З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Анагаах эм бүтээдэг диваажин

2020-11-10 737 0
Ховор эмийн ургамлыг тарималжуулах шинэ чиг хандлага
Биокомбинатаас Сонгинын амралт тийш явахад замын хоёр талд хайрга, дайрга, цемент гээд барилгын голдуу үйлдвэрүүд бий. Хавь ойрд нь онцгойрч харагдах амьд амьтан гэвэл цөөн тооны мал л байна. Хааяа нэгхэн таарах чацарганын талбай, хүлэмжүүдийг эс тооцвол ургаа мод, өвс ургамал бараг л үгүй. Салхи багахан ширүүсэхэд хуурайшсан газар, элс хайргын карьеруудаас эх захгүй их тоос нийслэлрүү туугддаг.
Харин Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн замын яг эсрэг талд “эмт ургамлын цэцэрлэгт хүрээлэн” гэсэн хаягтай бяцхан диваажин бий. Энд говь, тал хээр, ой, хангайн бүсийн эмийн ховор ургамал, бут сөөг нэг дор, нар өөд уралдан тэмүүлдэг. Энд хүмүүс диваажинг бүтээж байна.
Н.Орхон 12 жилийн өмнө их сургуулиа төгсөөд эмт ургамлын цэцэрлэгт хүрээлэнд ажиллахаар ирэхэд чацаргана, монгол хунчир, чихэр өвс, алтангагнуур гэсэн гарын арван хуруунд багтах цөөхөн ургамал тариалдаг байжээ. Харин одоо үрийн сан, талбайдаа 100 гаруй төрлийн эмийн нэн ховор болон ховор ургамалтай болж. Үндэсний эмийг хамгийн том үйлдвэрлэгчийн түүхий эдийн гол цэг болсон тус цэцэрлэгийн төмөр сараалжин хашаагаар ороход цэгцтэй гэгч заагласан дөрвөлжин талбайд “тухласан” балт болон навчит, бутлаг гээд олон төрлийн ургамал хараа булаав. Баруун тийш чацаргана, хойд талдаа нохойн хошууны төгөлтэй. Төглийн захаар үхрийн нүд, дундуур нь үндэсний брэнд болсон “Халгай” шампунийн гол түүхий эд халгай болон сүүдэр барааддаг бусад ургамал тариалжээ. Мөн ургамлын үр, хатаамлын үзэсгэлэн, түүхий эдээ хадгалдаг зоорь, усжуулалтын систем, модлог ургамал үржүүлдэг хоёр ч хүлэмж бий.
Бид энэ бүхнийг сурвалжлах гэж зорьж очлоо. Биднийг угтаж авсан Н.Орхон бол тус хүрээлэнг “Монос групп”-ийн үүсгэн байгуулагч Д.Хүрэлбаатартай хамжилцан анх эх суурийг нь тавьж байсан чадварлаг агрономичидын шинэ үеийн залгамжлагч.
Монголын хамгийн том эмийн үйлдвэрийн түүхий эдийн гол баазыг удирдаж бас “улаан ном”-д орсон эмийн ургамлуудын генефондыг амьдаар нь хадгалах хариуцлагатай үүрэг одоо түүнд шилжсэн.
Дунд зэргийн нуруутай, намбалаг энэ эмэгтэйгээр ахлуулсан тус хүрээлэнгийнхэн энэ жилээс “Монос”-ын “Салимон”, “Нефромон” зэрэг брэнд эмүүдийн гол түүхий эд болсон алтангагнуур, монгол хунчир хоёрыг үйлдвэрлэлийн зориулалтаар тариалж эхэлжээ. Өдий дайнд хүрэхэд 15-16 жил “ноцолдсон” гэдгээ “Монос групп”-ийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар тайлбарласан юм. Энэ талбай бол тус группийн харьяанд байдаг эм судлалын хүрээлэнгийн туршилтын бааз. Энд туршилтаар тариалснаа химийн, фармакалогийн болон технологийн лабораторид шалгаж, үйлдвэрлэлийн шаардлага хангасан эсэхийг нь тогтоодог. Энэ шат дамжлагыг амжилттай туулбал үйлдвэрлэлийн талбайд шилжүүлдэг. Бас жил бүр тариалалтааас дээж авч шинжилнэ. Үүнээс гадна бүтээгдэхүүн болгох цогц үйл явц бий. Энэ бүхний дараа л брэнд эм зах зээлд гардаг. Хамгийн багадаа 7-8, дунджаар 10 гаруй жил зарцуулдаг байна. Бүр 18 жил, олон тэрбум төгрөг зарцуулж судалсан атлаа үйлдвэрлэлд нэвтрүүлж чадаагүй төсөл ч байгаа аж.
