Шарын гол сумын Хамтарсан баг хүүхэд хохирохоос сэргийлэх төлөвлөгөө боловсрууллаа

2021-03-19 498 1
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хамтарсан баг төлөвлөгөөт хурал зохион байгуулж, хүүхдийг хүчирхийлэлд өртөж, хохирогч болохоос сэргийлэх үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр болжээ.
Тус сумын гэр бүл, хүүхэд хамгааллын хамтарсан баг хуралдаж 2021 онд Хамтарсан багийн ажлыг эрчимжүүлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх, хүчирхийллийн харилцаатай гэр бүлийг илрүүлэх, хохирогчийг хамгаалах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулав.
Шарын гол суманд хүүхэд хүчирхийлэлд өртөж эрсдэх тохиолдол Орхон болон Хонгор сумынхаас харьцангуй өндөр байдаг. 2019 оны байдлаар тус суманд 14 хүүхэд хүчирхийлэлд өртсөн нь нөгөө хоёр сумтай харьцуулахад долоо дахин өндөр үзүүлэлт юм.
Мөн Хамтарсан багаас цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангах болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, интернэтийн зүй зохистой хэрэглээний талаарх зөвлөмж өгөх зорилгоор Ерөнхий боловсролын 2, 6 дугаар сургуулийн дунд, ахлах ангийн 468 хүүхдийг хамрууллаа.

Холбоотой мэдээ