Дархан-Уул аймаг хүчирхийллийн 398 хохирогчид хамгаалах үйлчилгээ үзүүлжээ

2021-08-12 970 0
Хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах, шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлдэг Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төв” энэ оны 8-н сарын байдлаар 75 хүнд хамгааллын цогц үйлчилгээг үзүүлсэн байна.
Тус төв байгуулагдсанаасаа хойш давхардсан тоогоор 398 хохирогчид 3-144 хоногийн үйлчилгээ үзүүлээд байна.

Дархан-Уул аймгийн ИТХ-ын 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 65 дугаар тогтоолоор Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулах шийдвэр гарч улмаар нэг зэрэг 24 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм.
Хамгийн гол нь хохирогчдод хамгааллын үйлчилгээг цогцоор үзүүлэх бүхий л орчныг бүрдүүлсэн, улсын хэмжээнд жишиг болсон үйлчилгээний төв юм.
Тус төвөөр үйлчлүүлсэн хохирогчдыг газар зүйн байршлаар нь авч үзвэл Дархан-Уул аймгаас гадна Сэлэнгэ, Улаанбаатар, Өвөрхангай, Ховд, Булган, Төв аймгийнхан зонхилж буй аж.
Нэг цэгийн үйлчилгээний төв хашаандаа ногоон байгууламж бүхий эко орчин бүрдүүлэн, үйлчлүүлэгчидтэйгээ хамтран хэрэгцээнийхээ ногоо, жимс жимсгэнэ тариалдаг байна.
Мөн дэмжих бүлгийн хичээлээр үйлчлүүлэгчдэд нэхмэл гутал, дээл эсгэж оёх сургалтыг зохион байгуулж дадлагажуулдаг. Дэмжих бүлгийн сургалтын үр дүнд гурван өрх Сум хөгжүүлэх сангийн болон ХХҮГ-ын төсөлд хамрагдан оёдол, модон эдлэлийн болон малжуулах хөтөлбөрт хамрагдан амьдралынхаа чанарыг дээшлүүлж байгааг аймгийн ГБХЗХГ-аас мэдээлжээ.

Холбоотой мэдээ