“Эм, био бэлдмэл маш чухал бүтээгдэхүүн. Олон шатны баталгаажуулалт шаардагддаг тул бид судалгаа хөгжүүлэлтэд хамгийн их хөрөнгө зарцуулдаг. Бид туршилтын болон үйлдвэрлэлийн талбайдаа инновацийн нийт зардлын 40 орчим хувийг зарцуулдаг” гэж эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Баянмөнх ярилаа.
Гол дайсан нь болжмор, туулай
Улиас, шар хуайс, монос гээд навчит модоор диваажингийн хашаагаа тойруулан бараг гурван давхар хамгаалалтын зурвас хийжээ. Тус зурвас хэдхэн алхмын цаана замаар явж байгаа хүнд даацын тэрэгнүүдийн чимээг ч хангалттай шингээх бөгөөд ургамлын цэцэрлэгт хүрээлэнд зөгийн дүнгэнээ, шувуудын жиргээ илүү тод сонсогдоно. Хүний гараар бүтээж буй уг диваажинд хоёр төрлийн дайсан байдгийн хамгийн хорлонтой нь болжмор. Жимс гарах үеэр шүүсийг нь сорчихдог аж. Бас туулай цэцэг, жимс боловсрох үеэр эсвэл шөнө орой тус талбайн гол зочид болдог гэнэ.
Эм судлалын хүрээлэнгийн захирал, академич Л.Лхагва “Чацарганын мод маань хөгширч, ургац нь багассан тул бид дахин тарималжуулахаар ажиллаж байгаа юм. Гэтэл тэдний маань ишийг туулайнууд тас татах юм, айхтар шүдтэй золигнууд” гэв. Гэхдээ жимсний болц, гарцанд хамгийн их нөлөөлдөг нь цаг уурын өөрчлөлт. 2017 онд маш их хуурайшилттай байсан тул маш бага чацарганын ургац туйлын бага байсан гэдэг. Хувь хүн, өөр тариаланчдаас чацаргана худалдаж авч байж зөрүүг нь нөхсөн байна. Уг нь ургац сайтай жил нэг модноос 20 кг-ыг ч авдаг гэдгээ Н.Орхон ярьсан.
Тэрбээр “энэ жил үхрийн нүд, долоогоно, ягаан цээнэ, монос зэрэг цэцэгт ургамлуудын цэцэглэх үеэр буюу тавдугаар сарын 20-доор цочир хүйтэрч, дөнгөж гараад байсан цэцэг нь хөлдчихсөн. Би энд 13 жил ажиллахдаа ягаан цээнэ үрлэхгүй байхыг энэ жил л анх удаа харж байна. Үр нь ч боловсрохгүй, цэцэг нь хөлдсөн нь харамсалтай. Сүүлд гарсан цэцэгнүүд харин азтай. Ургамал ургах тохиромжтой байгаль цаг уурын нөхцөл улам л бүрдэхээ болилоо” гэв. Нээрээ ч зарим хэсэг нь хатаж хорчийсон мод, бут олон харагдаж байлаа.
Монгол хунчирыг ховор ангилалд оруулах санал гаргав
2018 оны зун болсон Монголын генетик нөөцийн тухай эрдэм шинжилгээний хурлаар ургамлын салбарын эрдэмтэд монгол хунчирыг ховор ургамлын тоонд оруулах санал гаргасан юм. Хэдийгээр өргөн тархацтай боловч хүний үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, зохисгүй хэрэглээнээс болж ховордсон байна.
Хумсын толио шиг навчтай, цайвар шар өнгийн цэцэгтэй монгол хунчирыг уламжлалт анагаахын 198 жоронд оруулдаг бөгөөд жоронд орох давтамжаараа 14 дүгээрт бичигддэг аж. Харин моносчууд тус ургамлын генефондыг авч үлдэхээс гадна үйлдвэрлэлийн зориулалтаар тарималжуулж, ойрын ирээдүйд бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж буйгаа сонирхууллаа.
