З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Бардам удирдагчдын байр суурийг эгэл атлаа HQ өндөртэй лидерүүд эзэлж эхэллээ

2020-12-10 714 0

Лидер буюу удирдагчийн тухай хүн төрөлхтний ойлголт өөрчлөгдөж байна. Дэлхийн түүхэнд гавъяа байгуулж, улс орондоо төдийгүй хүн төрөлхтөнд сайн сайхан, хөгжил дэвшлийг өгсөн удирдагчид ихэвчлэн HQ (Heart intelligence) буюу зүрх сэтгэлийн чадамж өндөртэй байсан гэж судлаачид үзэх болжээ. HQ өндөртэй хүмүүсийн оюуны болон харилцааны, ёс суртахууны гээд бусад чадамж нь өндөр байх албагүй. Харин зүрх сэтгэлээрээ хамт олон, ард түмэндээ нөлөөлж, удирдаж чаддаг хүмүүс байдаг аж. Тиймээс ч өрнөдөд сүүлийн үед удирдагчдыг хэмжих хэмжүүр,  томоохон компаниудын ажилтнаа шалгаруулж авдаг үзүүлэлтүүд өөрчлөгдөж эхэлжээ. Сэтгэл судлалын сургалт, судалгааны хүрээлэнгийн тэргүүн, сэтгэл судлалын магистр Б.Жавзан “Удирдагчдын зан төлөв тухайн нийгэм, ард түмний соёл, төлөвшилд маш их нөлөөлдөг. Тийм учраас удирдагчдыг зүрх сэтгэлийн чадамжаар нь үнэлдэг болоод байна” гэв.

Оюуны болон харилцааны чадамж өндөртэй удирдагч, менежерүүд олон жил өндөр албан тушаал хашсаны дараа өөрөө өөрийгөө танихаа больдог тул ийм чиг хандлага гарч иржээ.

Дьюкийн их сургуулийн эрдэмтэд болох Дэвид Оуэн, Жонатан Дэвидсон нар АНУ, Их Британийг 1908-2008 онд удирдсан 18 ерөнхийлөгч, 26 ерөнхий сайдын зан төлөвт судалгаа хийсэн байна. Хэтэрхий их эрх мэдэлд умбаж, өргөмжлүүлснээр АНУ-ын 18 ерөнхийлөгчийн долоо нь, Их Британийн 26 ерөнхий сайдын мөн долоо нь ямар нэг байдлаар сэтгэцийн эмгэгтэй болж, нэг талыг барьсан шийдвэр гаргадаг болсон аж. Дэвид Оуэн, Жонатан Дэвидсон нарын бичсэнээр 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал гэхэд л олон улсын томоохон банкуудын зарим эзэнд бардам удирдагчийн синдром туссаныг ямар нэг хэмжээгээр илтгэдэг аж. Ийм удирдагчид байгууллагын доод болон дунд шатны ажилчдынхаа үгийг сонсохоо больдог, өөрийн үзэл бодлоо шууд тулгадаг учраас менежментийн алдаа гаргаж эхэлдэг. Улс орнуудын хөгжлийн индексээр нь авч үзсэн ч бардам удирдагчтай, босоо бүтэц бүхий данхар төрийн менежменттэй улс орнуудад авлига ихтэй байдаг байна.

Harvard Business Review-д бичсэнээр эго буюу өөрийгөө өргөмжлөн бахархах аминч үзэл нь манлайллын хамгийн том дайсан болдог байна. Эго удирдагч алсын хараагүй болж, зан авир нь эрс эвдэрч, найз нөхөд, хамт олныхоо үнэт зүйлийн эсрэг явж эхэлдэг.

Тиймээс ч тэрхүү онгироо, “юм үзээгүй” зандаа гинжлэгдэж, хэн нэгэнд тэрхүү сул талыг нь ашиглан удирдан тоглох боломж олгож, бусдын идэш болдог аж. Өөрийгөө ертөнцийн төв гэж үзэх эго томрох тусам худалд буюу хүссэндээ итгэж, тэр хэрээр бусдын олз болох томоос том ангал руу ойртдог байна.

Өрнийн мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар үнэтэй цаг зүүж, ганган хослол өмссөн уламжлалт дүр төрх бүхий удирдагчдын эрин үе үндсэндээ шувтарч байна. Учир нь бардам удирдагчдын байр суурийг эгэл атлаа HQ өндөртэй удирдагчид эзлэх болжээ. Бусдыг гадаад төрх, тансаг хэрэглээ, уран цэцэн үгээрээ бус хийсэн бүтээснээрээ байлдан дагуулдаг, өөрөө өөртөө төвлөрч чаддаг удирдагчдын ачаар байгууллага, улс орон, хүн төрөлхтөн хөгждөг байна. Б.Жавзан “Өөрөө өөртэйгээ ярьдаг, дотоод ертөнцөө сонсож чаддаг хэв шинжтэй хүмүүс болон эгэл удирдагчдын хооронд хамаарал байгааг судлаачид онцлох болсон. Дотор хүнээс илгээсэн мэдээллийг хүлээн авч, маш нарийн зохион байгуулалттай хэрэгжүүлдэг удирдагчдын жишээ бол марк Закерберг, Билл гейтс, уоррен Баффет нар байж чадна.

