Хүний хөгжил доройтож, дэд бүтэц цэцэглэж байна

2020-05-10 529 0

Хамгаалал үгүйлсэн хөгжлийн эзэд-2

…Гэгээ тасрах дөхжээ. Цогтцэцийгээс хөдлөөд цаг орчим болж байна. Төд удалгүй нэгэн гүвээ давтал урт чиргүүлтэй том том машинууд хаа сайгүй холхилдоно. Бүрэнхийдүү байсан ч өөдөөс ирж яваа шланзыг хажуугаар зөрөхөд нь юу ачсаныг тогтож харав. Нүүрс биш харин элс шороо тээвэрлэжээ. Замын зүүн талд байсгээд л гэр кемпүүд таарах нь уулын энгэрт цагаан чулуу өрж, айл гэр болж тоглоо юу гэлтэй. Энд нэг хэсэгтээ л “чулуу өрж тоглох” нь тодорхой бололтой. Цагаан гэрүүд бүрэнхийд бүр ч тод ёлтойно. Бас бүрэнхий нөмрөх тусам гүйцэж түрүүлэх, зөрж өнгөрөх том тэрэг олширсоор л байв. Шланзаас гадна эксковатор, зам тэгшлэгч ч хүнгэнэх аж. Тэр бүрт тоос манарч, үзэгдэх орчин хязгаарлагдана. Машины цонхоо хааж, агааржуулагч асаасан ч нарийн тоосонцор хамар ирвэгнүүлж, хоолойд амтагдана. Дуу чимээ ч гэж жигтэйхэн. Өдрийн цагаар энэ дүр зургийг харсан хэнд ч болов өмнийн шаргал говь цөлжиж, өнөөх мяралзан харагддаг зэрэглээ улаан тоосоор булингартжээ гэж халаглахаар.

Ийн санаашруулсан энэ их хөдөлгөөн болбоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Дорноговь аймгийн Зүүнбаянгийн чиглэлд тавигдаж буй 414.6 км үргэлжлэх төмөр замын доод бүтцийн далангийн бүтээн байгуулалт юм. Төмөр замын 149.3 км нь Өмнөговь аймгийн гурван сумаар дайран өнгөрч байгаа бөгөөд Манлай сумын нутаг дэвсгэрт ЗХЖШ-ын дөрвөн анги, МТЗ ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон 23 аж ахуйн нэгжийн 30 гаруй кемп байрлаж, бүтээн байгуулалт хийж буй юм.

Биднийг ирэхээс долоо хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч ажлын явцтай танилцаад буцсан талаар Манлай сумын засаг дарга Г.Буянхүү ярилаа.

Уг төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын төмөр замын нэгдсэн сүлжээ хэвтээ тэнхлэгээр өргөжиж, Таван толгойн нүүрсний тээврийн зардал буурч, улмаар өрсөлдөх чадвар дээшилнэ хэмээн албаныхан тайлбарлаж байгаа. Манлай сумын удирдлага төмөр замын бүтээн байгуулалт хийж байгаа компаниудад хүсэлт тавьж, нийтдээ 70 гаруй сая төгрөгөөр багууддаа хуучирч муудсан байшинг нь засварлах, сагсанбөмбөг болон гар бөмбөгийн талбай тохижуулах, баяр наадмын асар байгуулахаар болсныг Г.Буянхүү танилцуулсан юм.

Бидний ажилласан Манлай, Баян-Овоо, Номгон сум нам гүм, хүн амын тоо нь гурван мянга хүрэхгүй, жижигхэн газар. Тэр хэрээр сумын удирдлага хүүхэд, гэр бүлдээ хүрч ажиллах боломж илүү гэсэн үг. Сум орон нутгийг нь ирээдүйд авч явах залуу үеийнхнээ хүмүүжүүлж буй сэтгэл хөдөлгөм жишээ бидний ажилласан сумдад бий.