Төлөвлөгөөт тариалалтынх нь гол ургамал болох монгол хунчирын үндсийг нэг га талбайд тариалдаг бөгөөд 3-4 жилийн өмнөөс үндсийг нь хурааж эхэлсэн байна. Хүрээлэнгийн захирал Л.Лхагвын хэлж буйгаар одоо тэд үйлдвэрлэлийн зориулалттай тариалалтаа түлхүү хийхээр төлөвлөж буй аж. Тиймээс ч Сонгино дахь 10 гаруй га талбайгаас гадна орон нутагт томоохон бааз бэхжүүлж буй юм билээ. Л.Лхагва “шинээр судалж, тариалах ургамлын тоо харьцангуй цөөрч байна. Бид гол ноён нуруугаа босгосон. Одоо үйлдвэрлэлийн зориулалттай тариалалтаа эрчимжүүлэхээр төлөвлөж байна” гэв.
Одоо тариалалтынхаа туршилтын шатанд ид явж буй бас нэг ховор ургамал бол дэрэвгэр жирэвгэрүү. Туршилтын амжилт 20-30 хувьтай байгаа юм байна. Мөн эгэл годил буюу шудгийг усанд, сибирь хотойг үйлдвэрлэлийн зориулалтаар тариалж байгаа бол гадаадын цөөн тооны ургамлыг мөн туршилтын журмаар тариалаад эхэлжээ.
Ер нь зэрлэг ургамлыг 100 хувь амжилттай тарималжуулна гэж байдаггүй аж. “Туршлагаас үзэхэд байгалийн зэрлэг ургамлыг тариалахад 45- 50 хувьтай ургахад амжилттай гэж үздэг. Мэдээж 100 хувийн ургалттай нь ч бий. Соёолсон боловч ургадаггүй, дасан зохицож чадахгүй үхдэг ургамлууд бий. Нэлээд олон ургамлыг ингэж үхүүлсэн” хэмээн Н.Орхон тайлбарлалаа. Тус хүрээлэнгийн салбар секторууд нефромон, салимон зэрэг уусмал хэлбэртэй эмүүдээ шахмал, тариа, сироп болгох туршилт дээрээ ажиллаж байгаа гэнэ. Л.Лхагва “Технологи өөрчлөх гэж нэрлэдэг энэ судалгааг сүүлийн 2-3 жил хийж байна. Нарийн, цаг их шаардсан ажил л даа. Үүнээс гадна шинжлэх ухаан, технологийн сангийн төслөөр ШУА-ийн химийн хүрээлэнтэй хамтарч хийсэн судалгаа шувтрах шатандаа орж байна. Элэгний архаг үрэвсэл, хавдрын эсрэг үйлчилгээтэй элефос нэртэй эм гаргаж авсан. Үхрийн элэгнээс гол найрлагыг нь гаргаж авсан, амьтан, ургамлын гаралтай эм. Зах зээлд гарахад бараг бэлэн болж байна. Энэ бол цоо шинэ эм. импортыг орлох байтугай экспортод гаргах зорилготой бүтээсэн. Үүнээс гадна олон төрлийн судалгаа эхлүүлээд явж байна. Бусад нь нууц” хэмээлээ.
“Монос групп”-ийн брэнд бүтээгдэхүүний эмийн бараг 60-70 хувь нь уламжлалт анагаах ухаанд тулгуурласан байдаг бөгөөд цаашдаа ч энэ чиг шугамаа барьж ажиллана гэдгээ үүсгэн байгуулагч Л.Хүрэлбаатар нэгэн ярилцлагадаа онцолж байсан.
Монголчууд Ази, Европын алинд ч харьяалагдахгүй зан төрх, сэтгэхүйтэй. Тийм учраас орчин үеийн болон уламжлалт анагаах ухааныг зуузай холбуулж, торгон  уулзвараас нь шинэ онол, эм бүтээх боломж их аж.
Гэхдээ энэ бүхэн ховор эмийн ургамлын генефонд, тариалалтгүйгээр биеллээ олох ямар ч боломжгүй юм. Манай улсын хамгийн том эм үйлдвэрлэгч үүнд л зорьж, өөрсдийн гараар диваажин босгож байна.

Холбоотой мэдээ