Ц.Тувааны болон С.Эрдэнийн АН-ын хэн нь дийлэх вэ гэдэг марафон явж байна уу

2021-03-23 766 0

МАН-ын эсрэг зогсох хамгийн хүчтэй сөрөг хүчин бол АН. Гэвч Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ цаг үед УИХ-ын сонгуулиар гутамшигтай ялагдсан шархаа нөхөхийн тулд юу юунаас илүү хүчтэй, нэг ардчилал, нэг үзэл баримтлалтай байх ёстой АН-ынхан өнөөдөр Ц.Тувааны болон С.Эрдэнийн талынх гэсэн хоёр туйлд хуваагдчхаад хөл толгой нь олдохгүй хөгөө чирж явна.

Бүр сүүлдээ яг аль нам нь үнэн, худал болохыг жирийн иргэд битгий хэл намын 200 мянган гишүүн нь ч ялгаж салгахааргүй хэмжээнд хүртлээ энэ нам доошоо ороод буй. Өнгөрсөн өдрүүдэд өрнөж буй АН-ын даргын сунгаанд өрсөлдөж буй Ц.Туваан болон С.Эрдэнийн талаас гаргаж буй үг, үйлдэл нь үнэхээр тархи толгой эргүүлэм.

Уг нь хэдхэн хоногийн өмнө Ц.Тувааны талынхан С.Эрдэнийн “Шонхор таур” дээр бөөндөө гүйж очоод ширээний ард сууцгаан, зөвшилцөлд хүрснээ зарлаж, хамтдаа эв найрамдлын зургаа татуулсан. Ингэж нэг юм талцал, хуваагдал нь дуусгавар болов уу гэтэл бөгс эргэх зайнд эргээд л хувь хувийнхаа дүрмээр тоглоцгоож байна. Энэ байдлаараа тэд намынхаа шинэ хийгээд жинхэнэ даргыг сонгож чадах болов уу?

Ямартай ч Ц.Тувааны талын АН-аас АН-ын даргын сунгаанд дөрвөн хүн буюу УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа нар нэрээ дэвшүүлэн өрсөлдөж буй. Энүүхэндээ гэхэд эдгээр нэр дэвшигчийг сонжвол, аль нь ч МАН-ын эсрэг зогсох хүчтэй намын дарга болж чадна гэхэд бэрх. Ерөөс Ц.Тувааны талын АН-ын ард өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга байгааг хүн бүхэн мэднэ. Тиймээс тэд АН-ыг Ерөнхийлөгчийн талд авч өгөх нэр төдий нэр дэвшигчид байж ч мэдэх юм.

Харин С.Эрдэнийн талын таван нэр дэвшигчийг тольдвол, Ц.Уртнасан, Ч.Өнөрбаяр, Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, М.Тулгат нар байна. Бас л сонирхолтой улс төрийн тоглолт. Эхний гурван нэр дэвшигч бол яах вэ байж болох. Гэтэл намаасаа хөөгдсөн Л.Гүндалайг С.Эрдэнэ ямар тохироогоор хүлээн зөвшөөрсөн юм бол. Нөгөөтэйгүүр, УИХ-ын 2020 оны сонгуулиар НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нь С.Эрдэнэд квот өгсөнгүй, хэт өндөр буюу 100 саяын босго тавилаа хэмээн гомдоллож, хамгийн их эсэргүүцэж явсан хүн. Гэтэл ингээд нэг тал болчихсон Ц.Тувааны талынхантай нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж байх.

Ингээд харвал, ямартай ч АН-ын даргад хоёр талд есөн хүн өрсөлдөж, тус бүрдээ телевизийн эфирээр сүржин хэв маягтай авч дулимагхан буюу тавилттай халз мэтгэлцээн хийж буй. Улмаар тэд намын шинэ даргаа энэ сарын 28-нд сонгохоор товлоод байна.

Тэрчлэн АН-ын хуваагдлаас, АН-ын лидерүүдийн үйл хөдлөлийг ажиглахад, мөнхийн дайсан гэж үгүй, мөнхийн эрх ашиг гэж байдаг хэмээх үг юутай үнэнийг илтгэнэ. Дор бүрнээ тэд ямар нэг эрх ашгаар нэгдэцгээж, намынхаа эв нэгдлийг хангахаас илүүтэй өөрсдийнхөө амбицийг тэргүүнд тавьж байх.

Ийм дотроо эв нэгдэлгүй, хуваагдмал, жижигхэн чулуунд  бүдэрч буй АН гэх том ч юм шиг, балчир ч юм шиг нам цаашид монголын ард түмний эрх ашгийг хангаж чадах уу гэдэг асуулт ч эндээс ургаж байна. Зарим нэг түүчээлэх ёстой лидерүүд нь намынхаа хуваагдал талцлыг  алсаас ажигласан шигээ суугаа нь бүр ч гайхмаар. Яг л хэнийх нь ялалтаар дуусахыг харан төвийг сахиж байгаад хэн ялсных нь талд гүйж очихоор завдаж буй хувалз мэт.

Үндсэндээ АН-ын лидерүүдээс эхлээд жирийн гишүүд нь хоёр талд зогсчихсон байгаа энэ цаг үед тэд намын даргаа амжилттай сонгож, Ерөнхийлөгчийн сонгуульд нэг зарчимтай өрсөлдөж чадах уу гэдгийг харах л үлдлээ.

Холбоотой мэдээ