Сүүлийн үед Apple Inc-ийг үүсгэн байгуулагч агсан Стив Жобсыг эгэл удирдагч гэж үзэх боллоо. Тэр оюуны чадамж өндөртэй ч, харилцаа болоод ёс суртахууны чадамж муутай хүн байсан гэдэг. Гэхдээ л техник, технологийн өнөөгийн дэвшлийг хар цамц, жинсэн өмднөөс салдаггүй, Prius-ийг шүтдэг байсан тэр л авчирсан шүү дээ” гэв.

Сэтгэл судлалын шинжлэх ухаанаар авч үзвэл хүний аливаа чадамжийг тогтоохын тулд нарийн боловсруулсан хэмжүүр хэрэглэдэг. Ийм хэмжүүрээр оюуны чадамжийг тогтоодог шиг зүрх сэтгэлийг ч бас хэмжих боломжтой аж. Сүүлийн 30 гаруй жилд Heartmath хүрээлэн болон мэдрэл судлалын сайн дурын эрдэмтэд зүрхийг уйгагүй судалсны эцэст нэгэн сонирхолтой үр дүнд хүрчээ. Хүний зүрхэнд мэдрэлийн 40 гаруй мянган эс бий бөгөөд эдгээр эс тархи болон биеийн бусад хэсэгт мэдээлэл дамжуулдаг байна. Өөрөөр хэлбэл, зүрх өөрийн гэсэн мэдрэлийн системтэй аж. Энэ гайхамшигт систем цусны даралт, адреналин, допамин болон окситоцин зэрэг дааврыг хянах ANF хэмээх даавар мөн ялгаруулдаг байна. Тийм учраас хүмүүс бие биедээ дурлаж, догдлоход зүрх баясаж, шаналахад зүрх өвддөг аж. Мөн зүрхний цахилгаан соронзон орон тархиныхаас 5000 дахин хүчтэй бөгөөд энэ нь эргэн тойрондоо 2.4-7.2 метрийг хамарч, дэлхийн соронзон оронтой холбогддог байна. Уламжлалт анагаах ухаанаар ч гэсэн зүрхний улаан, цагаан, шар гурван судасны нэг нь тархийг тэжээдэг бөгөөд тэр нь сэтгэл гэдгийг манай нэрт эрдэмтэн Я.Эрдэнэ-Очир ч бүтээлдээ нотлож бичсэн байдаг аж.

Хүний зүрх ийм дээд түвшинд удирдах боломжтой гэдгийг шинжлэх ухааны сүүлийн үеийн нотолгоонууд батлах болсон учраас өнөөдөр биеийн хөгжил, оюуны чадамж (IQ)-аас илүү зүрх сэтгэлийн боловсролыг (HQ) дэлхий нийтээрээ ярьдаг, анхаардаг болсон аж. Хүн бүр цагаан цаасан дээр хараар бичсэн биш харин өөр өөрийн гэсэн давтагдашгүй өнгөтэй төрдөг. Тэрхүү өнгөө олж харж, тэтгэх нь хамгийн чухал гэгдэх болсон нь ийм учиртай.

…Саяхан нэгэн FM-ээр “Эх орончийн халаасанд хог байх ёстой” гэсэн шторк санаандгүй сонслоо. Цаагуураа хүмүүст хогоо гудамжинд хаях бус халаасандаа байлгаж байгаад хогийн сав таарвал хийгээрэй гэдгийг ойлгуулах гэсэн бололтой. Гэхдээ эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийн халаасанд цаашлаад гудамж талбай, эргэн тойронд нь хог байх ёсгүй юм, угтаа. Өөрөөр хэлбэл, улс орны удирдагчид, ард иргэд цэвэр ариун зүрх сэтгэлтэй байж л ийм цэвэрхэн орчин бүрдүүлж, хөгжилтэй улс орныг цогцлоодог. Харамсалтай нь, эх орон маань хогоор дүүрсэн, цэвэр агаар нь угаар болж хувирсан, ард иргэд нь өвчин зовлон, талцал хуваагдалтай гээд шийдэх ёстой дэндүү их асуудал бидэнд байна. Бидэнд оюуны өндөр чадамж, өргөн уудам газар нутаг, асар их баялаг байна. Тодруулбал, монголчууд бид IQ сайтай үндэстэн. Гагцхүү бидний зүрх сэтгэлийн HQ хэр болохыг мэдэхгүй. Амьдарч буй нөхцлөө харваас яах аргагүй л HQ чадамж үгүйлэгдэж байх шиг. Тэр тусмаа өнөө цаг үе та биднээс чин үнэнч зүрх сэтгэлийн чадамжтай байхыг, тийм чадамжтай удирдагчтай байхыг нэхэж буйд эргэлзэх хэрэггүй!.

Холбоотой мэдээ