2000 гаруй малчинд хөнгөлөлттэй зээл олгожээ

2021-05-20 667 1

“Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээлд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай малчдыг дэмжих зээл багтсан. Тус зээлийг  малчин, мал бүхий этгээдэд 50 сая төгрөг хүртэл хэмжээтэйгээр 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал олгох зохицуулалттай.

Монгол Улсын Засгийн газар малчин, мал бүхий этгээдийн байгалийн  эрсдэлийг  даван  туулах чадварыг бэхжүүлэх, малын чанарыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд малчдын зээл олгох  чиглэлийг баримталж байна. Засгийн газар гэрээ байгуулсан арилжааны банкнуудаас малчдад олгосон зээлийн хүүгийн дэмжлэгийг банканд төлөх үүрэг хүлээсэн.

2021 оны 5-р сарын 14-ний байдлаар 3438 хүсэлт ирснээс 2146 малчинд зээл олгожээ. Зээлийн хэмжээний хувьд, 53.3 тэрбум төгрөгийн хүсэлт ирснээс 29.9 тэрбум төгрөгийг олгосон байна.

Арилжааны банкны эрх, үүрэг

Малчдыг дэмжих зээлийг малчин, мал бүхий этгээд  банкны  хэрэглээний зээлээс  бусад  ижил төрлийн /малчны/ зээлийн нөхцөлөөр олгоно.  Арилжааны банк малчдын зээлийн эх үүсвэрийг хариуцаж байгаа учраас гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг  баримтлан  зээлийн судалгааг хийж, зээлийн бодлого, журмын хүрээнд тухайн малчинд хэдий хэмжээний зээл  олгох  эсэхийг  бие даан шийдвэрлэнэ.

Банк зээлийн хүүгийн дэмжлэгээс  бусад бүх  төлбөр,  үүргийн гүйцэтгэлийн эрсдэлийг хариуцна. Мөн зээлийг зориулалт бусаар ашигласан  тохиолдолд хүүг банкны ердийн  зээлийн хүүгээр нөхөн  хуримтлуулан тооцож, эргүүлэн төлөхийг гэрээнд тусгах эрх үүрэгтэй.

Малчин, мал бүхий иргэд зээл авахад тавигдах шаардлага

  1. Үндэсний статистикийн хорооны  жил бүрийн  мал тооллогын “А” дансны  мэдээллээр малын тоо нь баталгаажсан байна.
  2. Банкны ижил төрлийн  зээлийн бүтээгдэхүүнд тавигдах бусад шаардлагыг  хангасан  байна. Энэ нь банкны эрх, үүргийн хүрээнд хийгдэх  зохицуулалтын асуудал юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас малчдын зээлийг дараах чиглэлээр олгох нь зохистой гэж зөвлөж  байна

  1. Малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, цөм сүрэг өсгөн үржүүлэх зорилгоор үржлийн өндөр ашиг шимт сүү, махны чиглэлийн өсвөр үхэр, хонь, ямаа, нарийн ноост хонь худалдан авах;
  2. Нэмүү өртөг шингээсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор гахай, шувуу, зөгий үржүүлэх;
  3. Сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн  бэлтгэх, хадгалах, боловсруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор жижиг, дунд оврын тоног төхөөрөмж худалдан авах;
  4. Өрхийн орлого, амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор эсгий эдлэл, арьс, шир боловсруулах, гар урлалын үйлдвэрлэлийг дэмжин жижиг, дунд оврын техник, тоног төхөөрөмж  худалдан авах;
  5. Ган, зудын эрсдэлийг бууруулах зорилгоор бэлчээрийг хамгаалах, усан сан байгуулах, булгийн эх хамгаалах, худаг уст цэг бий болгоход;
  6. Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор малын тэжээл тариалах, бэлтгэх, хадлан хадах, хадлангийн иж бүрдэл бага, дунд оврын техник худалдан авах;
  7. Өвс, тэжээлийн агуулах, малын өвлийн хашаа саравч барих, хадлангийн талбайг хашиж хамгаалах;
  8. Мал эмнэлгийн зориулалттай зөөврийн хашаа, угаалгын ванн барьж байгуулах;
  9. Өвөлжөө, хаваржаандаа болон отор нүүдэл хийхэд тав тухтай байх.

Холбоотой мэдээ