Манлай сумын Ардын хувьсгалын партизан Д.Нанзадын нэрэмжит ЕБС өнгөрсөн жил “Авъяаслаг монгол хүүхэд”, “Эрүүл монгол хүүхэд” дэд хөтөлбөр хэрэгжүүлж, аймгийнхаа хүүхдэд ээлтэй сургуулиар шалгарчээ. Мөн сурагчид нь сэтгэн бодох чадварын олимпиадад аймагтаа тэргүүлсэн байна. Ийн амжилттай оролцсон нэг нөхцөл нь өнгөрсөн жил сургууль 320 хүүхдийн багтаамжтай шинэ байртай болж, нэн түрүүнд сэтгэн бодох чадварын кабинетыг тохижуулж, хичээллэжээ. Түүнчлэн үндэсний уламжлал, зан заншлыг өвлүүлэх, бие бялдарыг нь эрүүл чийрэг хөгжүүлэх зорилгоор 347 сурагчдаа хүрч ажиллаж буйгаа сургуулийн нийгмийн ажилтан Э.Мөнхсүрэн ярилаа. Энэ бүх хичээл зүтгэлийг нь үнэлж аймгийн ГБХЗХ-ын дарга Б.Эрдэнэцэцэг “Хүүхдэд ээлтэй сургууль” өргөмжлөл гардуулсан юм.

Ирээдүйн хөгжлийн эзэддээ зориулсан үйл хэргээрээ Баян-Овоо сум ч гэсэн үлгэрлэдэг. Эднийх 2018 онд хүүхдэд ээлтэй сум болж байв. Төвдөө хүүхэд багачууддаа зориулсан томоо гэгч тоглоомын талбай тохижуулсан тус сумынхан жил бүрийн хавар зохион байгуулдаг хүүхдээ сонсох өдрөөр хүүхдүүдийн гаргасан санал санаачилгыг хэрэгжүүлэх, эх оронч сэтгэлтэй иргэн болгоход зориулж хилийн заставтай танилцуулах аялал гээд хүүхдийн оролцоог хангасан олон ажил хийдгээ засаг дарга О.Мандахбаяр онцолсон.

Харин Монгол Улсын хамгийн урд сум болох Номгонд 10 гаруй жил царцсан соёлын төвийн барилга энэ онд л ашиглалтад оржээ. Соёлын төвийн спорт болон урлагийн зал нь Улаанбаатар хотын төлбөртэй сургуулиудын залтай эн зэрэгцэхүйц тохилог, орчин үеийн, тав тухтай аж. Харамсалтай нь нээлтээ хийхээс нэг өдрийн өмнө Covid-19 халдвараас сэргийлэх хөл хорио тогтоосныг сумын ИТХ-ын дарга Н.Буянхишиг хэлсэн юм. Ашиглалтад орчихвол соёлын төвд ирж соёл, хөгжлийн хэрэгцээгээ хангах хүүхэд, залуучууд олон.

Анзаарвал, гялайж гялтайх энэ мэт жишээнүүд ихэнхдээ хүүхдүүдийн оролцоог хангахад чиглэжээ. Гэтэл хамгаалал үгүйлэгдсэн хүүхдийн тоо сар, жилээр өссөөр байна. Тэднийгээ яах вэ?

Дээрх гурван сумын хүн ам жилд 30-40 орчмоор өсдөг. Тэр бүрт хүүхдийн аюулгүй байдал, хамгааллын асуудал хөндөгдөнө. Баян-Овоо суманд гэхэд өнгөрсөн онд гурван хүүхэд хууль зөрчиж, гэмт хэрэгт холбогджээ. Мөн нэг хүүхэд тураалтай байна. Цэцэрлэгт хамрагддаггүй учраас хоёр хүртэлх насны хэчнээн хүүхэд ямар орчинд амьдарч байгаа нь тодорхойгүй, хагас өнчин болон дагавар хүүхдийн тоо барагцаагаар 20, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 12 гээд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд 42 байгааг албаны эх сурвалж мэдээлсэн. Хуулийн дагуу тэдгээр хүүхэд ямар орчинд хэрхэн амьдарч байгаа талаар нөхцөл байдлын үнэлгээ хийж, хамгаалах үйлчилгээ үзүүлэх үүрэг хамтарсан багуудад бий. Энэ үүргээ цаг алдалгүй биелүүлж, тус бүрт нь үнэлгээ хийж эрсдэлээс сэргийлэхийг Д.Ундраа багш болон аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд анхааруулсан. Сумын нийгмийн ажилтны хэлж буйгаар өнгөрсөн онд хамтарсан баг нь нэг л удаа хуралджээ.

