Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ нэмэгдсэн нь гол шалтгаан болжээ

2021-07-06 413 2

АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулав. Тус газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлэхдээ “Манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг тул шатахуун импорлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран өргөн хэрэглээний шатахуун болох АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авсаар ирсэн. 2020 оны гуравдугаар сараас хилээр үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн нийт гурван удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан. Мөн оны зургадугаар сараас дэлхийн зах зээл дээрх үнэ өнөөдрийг хүртэл байнга өсөлттэй байсан хэдий ч улсын хэмжээнд Аи-92-ийн жижиглэн борлуулалтын үнийг Улаанбаатар хотод 1450, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тогтвортой барьсан” гэв.

ГАЗРЫН ТОСНЫ ГАДААД НӨХЦӨЛ БАЙДАЛ, ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ШАЛТГААН

Газрын тосны үнэ 2021 оны нэгдүгээр сараас өсөлттэй байгаа ба“Goldman Sachs” энэ оны дунд үеэс газрын тосны үнэ 70 ам.долларт, харин “JPMorgan” оны эцэст 100 ам.долларт хүрч өсөх төлөвтэй хэмээн таамаглаж байна. Олон улсын Эрчим хүчний агентлаг (IEA)-аас 2021 оны тавдугаар сард газрын тосны зах зээлийн тоймоо шинэчлэн тооцсон бөгөөд 2021 оны газрын тосны эрэлтийн таамгийг өдөрт 270,000 баррелиар бууруулан 5,4 сая баррель болгосон. Энэ нь АНУ, Европын орнуудад газрын тосны хэрэглээ эхний улиралын хүлээлтээс бага байсан нь БНЭУ-д газрын тосны хэрэглээ ихээхэн хумигдсантай холбоотой байна. Дэлхийн газрын тосны үнэ дараах хүчин зүйлүүдээс хамаарч буурах боломжтой юм. Үүнд:

– ОПЕК+-ийн орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлвэл;

– Ираны хориг арга хэмжээ цуцлагдвал;

– Газрын тосны томоохон оролцогч орнуудын эдийн засаг тогтворжвол зэрэг болно.

Хэдийгээр он гарсаар газрын тосны үнэ өсч, шинжээчид өөдрөг дүгнэлт хийж байгаа ч зах зээл дэх тодорхойгүй байдал хэвээр байгаа тул үнэ өссөн ч удаан хугацаанд тогтвортой байна гэсэн үг биш юм. 2020 оны хямралаас өндийж байгаа зах зээлийн эрэлт хэвийн болох ч энэ онд хямралын өмнөх түвшингээс доогуур байна гэж ОПЕК үзэж байна.

Газрын тосны үнийн өсөлттэй холбогдуулан хөрш орнуудын шатахууны үнэ 2021 оны зургадугаар сарын 28-ны өдрийн байдлаар:

• ОХУ-д Аи-92 автобензиний литр тутмын үнэ 1950 төгрөг, Дт-ний литр тутмын үнэ 1918 төгрөг байгаа бол,

• БНХАУ-д Аи-92 автобензиний литр тутмын үнэ 3274 төгрөг, Дт-ний литр тутмын үнэ 2887 төгрөг тус тус байна. БНХАУ-ын хувьд он гарснаас хойш нийт 12 удаа үнэ нэмэгдсэн байна.

Шатахууны ердийн хэрэглээний 31 хоногийн нөөцтэй байна

2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 31 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаагаас:

 А-80 автобензин- 58 хоног

 Аи-92 автобензин-31 хоног

 Дизелийн түлш- 31 хоног

 ТС-1 онгоцны түлш- 15 хоног байна.

Холбоотой мэдээ