж байна шүү. Тэгээд яамыг нь сураглаж байгаад яваад очлоо. Надаас олон юм асуусангүй. “Хэдэн настай вэ, ажилд орохоор явна уу?” гэлээ. “Тийм ээ” гэтэл “Маргааш хүрээд ир ээ” гэсэн. Маргааш нь очтол 12 хүнийг вокзал дээр аваачаад шууд вагонд суулгасан.

-Сэлэнгэ рүү юу?

-Үгүй ээ. Хятад руу гээд Замын-Үүдээс дахиад өөр вагонд хурдан суугаарай гэж хэлээд биднийг ачааны болов уу гэмээр ямар ч суудалгүй хоосон вагонд суулгасан. Бид шалан дээр суугаад явсан юм. Дахиад цаашаа нэг вагон дамжаад Хятадын Харбин хотод очоод модны үйлдвэрт 1.5 жил сурч ирээд, Сэлэнгэдээ очсон. Тухайн үед модны үйлдвэрт ажиллах хүн олдохгүй байсан тул манай дарга хотоос хүн олж ир гээд намайг явуулсан юм. Хотод ирээд хүн олж чаддаггүй ээ. Сүүлдээ 10 жилийн сургуулиудаар явж, хичээлдээ явах дургүй, сул сурлагатай хүүхдүүдийг багш нараас нь сураглаж, хүүхэд бүртэй уулзаж “Сурах дургүй бол гоё цалинтай ажил хийе” гэж цуглуулж явсаар 30 залууг нэгтгэж аваад л үйлдвэртээ очлоо. Тэгээд даргадаа “Одоо энэ залуусаа хоол унд, орон байраар хангая” гэж хэлээд нэг, хоёроор нь өрөөнд орууллаа. Тэдний дунд л ирээдүйн хань минь байсан юм даа. 

-Ханьтайгаа яаж учирсан бэ?

-Бид тэгэж ажиллаад нэлээд удлаа. Гэтэл хотоос ирсэн нэг найз залуу маань “чи, бид нар ажил хийгээд л, цалин аваад л байдаг. Одоо хань ижилтэй болъё” гэдэг юм байна. Би ч “За мэдэхгүй дээ. Над шиг өнчин өрөөсөн хүнд хань ижил олдох уу” гэсэн чинь өнөөх маань “за чи энэ амны цаасан дээр хайртай дуртай гээд бичээд өг” гэлээ (инээв).

-Амны цаасан дээр уу?   

-Тийм, би бичээд л өгчихлөө. Тэгтэл өнөөх чинь ханьд минь аваачаад өгчихсөн байдаг байгаа. Тэгсэн ч гэсэн бид хоёр учрахгүй удсан л даа. Манай хүн дуугарахгүй тул би тэсэхгүй гэрт нь очно. Надад тусад нь эвхдэг ор засаж өгчихөөд, өөрөө орон дээрээ унтчихна. Тэгэж явсаар удалгүй айл гэр болсон доо. Гэтэл нэг өдөр би ажил дээрээ ухаан алдаж унаад шууд хот руу эмнэлэгт хүргэгдлээ. “Ядаргаа” гэдэг оноштойгоор 10 гаруй хоног эмчлүүлээд гарсан юм. Наашаа гэх газаргүй намайг хүн гэж тоож авсан үйлдвэртээ ядархаа мэдэхгүй зүтгэжээ. Тэр цагаас хойш хотын айл болсон доо.

-Дөнгөж хөдөөнөөс ирсэн залуу хүмүүс их хотод яажшуухан төвхнөсөн бэ?

-Хоёр өрөө байртай нэг айл хажуу өрөөндөө хүн суулгана гэсэн сургаар бид очлоо. Манай хүн их ажилсаг болохоор айлын хоол хийж, гэрийг нь цэвэрлэж, хувцасыг нь угаачихдаг байв. Гэтэл нэг өдөр гэрийн эзэгтэй дуудаад нөхөр нь Өмнөговь руу сонины эрхлэгчээр томилогдсон тул тэнд суурьшихаар болсноо хэлэв. Тэгээд бид хоёрыг тохьтой томоотой хүмүүс, та хоёртойгоо ах дүү шиг ижилслээ гэснээ “ Би энэ охины нэр дээр байраа шилжүүлж өгнөө” гэхэд нөхөр нь “Хатагтай та л мэддэг шүү дээ” гээд инээгээд суусан даа. Тэгэж л бид хоёр байртай болсон.

-Сайн хүмүүс таарч ээ. Байр бэлгэнд авах хүртэл сэтгэлд хүрсэн гэхээр таны хань сайн хүн байж ээ?

-Миний эхнэрийг бурхан надад хайрласан. Завхан аймгийн Нөмрөг сумын хүн. Ямар сайндаа л би эхнэрийнхээ нутгаар бичиг баримт авах вэ дээ. Ээж аавгүй өссөн ч ханийнхаа ээж аавд эрхлэх хайрыг хүртэх хувьтай байсаан. Бурхны оронд байгаа ханьдаа баярлаад барашгүй. Чи минь надтай учраагүй бол би өнөөдрийг хүртэл амьд яваа ч бил үү. Хүний хайлан чамдаа дутуу бүхнийг минь дүүргэж хайрласанд баярлалаа.

-Хотод ирээд хаана ажиллаж байв?

