Бензиний үнийг барьж дийлэхгүй болсон шалтгаанууд

2021-07-21 1006 7

Өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнэ дахин өсөх төлөв гадаад орчинд өрнөсөөр байна. Өнгөрсөн сарын 28-нд АИ-92 бензиний жижиглэнгийн үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр өссөнөөс хойш олон улсын зах зээл дээр үнийн өндөр түвшин хадгалагдаж буй. Энэ нь дотоодын зах зээлд шатахууны үнийг хүчээр барьж буй эрх баригчдын “бяр” өнөө маргаашгүй дуусахыг илтгэнэ. Энэ талаар ч Засгийн газар болон АМГТГ өнгөрсөн хавраас хойш битүү болон зөөлөн утгаар анхааруулж байсан. Ковид-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтад нийт хүн амын 60 хувь хамрагдах хүртэл АИ-92 автобензиний нөөцийг хадгалах замаар үнийг тогтвортой барина гэдгийг АМГТГ-ын Газрын тосны асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Эрдэнэбаяр тавдугаар сараас хойш мэдэгдэж байсан билээ. Өнөөдрийн буюу лхагва гарагийн 11.00 цагийн мэдээгээр хүн амын 57.2 хувь нь вакцины хоёрдугаар тунд хамрагдаад байна.

Тиймээс шатахууны үнэ өсөх нь цаг хугацааны л асуудал байв. Энэ удаад ч гэсэн шатахууны үнэ өмнөхтэй ижил түвшинд нэмэгдэж мэдэх нь. Ц.Эрдэнэбаяр дарга мягмар гарагт “Ийгл” ТВ-д өгсөн ярилцлагадаа “Энэ сарын 25 гэхэд шатахууны үнэ нэмэгдэх эсэх нь шийдэгдэнэ” гэв. Өөрөөр хэлбэл, наймдугаар сард нийлүүлэгдэх шатахууны хилийн үнэ тодорхой болно гэсэн үг. Тэрбээр яриандаа шатахууны үнэ өсөх эсэхийг үгүйсгээгүй юм.

Зургадугаар сарын 28-нд жижиглэнгийн үнийг нэмснээс хойш олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ төдий л буураагүй, олон улсын бенчмарк болох “Брент” төрлийн газрын тос нэг баррель нь 70 орчим ам.долларт хэлбэлзэж байна. 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Газрын тос экспортлогч орнууд болон ОХУ буюу ОПЕК+ бүрэлдэхүүн цахимаар уулзаж, газрын тосны гарцаа өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэхээр болсон авч эл шийдвэр зах зээлд үнийг тогтворжуулах хэмжээний болж чадаагүй.

 

 

Том гүрнүүдийн эдийн засаг хүлээлтээс хурдан сэргэж байна

Газрын тосны үнэ өсөх бодит шалтгаануудын эхнийх нь том гүрнүүдийн эдийн засаг шинжээчдийн таамаглаж байснаас илүү хурдтай сэргэж буй явдал. Газрын тосны эрэлтийг гол өдөөгч АНУ-д ОУВС-ийн хийсэн үнэлгээгээр тус улсын эдийн засаг энэ онд 7 хувиар өсөх тооцоо гарчээ. Вакцинжуулалт эрчимтэй явагдаж, халдварын тоо буурч буйн зэрэгцээ жил гаруй үргэлжилсэн төсөв, мөнгөний далайцтай бодлогын үр дүнд тус улсын эдийн засгийн тэлэлт Ковидын өмнөх үеийнхээс бараг хоёр дахин хурдтай явагдаж буй нь энэ юм. Мөн Их Британид хөл хорио суларч, эрэлтээр өдөөгдсөн эдийн засгийн идэвхжил өндөр байна. Тус улсын үйлдвэрлэлийн болон үйлчилгээний PMI индексүүд эхний хагас жилийн байдлаар 60-аас дээш хувиар өсчээ. Японд мөн жижиглэн худалдаа сэргэж байгаа бол өмнөд хөршид халдварын тохиолдол огцом нэмэгдсэний улмаас зарим үйлдвэрлэлийн хотуудад эдийн засгийн идэвх саарсан ч төсвийн хөрөнгө оруулалтын ачаар барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөсөөр байна.

