Н.Ганнибал: Иргэн бүр 300 мянган төгрөгийн зээлтэй боллоо

2021-04-09 478 0

Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Ганнибал иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор болсон Засгийн газрын өчигдөрийн шийдвэрийн талаар чуулганы хуралдааны үеэр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Энэ их асуудал дунд өнөөдөр иргэн бүрд олгохоор болсон 300 мянган төгрөгийн талаар Ардын намын гишүүд уриа лоозон маягаар, бахархсан, баярласан байдлаар ярьж байна. Н.Алтанхуяг гишүүн тов тодорхой хэллээ. Энэ 300 мянган төгрөг чинь зээл юм. Иргэн бүр 300 мянган төгрөгийн зээлтэй боллоо гэдгээ та бүхэн албан ёсоор хэлчих хэрэгтэй. Оюутолгой компани зээлийн бичилтэд Монгол Улс нийтдээ 850 орчим тэрбум төгрөгийн өглөгтэй гэж тэмдэглэгдээд явж байна. Арбитрын шүүхийн шийдвэр гарах хүртэл бид өртэй гэдгийг албан ёсоор хэлэх хэрэгтэй. Ард түмнээ хуурч ингэж ярих нь “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын” (хийсэн ажил) гэдэг тодотголыг авна шүү” хэмээв.

Хариуд нь, Сангийн сайд Б.Жавхлан “Ганнибал гишүүн ээ, энэ өр биш ээ, айхтар сандраад хэрэггүй. Сүүлийн үе үеийн Засгийн газруудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд бид Оюутолгойгоос авах ёстой татвараа авсан. Энэ бол төсвийн орлого гэсэн Засгийн газрын тогтоол гарч олон нийтэд албан ёсоор өчигдөр танилцуулсан. Харин Арбитр дээр цаг хугацаа байгаа. Бид тэнд ялагдах эрхгүй. Ялахын төлөө явна. Та хамтарч ажиллаарай. Бид бүгдээрээ тийм үүрэгтэй хүмүүс” гэлээ. Харин УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Иргэдийн зээл гэж ярьдаг чинь түмэн буруу. Ямар ч хүн 300 мянган төгрөгийг буцааж төлөхгүй. Ийм зүйл дээр улстөржүүлээд хэрэггүй” гэж нэмж хэллээ.

Холбоотой мэдээ