-Дулааны II цахилгаан станцад ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Та нар гайхана даа. Өглөө сайхан залуус ажилдаа ороод орой буухад нүд, шүд нь гялалзсан тас хар хүмүүс нэгнээ хэн бэ хэн бэ гээд л бууна даа. Одоотой адилгүй, бүгд гар ажиллагаатай, дээрээс нь хүнд нөхцөлд шороо тоос нүд рүү орсоор байгаад хараа муудсан. Нэг нүд бүр юу ч харахаа байсан.

-Станцад ажилсанаараа бахархах зүйл юу вэ?

-Хаана ч орсон дулаан паартай, цахилгаан залгаад хоол хийж, лаа барихгүй гэрэлтэй байгааг хараад ийм зүйлийн төлөө би гар бие оролцсон, миний бүтээлцсэн үйлс шүү гэж бодохоор сэтгэл сайхан байдаг, бахархаж явдаг.

-Хэлмэгдэлтийг та юу гэж хэлмээр байна.

-Хэлмэгдэлтийг тухайн үед би их айхтар зүйл гараад иржээ гэж ойлгосон. Сүүлд лавшруулаад бодоход над шиг өчнөөн олон хүүхэд аав ээжгүй, сургууль соёлгүй, өнчин өрөөсөн яваа бол гэж бодохоор дотор харанхуйлдаг байсан. (уйлав)

Ганц би ч биш өчнөөн хүүхдүүд хаана очихоо мэдэхгүй, ээж нар хүртэл хань ижил, үр хүүхдүүдээсээ өнчирч хоцорсон. Ийм зүйл дахин битгий давтагдаасай даа гэж өөрийн биеэр туулсан хүний хувьд бодох юм.

-Хэлмэгдэгсдийн ар гэрт өгдөг цагаатгалын нөхөн олговороос та авсан уу?

-Цагаатгалын комисст анх бичиг баримтаа бүрдүүлээд өгтөл хэд хоногийн дараа ирээрэй гэсэн. Засаан хугацаанд нь очтол “Таны цагаатгалын бичгийг Гомбо гэдэг хүн аваад явсан. Та өөрөө мөнгийг нь аваагүй юм байна лээ” гэж хэлсэн. Түүнээс гурван  хоногийн дараа Гомбо гэдэг хүн хүүтэйгээ манайд ирэв. Ирээд таны юмыг хөөцөлдсөн сая төгрөг авлаа. Хөөцөлдсөэний хөлсөнд 600 мянгыг авлаа. Май гээд 400 мянгыг надад өгсөн юм. Би тэрэнд нь баярлаад за гээд л аваад өнгөрсөн. Одоо сүүлийн үед сонсоод байхад хэлмэгдээд цагаатгагагдсан бол мөнгөн тусламж олдож байгаа гээд яриад байх юм. Ххүүхдүүд бичиг баримт бүрдүүлээд хөөцөлдсөн чинь намайг бага байхад  мэддэг байсан нэг хүн “намайг үүрч дүүрч өсгөсөн хүн” учраас авна гээд зэрэгцээд хөөцөлдөөд яваа сурагтай. Гэтэл би тэр хүнийг сайн санахгүй байгаа юм. Намайг өсгөө ч үгүй, зүс таних л хүн. Би яах аргагүй хэлмэгдсэн аавынхаа ганц хүү. Намайг хөөцөлдөх чадваргүй гэж бодоод ямар журмаар өмнөх нэг сая төгрөгийг авсаныг мэдэхгүй байна. Одоо дахиад мөнгө авна гээд хөөцөлдөж байгаа сураг байна. Мэдэхгүй юм аа. Гол нь би өөрөө тэр мөнгө төгрөгийг болдог бол хөөцөлдөж авах юмсан гэж боддог. Яагад гэвэл миний хүүхдүүд, хүүхдүүдийн хүүхдүүд гээд энэ нэг өрөө байранд гурван өрх айлын 11 хүн амьдарч байна шүү дээ. 

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Би хоёр хүүхэдтэй. Хүү маань хоёр жилийн өмнө бурхны орон руу явсан. Одоо охин маань намайг сайхан асарч байна. Охиныхоо хүүхдүүдийг л тусад нь гаргаж чадахгүй  байна. Надад илүү дутуу юмны хэрэг алгаа. Ядаж нэгэнд нь ч гэсэн орон байрыг нь бэлдээд өгчихвөл гэж бодох юм. Тэгвэл өөр бодож санах юмгүй бурханы орондоо сэтгэл амар явмаар байна.  

-Танд эрүүл энхийг хүсье. Баярлалаа өвөө.

-Миний хүүхдүүд ээж аавтайгаа сайхан урт удаан жаргаарай. 

Өнөөдөр баярын өдөр хэдий ч аавдаа эрхэлж амжаагүй, аавтайгаа жаргаж үзээгүй Гомбосүрэн гуайн яриаг доголон нулимастай сонсож суулаа. Хэлмэгдсэн тэр жаахан хүү өнөөдөр ач гуч нараа тойруулан суугаа сайхан буурай байв ч харцандаа гунигтай энэ хүнд хэлмэгдэлтийн нөхөн олговрыг нь ядаж өгчөөсэй гэж гэсэн бодол тээн буцлаа.

Холбоотой мэдээ