Намчирхах тахал

2021-04-26 1189 3

Монголд Ковидын тахлаас ч илүү гамшиг нүүрлэжээ. Энэ тахлаар өвдөгсдөд муйхарлан зүтгэх, мунаглан шунахайрах, оюун санаа, ой дуртатгалаа гээх, мартагнах, зөнгөртөн зөрүүдлэх, байр сууриа илэрхийлсэн бүхэн рүү ноцох, боргох, ярдаглах, хазах, хавирах, хүчиндэх, долдойдох, дөвчигнөх хам шинж илрэхээс гадна нийгмийн оюун санааг буртаглах, олон нийтийг талцуулах, эрүүдэн шүүх, яс хаях, булаацалдаж бужигнахыг нь харж таашаах, тархи угаах, нийгэмд түүчээлэгчдийг худалдаж авах сэдэл төрнө. Үүнийгээ хэрэгжүүлэхээс нааш тэд ер тайван суухгүй бөгөөд Залуучуудын байгууллагаас эхлээд нийгмийн бүхий л бүтцэд өөрсдийн намчирхах үзэл санаагаа тулгана. Ингэхдээ нэгийг нөгөөгөөр нь урвуулах, харилцан хамааралд оруулах, албан тушаал өгч амыг нь таглах, мөнгө захиран зарцуулах эрх олгож нүдийг нь сохлох байдлаар эгнээгээ тэлнэ. Улмаар цэрэг цагдаа, шүүх, хэвлэл мэдээлэл, Сонгуулийн ерөнхий хороо, Үндсэн хуулийн цэцийг халааслаж хууль, дүрэм журмыг үнэгүйдүүлнэ. Энэ бүхнийг нарийн зохион байгуулалт, нам эвслийн хүчээр шийдэх ба төрийн эрхээс эхлээд ард нийтийн эрхийг гартаа авахын тулд 15 толгойтой атгаалжин улаан МАНгас болж хувирна. Нэгэнт намчирхах үзэл хандлага хот хөдөө, айл гэртгүй өрнөсөн л бол энэ дайн мөд намжихгүй. Эхнэр нөхөр, ах дүү, амраг садан, айл хотлоороо намтай нь намаа хамгаалж, намгүй нь мөн чанараа хамгаалж уралцана. Өнөөгийн Монголын нийгэм хот хөдөөгүй намчирхах тахалд нэрвэгдчихээд байгаа нь дээрх бүхнийг гэрчилнэ.

Нам нам гэх энэ тахал Ковидоос ч хор урхагтай. Ямар сайндаа л хөдөөгийн сумдад цэцэрлэгийн эрхлэгч нь МАН-ын гишүүн учраас АН-ын сонгуульд ухуулагч хийж байсан жирийн өрхийн хүүхдийг аваагүй гэх эмгэнэлтэй бодот үнэн байх вэ дээ. Ийм жишээ сум орон нутагт бишгүй. Ялангуяа, хүн ам багатай баг, тосгонд намчирхах үзэл хэрээс хэтэрсэн нь өнөөгийн улс төрчдийн сонгогчдоо бэлтгэсэн ядмаг халамжаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, ядуурал, ажилгүйдлийг гааруулах “супер” бодлого сүүлийн 30 жилд эрчимтэй хэрэгжсэний гор. Нам гэх тахал бидний хоолойг боомилж, амьсгалах аргагүй болгосны үр дүнд иргэд эрх баригчдын өөдөөс дуугарах хэлгүй, эрх үүргийнхээ араас явах “хөл”-гүй, эрхзүйт, хүнлэг нийгмийг шаардах боломжгүй болсон. Алхам тутамдаа Зөрчил, Эрүүгийн хуулиар торгуулж  шийтгүүлэх, эрүүдэн шүүлгэх, цахим гаваар гинжлүүлэх боломжийг бий болгов. Улмаар иргэдээ хорьж шийтгэх үзэл санаа хэрээс хэтэрч албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн гаргаж байгаа ямар ч шийдвэрт олон ургальч үзлээр  хандах үнэт зарчимгүй Монгол Улс болов. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэх ардчилсан тогтолцоо алдрав. Энэ бүхэн хэнээс болов, юунаас үүдэв гэдгийг тунгаах цаг нэгэнт иржээ.

МАН гэх “махны машин” 100 жилийн турш зогсолтгүй ажиллахдаа ардчилсан, хүнлэг, олон ургальч үзэл санаатнуудаа хэлмэгдүүлэн хядаж байсан түүхийн үнэн бий. Энэ үнэнийг эргэн санахгүйгээр намчирхах тахлаас  гэтлэхгүй. Оюун санааны сор болсон сэхээтнүүд сэрэхгүйгээр үзэл санааны “цус сэлбэлт” явагдахгүй. Тиймээс төрийн дээд суудлыг өөрөө өөртөө төхөөрч, түүнд тохирох хууль журмыг таацуулж суудаг амташсан “хэрээ”-нүүдээсээ бид эхлээд салцгаая. Эрдэмтдээ ил гаргая. Тэдний дуу хоолойг сонсоё. Манайх шиг эрдэмтдээ гэрт нь суулгачихаад, сүх, сэлэм, хутга шөвөг ярьсан попуудаа дээрээ тахьдаг улс дэлхийд хэд вэ.

Бэрх цагт бие нь чилээрхээд, энх цагт Ерөнхийлөгч болмоор байна гэж хашхираад ил гардаг эмгэнэлтэй хэдэн эрчүүд энэ улсыг элгээр нь мөлхүүлэхээр эргэлт буцалтгүй улайран байна. Сэлэм эргүүлдэг, сүх далайдаг, нударга зангиддаг, сайдаа балбадаг…гээд хэрээс хэтэрсэн балмад имиджтэй Хүүк, Сүкээс болгоомжлохгүй л бол дараагийн он жилүүдэд Эрүү, Зөрчлийн хуулиар ял шийтгэл эдлээгүй эрчүүд ховордож, хамгаалах байранд хонож үзээгүй хүүхэд олдохоо байх вий.

 

Холбоотой мэдээ