Ийнхүү аж үйлдвэржилтийн гол бүс нутгуудад эдийн засгийн сэргэлт хүлээлтээс өндөр байгаа нь газрын тосны эрэлтэд шууд нөлөөлж буй. Хөгжингүй орнууд дэлхийн газрын тосны эрэлтийг 50 хувиар буюу өдөрт дунджаар 2.7 сая баррелиар нэмэгдүүлэх бөгөөд үүний 50-иас илүү хувийг АНУ бүрдүүлнэ гэж ОПЕК+ эвсэл энэ удаагийн уулзалтаараа таамаглажээ. Тиймээс ч тус эвсэл газрын тосны олборлолтоо Ковидын өмнөх үед хүргэхээр тохиролцоод буй. 

Гэвч эрэлтийг гүйцэхэд хугацаа хэрэгтэй

Цар тахал дэлхий даяар дэгдсэнээс хойш буюу 15 сарын өмнө ОПЕК+ түншлэл газрын тосны үнийн уналттай уламжлал ёсоор “дайн зарлаж” олборлолтоо танасан. Уналтын түүхэн доод цэгт хүрсэн тэр үед ОПЕК+ орнууд газрын тосны олборлолтоо өдөрт 10 сая баррелиар танах шийдвэрт гарын үсэг зурснаар нийлүүлэлт эрс багассан юм. Хэдийгээр сүүлийн уулзалтаар талууд газрын тосны гарцаа цар тахлын өмнөх түвшинд хүртэл нэмэгдүүлэхээр Саудын Араб, ОХУ тэргүүтэй орнууд тохиролцож, зах зээлд үнийн өсөлтийг багахан сааруулсан авч хурдтай сэргэж буй эрэлттэй харьцуулахад хангалтгүй юм.

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн удирдлагын газраас нийтэлсэн төлөвт 2021 онд дэлхийн шингэн түлшний хэрэглээ өдөрт 5.3 сая баррелиар нэмэгдэнэ гэж тооцжээ. Харин 2022 онд дахин 3.2 сая баррелиар өсөж, 101.4 сая баррель болсноор 2019 оны түвшнээс илүүрхэнэ гэсэн тооцоог гаргаад байна. Мөн Financial Times сонинд бичсэнээр газрын тосны зах зээл өдөрт 5.8 сая баррелиар хомсдсон хэвээр байх бөгөөд энэ нь 2022 оны дунд хүртэл үргэлжилнэ гэжээ. Өөрөөр хэлбэл, ОПЕК+ орнуудын энэ удаагийн шийдвэрийн үр дүнд зах зээлд үнийн тэнцвэр тогтоход дахиад нэг жилийн хугацаа хэрэгтэй. Тиймээс үнийн өсөлтийн хурд нь саарахаас бус зогсохгүй. 

АНУ-ын хөрөнгө оруулалтын тэргүүлэгч банкуудын зүгээс энэ онд нэг баррель газрын тосны дундаж ханш 80-85 ам.долларт хэлбэлзэж, 2022 оны турш хадгалагдана гэх таамаг өрнөж буй.

Гэхдээ зах зээлийн нөхцөл байдал тогтворжоогүй байгаа. Дэлхийн хүн амын гурван тэрбум орчим нь вакцинжуулалтад хамрагдсан ч коронавирусын шинэ хувилбаруудын улмаас улс орнууд сорилттой тулгарсан хэвээр, зах зээлд тодорхойгүй байдал давамгайлсан хэвээр байна. Мөн есдүгээр сарын 1-нд болох ОПЕК+ түншлэлийн дараагийн уулзалт хэрхэн өрнөх нь ч тодорхойгүй байгаа билээ. 

