Туул голын эхэнд минж нутагшуулав

2021-06-22 657 4

Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмэгдүүлэх замаар экосистемийн доройтлыг бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 онд ОХУ болон ХБНГУ-аас 17 бүлийн нийт 34 бодгаль Евразийн минжийг авчран өсгөж байна. Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд 2012-2020 он хүртэл нийт 57 бодгалийг Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голд нутагшуулаад байгаа билээ.

Энэ жилийн хувьд “Минж үржүүлэх, нутагшуулах төвд” төслийн хугацаанд анх удаа нэг бодгаль минжнээс таван ихэр дүдэр төллөсөн. Иймд нас биед хүрсэн гурван бүлийн зургаан бодгаль минжийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон МУИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын II багийн нутагт нутагшууллаа. Ингэхдээ минжний шүтэж амьдардаг орчин бүхий хэсэгт аядуу зөөлөн суллан тавих аргыг сонгож усны төвшин, урсгалын хурд болон эргийн нөхцөлийг харгалзан ус боох далан хийж, татмын нугыг намагжуулах цүнхээл үүсгэх зэргээр дэмжлэг үзүүлж тавилаа.

Цаашид Туул голын эхэнд 100-150 бүл байгалийн популяц үүсгэх зорилго тавин ажиллаж байна. Ингэснээр байгалийн болон хүний сөрөг нөлөөлөлд бага өртөх улмаар өөрөө өсч үржих боломж бүрдэнэ.

Минж нь Амьтны тухай хуульд заасны дагуу нэн ховор амьтны төрөлд орох ба манай улс 1930 оноос эхлэн минж агнахыг хуулиар хориглосон. Минж нь Монгол Улс төдийгүй олон улсын хэмжээнд ховордох зэрэглэлд орсон, бүс нутгийн хэмжээнд устах аюулд өртөөд байгаа амьтан юм. Дэлхий дээр хойд Америкт тархсан канад минж (Castor Canadensis), Евразийн минж (Castor fiber) гэсэн хоёр зүйлийн минж амьдардаг бөгөөд Евразийн минж нь дотроо хэд хэдэн салбар зүйлтэй. Манай оронд шар минж хэмээх салбар зүйл нь тохиолдоно.

Холбоотой мэдээ