Дархан дахь “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн II шатны хэрэгжилттэй танилцлаа

2021-08-05 654 1
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хоёрдугаар шат Дархан-Уул аймгийн “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д хэрэгжиж буй. Улсын хэмжээнд жишиг болохуйц тус төвийн үйл ажиллагааны Хөдөлмөр, нийгэм хамгааллын дэд сайд С.Зулпхар, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава болон Швейцарын хөгжлийн агентлагийн захирал Стефани Бурри нар танилцжээ.
Дархан-Уул аймагт 2018 онд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг аймгийн ИТХ-ын тогтоолоор 2018 онд анх байгуулсан бөгөөд тус төвийн үйл ажиллагааг тогтвортой сайн авч явж байгаа, зорилтот үйлчлүүлэгчдэд хүрч үйлчилж байгаа зэрэг үзүүлэлтээр төслийн 2 дугаар шатанд шалгарч, улсын хэмжээнд түшиц 6 газрын нэгээр сонгогджээ.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн 2 дугаар шатыг 2020 оны наймдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа юм.
“Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн байрыг 250 сая төгрөгөөр аймаг орон нутгийн санхүүжилтээр ашиглалтад оруулсан бөгөөд тавилга, эд хогшил, тохижилтод донор байгууллагаас 85 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээр стандарт шаардлага хангасан тоног төхөөрөмж бүхий үзлэгийн өрөө, гал тогоо, уулзалт, сургалтын өрөө, зөвлөгөө өгөх өрөө зэрэг нийт 14 өрөө тасалгааг иж бүрэн тохижуулж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд хяналт тавих иж бүрэн камержуулалт, дэмжих бүлгийн үйл ажиллагаанд зориулсан хүлэмж, оёдлын машин, туслах материалууд, барилгын дээврийн засварыг шийдвэрлэн, хохирогчдод нэг цэгээс хамгааллын үйлчилгээг тогтвортой үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Тус төвийн талаарх манай сайтын бэлтгэсэн дэлгэрэнгүй сурвалжилгыг эндээс уншина уу.
“Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцах үеэр НҮБ-ын Хүн мын сангаас хүчирхийллийн хохирогч охид, эмэгтэйчүүдэд зориулан ариун цэвэр, эрүүл ахуйн 30 ширхэг багцыг гардуулж өглөө. Төслийн баг Дархан хотын захирагчийн орлогч Б.Батболд болон албаны бусад хүмүүстэй уулзан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр манай аймагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр дүн, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон юм.

Холбоотой мэдээ