Хилийн үнэ хэд болох бол

Өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийн 70 гаруй хувийг тайлбарладаг хилийн үнэ сүүлийн нэг жилд 2.4 дахин нэмэгджээ. АМГТГ-ын өнгөрсөн сард танилцуулсан мэдээлээр 2020 оны зургадугаар сард АИ-92 шатахууны нэг тонн нь 292 ам.доллар байсан бол 2021 оны долдугаар сарын байдлаар 695 ам.доллар болж өсөв. Харин жижиглэнгийн үнэ энэ хугацаанд буюу 13 сарын турш 1400-1450 төгрөг буюу тогтвортой байв. Засгийн газар АИ-92 автобензиний онцгой албан татварыг тэглэх, шатахуун импортлогчидтой зөвшилцөх замаар зах зээлд үнийг хянаж байсан гэсэн үг.

Гэтэл манай улсад шатахуун нийлүүлдэг хоёр хөршийн дотоодод иргэд нь нэг литр бензинийг 2-3 мянган төгрөгтэй дүйх үнээр худалдан авч байна. GlobalPetrolPrice.com-д мэдээлснээр энэ сарын 12-ны байдлаар өмнөд хөршид автобензиний жижиглэнгийн үнэ литр нь 1.187 ам.доллар, ОХУ-д 0.7 ам.доллар байна. Өмнөд хөршид гэхэд энэ он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнийг есөн удаа нэмснийг Globaltimes сонин бичжээ. Тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос өнгөрсөн сарын 28-нд хийсэн мэдээллээр дотоодын зах зээлд борлуулагдаж буй автобензиний үнийг дэлхийн зах зээлийн хэлбэлзэлтэй уялдуулан тонн тутамд нь 225 юань, дизель түлшийг 215 юань болгож нэмэгдүүлснээ мэдээлсэн. Ам.доллараар тооцвол энэ нь автобензиний үнийг тонн тутмыг нь 34.85 ам.доллараар өсгөсөн гэсэн үг. 

Үндсэндээ энэ он гарснаас хойш автобензин тонн тутамдаа 1180 юань, дизель түлш 1140 юаниар нэмэгдээд байгаа аж.

Харин манай улсын шатахууны хэрэглээний 90 гаруй хувийг нийлүүлдэг “Роснефть Монголиа” компанийн мэдээлж буйгаар 2020 оны тавдугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэл шатахууны хил үнэ 2.4-3.8 дахин өсөөд байгаа юм. Үүний нөлөөгөөр шатахуун импортлогчид литр тутамд нь 600 орчим төгрөгийн алдагдал хүлээж буйгаа АМГТГ болон шийдвэр гаргагчдад хэлж, үнэ өсгөхөөс аргагүй болж буй талаар албан бичиг хүргүүлж буй. Зургадугаар сарын байдлаар улсын хэмжээнд АИ-92 шатахууны 29 хоногийн нөөцтэй байна. Хэрэв байдал энэ чигээрээ үргэлжилбэл шатахууны нөөц хомсдож, түүнийг дагасан дотоод эрэлт үнийг бүр ч хөөрөгдөх эрсдэл бий. 

Нөгөө талаар, Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийн нөөлөөгөөр өдөөгдөж буй эрэлтийн шалтгаантай үнийн өсөлтийг Засгийн газар яаж ч чадахгүй нь тодорхой зүйл. Үнийг барих гэж оролдох тусам бодит үнэ, “боомилсон” үнийн зөрүү улам ихсэж, үр дагавар нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлөх аюултай. 

Энэ удаад ч гэсэн гадаад зах зээлийн үнийн өсөлтийн их энерцийн дайрлагад өнөө маргаашгүй өртөх нь. Инфляц цойлж, эдийн засаг халуурахын зовлонтой иргэд дахиад тулгарах нь. Шатахууны үнийн өсөлттэй уялдуулж төсөв, мөнгөний бодлогоо хэрхэн оновчлох талаар хариуцсан байгууллагууд нь таг чиг л байна.

Холбоотой мэдээ