Далай туйлдаж байна. Шүрэн арлууд нь устаж, загасны нөөц огцом багасаж байгаа нь дэлхийн гадаргын 71 хувийг эзэлдэг далайн тэнхээ туйлдаа хүрсний илрэл болж буйг байгаль хамгаалагчид онцлов.
Далай. Энэ үг Төв Азийн өндөрлөгт орших Монголын бидэнд дэндүү хол сонсогддог ч ивээлд нь бид багтдаг. “Далайн экосистем бол эх газар, агаар мандлыг бодвол харьцангуй тогтвортой. Тиймээс ч манай гарагийн уур амьсгалыг тэнцвэржүүлэгч хамгийн гол орчин” хэмээн Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Уур амьсгалын секторын эрхлэгч, доктор П.Гомболүүдэв тайлбарлав. Тиймээс далай Монгол орны уур амьсгалд дам нөлөөлдөг. Агаар мандалд ууршсан далайн чийг агаарын урсгалаар дамжин хойд туйл руу зөөгдөж, тэндээсээ эх газрыг хураар тэтгэдэг байна. Доктор П.Гомболүүдэвийн хэлж буйгаар манай орны хувьд дэлхийн дулаарлын далайд үзүүлж буй нөлөөгөөр өвөлдөө унах хур тунадасны хэмжээ одоогийнхоос хоёр дахин их болох аж. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн улмаас манай орны өвөл ирэх жилүүдэд бага зэрэг дулаарч, хахир нөхцөл нь зөөлрөх төлөвтэй юм байна.
1970-аад оноос хойш дэлхийн дулаарлыг сөрөн зогсож байсан цорын ганц хүч нь далай гэдгийг Байгаль хамгаалах олон улсын холбооноос гаргасан тайланд дурджээ. Хүний үйл ажиллагааны улмаас ялгарсан нүүрсхүчлийн давхар ислийн 93 хувийг далай шингээдэг аж. Хэрэв цэнхэр гараг маань далайгүй байсан бол дэлхийн агаарын температур аль хэдийнэ цельсийн 36 градусаар нэмэгдсэн байх тооцоог Байгаль хамгаалах олон улсын холбооны Далай ба туйлын хөтөлбөрийн мэргэжилтэн Дан Лаффолей танилцуулжээ.
Дэлхийн 12 орны 80 орчим эрдэмтний далайн бүсэд явуулсан хамгийн далайцтай судалгаагаар далайн усны температур үргэлжлэн нэмэгдэж, 2100 он гэхэд цельсийн 1-4 градусаар нэмэгдэх аж. Гэхдээ экологийн цагаар 2100 он бидний хаяанд ирсэн байгааг тус байгууллагын захирал И.Андерсон хэлэв.
Агаар мандалд тархсан хүлэмжийн хийн улмаас дэлхийн соронзон долгион сансарт гарч чадахгүйгээс үүссэн хэт халалт нь байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамжийг нэмэгдүүлдгийг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн нэгэн мэргэжилтэн хэлж байна.
Цэнхэр гарагийн бүх л амьтан, ургамал, хүн зоныг нар адил ялгалгүй ивээдэг далай биднийг уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалж хүчрэхгүй болсон гэдэгтэй эвлэрэх цаг иржээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд далайн шуурга, хар салхи болон Эл-нино зэрэг гамшигт үзэгдлүүдийн давтамж 30 хувиар нэмэгдсэн байна.
0 cэтгэгдэлтэй