Алслагдсан Номгон суманд нөхцөл байдал бүр хүнд. Сумын засаг дарга нь түр орлон гүйцэтгэгч. Нийгмийн ажилтан нь сумын тамгын газрын даргын албан тушаалыг хавсарч гүйцэтгэдэг. Сургуульд нь нийгмийн ажилтан, биеийн тамирын багш байхгүй тул захирал нь давхар орлодог. Ийм нөхцөлд хүүхдүүддээ хүрч ажиллах боломж үнэхээр хомс байгааг сумын удирдлага ч, сургагч багш Д.Ундраа ч хүлээн зөвшөөрч байсан юм. Гэхдээ энэ бол толгой сэгсрэнгээ санаа алдаад өнгөрүүлэх зүйл яавч биш. Сумын эрүүл мэнд, нийгмийн үзүүлэлтээс харахад Номгон сум амиа хорлолттой, өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт өндөртэй, хүн амынх нь найман хувь архины хамааралтай, дээрээс нь агаарын зэвсэгт хүчний 104 дүгээр анги байрладаг газар. Архины зөвшөөрөлтэй таван дэлгүүртэй, бэлгийн замаар дамжих халдвар өндөртэй бөгөөд өнгөрсөн онд шинэ төрлийн тэмбүүгийн халдварын гурван иргэн бүртгэгдсэн байна. Бас хэсгийн төлөөлөгч нь тогтдоггүй аж.

Ийм нөхцөлд хөдөө орон нутгаас, ялангуяа алслагдсан баг сумаас нийгмийг цочроосон гэмт хэрэг гарахгүй, хүүхэд харамсалтайгаар эндэхгүй гэх баталгаа байхгүй. Яагаад гэвэл, тэнд урьдчилан сэргийлэх боломж бас чадавх аль аль нь алга.

Харин Манлай сумын албаны эх сурвалжуудын тоон мэдээллийг сонсоод чихэндээ ч итгэхэд бэрх байв. 0-17 насны 933 хүүхэдтэй бөгөөд нийт хүн амынх нь 35.4 хувь. Гэтэл тавиул хүүхэд 153, хөгжлийн бэрхшээлтэй 28, хүнсний талонд хамрагддаг долоон хүүхэд амьдарч байгаа нь эрсдэлийн зэрэг маш өндөртэйд тооцогдох үзүүлэлт.

Бас сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 56, өсөлт хөгжлийн хоцрогдолтой нэг хүүхэд бий. Энэ бүх хүүхдийн нөхцөл байдлыг үнэлээд, эрсдэлээс сэргийлэх ажил яагаад хийхгүй байгааг асуухад хэрхэн хамтарч ажиллаж, ажлын уялдаа холбоогоо сайжруулах хэрэгтэйг анх удаа л сонсож, мэдэж байна гэдгээ сумын удирдлага хэлсэн юм. Бас түмний төлөө зүтгэх тангараг өргөсөн тэд үүргээ биелүүлж, хуулиа хэрэгжүүлэхдээ ямар алдаа дутагдал гаргадагаа ойлгосноо илэрхийлсэн. Уг нь он гараад ХНХЯ болон ГБХЗХГ-аас хамтарсан багуудад зориулсан бүсийн сургалт семинар хийж, хамтарсан баг гэж юу вэ гэдгийг заасан гэж салбарынхан хэлсэн. Гэсэн ч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн тухай хуулиуд болон түүнийг дагалдан гарсан 54 журмыг амьдралд хэрэгжүүлэх арга зүй хийгээд мэдлэг, сэтгэл, хандлага дутсан явдал амьдрал дээр байсаар л байна.

Энд хүний хөгжил доройтож байхад дэргэд нь дэд бүтэц цэцэглэж буй нь эгээ л Д.Нацагдорж гуайн Дагдангийн эхнэрийн таргалсан Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ гэх зүйрлэлийн орчин цагийн хувилбар гэмээр.

Холбоотой мэдээ