Я.Эрдэнэсайхан: ЖДҮ эрхлэгчдэд зориулсан цахим сургалтад оролцогчдод сертификат олгоно

2021-04-27 1225 3

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа.

– ЖДҮ эрхлэгчдэд зориулсан сургалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрөгч 2020 онд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан, бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлэх, удирдах, хөгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг агуулсан видео сургалтууд бэлтгэх хүсэлтийг EBRD-д тавьж, хамтран ажилласан. Улмаар төслийн гүйцэтгэгчээ сонгон шалгаруулж, мөн оны сүүлчээр төслийн ажил маань албан ёсоор эхэлсэн. Ингээд өнгөрсөн гуравдугаар сард төсөл  бэлэн болж, өнөөдөр хүлээн авч нээлтээ хийлээ.

Нөгөөтэйгүүр, Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа нь доголдож,  үйлдвэр үйлчилгээ нь зогсох, түрээсийн төлбөр, бараа материалаа татаж авахаас эхлээд гэнэтийн, урьдчилан таамаглаагүй олон нөхцөл байдал ЖДҮ эрхлэгчдэд тулгарч байна. Нөгөө талдаа цаг үе, нийгэмтэйгээ зэрэгцэн сурч боловсрох зайлшгүй шаардлага гарч ирлээ. Эдгээр тулгамдаж буй хүндрэлд дэмжлэг болох үүднээс Европын холбооны санхүүжилттэйгээр Жижиг, дунд үйлдвэрийн газар, ЕСБХБ хамтран 17 багц сэдвийн хүрээнд 214 сургалтыг цахимаар заахаар болсон

-Монголд 63 мянга гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчид бий. ДНБ-ий 18 хувийг бүрдүүлж, 800 гаруй ажлын байр бий болгож байдаг энэ салбарт сургалт, зөвлөх үйлчилгээ хамгаас чухал байдаг.  Өмнө нь ийм сургалтын төсөл хэрэгжүүлж байсан уу?

-Энэ сургалтыг төлөвлөхдөө нийт жижиг, дунд бизнес эрхлэгчдэд нэн тэргүүнд шаардлагатай мэдлэгийг орон зай, цаг хугацаа, зардал төсвөөс үл хамааран олгох нь хамгийн чухал асуудал байв. Бас нэг зорилго нь  дэлхий нийтийг хамарсан цар тахал, хөл хорионы нөхцөлд цахим орчин, технологийн дэвшлийг ашиглан сургалт, консалтингийн үйлчилгээгээр дэмжлэг үзүүлэх байсан. Энэ зорилгоо биелүүлж чадсан гэж бодож байна.

Энэхүү сургалт нь ЖДҮ-ийн салбарт хийгдсэн анхны томоохон цогц контент болсон. Цахим сайтад байршуулсан сургалтад жижиг, дунд  бизнес эрхлэгчид бүрэн хамрагдаж судалсны үр дүнд сертификатаар баталгаажуулж авах юм. Энэ нь сургалтын үр дүн, давуу талыг бий болгож байна. Цахим сургалтаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчид хувийн бизнестээ болон  Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

-Монголын ЖДҮ эрхлэгчид  харьцангуй бага зах зээлтэй. Тиймээс ажлын байр ихээр бэлддэг энэ салбарт зах зээлийг хөгжүүлэх механизм чухал. Энэхүү хөтөлбөрт ЖДҮ эрхлэгчдийг хөгжүүлэх ямар сургалтууд багтсан бэ?

-Эдгээр сургалт нь нийт 17 сэдвийн хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд Засгийн газраас хэрэгжүүлж буй дүрэм журам болох Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, ЖДҮХСангийн зээл, Зээлийн батлан даалтын үйлчилгээний тухай, Бүтээгдэхүүний тохирлын үнэлгээ, Хоршооны төрөл, давуу тал зэрэг сэдвээр мэдээлэл авах боломжтой. Мөн бизнест түгээмэл тулгардаг асуудлууд болох санхүү, стратеги төлөвлөлт, маркетинг, хүний нөөцийн менежмент, эрсдэл, хямралын үеийн менежмент зэрэг олон сэдвээр мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ хэрэгжүүлж болохуйц олон санааг авах болно.

-Сургалтад хэрхэн бүртгүүлж, хамрагдах вэ?  

-Сургалтын 17 сэдэв бүр дотроо ойлгомжтой байдлаар задарч, богино контентууд болсон байгаа. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хаанаас ч үзэж, танилцах боломжтой. Хамгийн гол нь бүх нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог. ЖДҮ эрхлэгчдийн дийлэнх хувийг бүрдүүлдэг бичил буюу 300 сая хүртэлх орлоготой бүлэгт чиглэсэн агуулгууд олон бий. Сургалтыг бүгдийг нь энгийн ойлгомжтой байдлаар хийсэн. Ямар нэгэн улс төрийн өнцөг, төр засгийн бодлого үйл ажиллагааг үнэлж дүгнэсэн агуулга, өнгө аяс ороогүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Сургалтуудыг ЖДҮГ-ын https://www.youtube.com/channel/UCbkJljjC4rdL1w_2mdsgmeQ хаягт байршуулсан бөгөөд танилцаж судалсныхаа дараа “Сертификат” –аа шууд хэвлэн авах боломжтой юм.

 

Холбоотой мэдээ