“Хөгжлийн сан” нэртэй ёроолгүй савнуудад хуулийн дэнс хэрэгтэй-1

2021-10-01 1900 0

ТОСОН ЗААМАР “ШОРООН” ЗААМАР БОЛСОН НЬ

“Улаанбаатар хотоос ердөө 180 км-ийн зайтай Заамар суманд очихын тулд замын талыг нь элэг, бөөрөө сэгсчсээр бардаг. Тэнд би уул уурхайн нэгэн компанид ажилд ороод таван жил болж байна. Гэр маань нийслэлд учраас ээлжнээс буугаад хот хоорондын таксигаар явна. Бороо орсон үед өнөөх хайрга, дайрга ихтэй 100 км замыг туулахад тун бэрх. Уг нь улсдаа хамгийн олон уул уурхайн компанитай орон нутаг шүү дээ. Гэтэл өдий олон жил 100-хан км шороон замыг яагаад хуччихаж болдоггүйг гайхах юм” хэмээн Төв аймгийн Заамар суманд олборлолт хийдэг уул уурхайн компанид ажилладаг, 34 настай Т хэмээх залуу (нэр, компаниа нууцлахыг хүсэв) ярив. Түүнд тулгарсан энэ асуудал нь яг үнэндээ заамарчуудын хувьд улиг болсон, нэг ёсондоо сонгуулийн шоуны сэдэв.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ-ын сонгуулиар тус орон нутгаас гарч ирсэн үе үеийн түшээд “ЗАМ ТАВИНА” гэсэн амлалт өгсөөр өнөөг хүргэсэн. Цагийн сайханд ган, зуд тохиодоггүй учир “Тосон Заамар” хэмээн гайхагдаж, 1980, 1990-ээд онд улсын тэргүүний газар тариалангийн бүс нутаг гэгдэж, нэг өрхөд ногдох малын тоогоор аймагтаа тэргүүлж, улсад есдүгээрт бичигдэж байсан түүхтэй. Гэтэл өнөөдөр сэтгэлгүй удирдлага, хариуцлагагүй уул уурхайн балгаар Заамарын хэвлий араатанд гэдсээ хүүлүүлээд амь тавьж буй мал шиг дүр төрхтэй болчихож. Юу сайндаа л “Тосон Заамар” гэгдэж байсан алдар нь “Шороон Заамар” сэтэр зүүх вэ дээ.

Заамар бол уул уурхайн тусгай зөвшөөрлийн тоогоор улсдаа эхний гуравт бичигддэг сум. Одоогийн байдлаар ашиглалтын 103 тусгай зөвшөөрөл 53 аж ахуйн нэгжийн эзэмшилд байна. Үүнээс 20 орчим компани байнгын үйл ажиллагаа явуулж байгааг тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Ган-Очир хэлж байна. Улаанбаатартай ойр, уул уурхайн баялаг ихтэй, улс, орон нутагт төлдөг татвар хураамж, компаниудын хандивынх нь хаялгыг харвал, Заамар сум нь дэд бүтэц сайтай, ЖДҮ эрхлэгч олонтой, ард иргэд нь хангалуун сайхан амьдралтай буюу одоогийнхоос хавь илүү хөгжингүй байх учиртайсан.

Заамраас алт олборлодог компаниуд алтаа дэлхийн зах зээлийн ханшаар арилжаалж, жилд төлдөг татвар хураамж нь хэдэн зуун саяар хэмжигддэг атал ард иргэд нь өнгөрсөн зуундаа хоцорсон гэмээр шороон замтай, цахилгааны хязгаарлалтад ордог хэвээр, ахуй амьдрал нь дорой байх юм. 2020 оны байдлаар Заамарт алт олборлодог компаниудаас найман компани нь зөвхөн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 178 сая гаруй төгрөг төлсөн нь Монголын ОҮИТБС-ын мэдээллийн санд байна. Тэр хэрээр компаниуд нь тухайн сум орон нутгийн хөгжилд зориулсан хандив дэмжлэгээр улсын хэмжээнд өндөр хувь эзэлдэг аж. Гэтэл энэхүү хандив дэмжлэгийн мөнгө хаашаа урсаад байгаа нь эрхгүй анхаарал татна. Заамар нутгийн хөгжлийн төлөө зарцуулагддаг гэдэг нь эргэлзмээр.

Судлаад үзвэл, компаниудын хандив дэмжлэг “Заамар нутгийн хөгжлийг дэмжих сан” НҮТББ-д төвлөрдөг юм байна.  УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлээс харвал, 2018 оны гуравдугаар сард УЗ нь долоон хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдсан аж. 2018 оноос хойш санд төвлөрсөн уул уурхайн компаниудын хандивыг хэрхэн зарцуулсан талаарх мэдээллийг нээлттэй хайгаад олсонгүй. Тиймээс сангийн Гүйцэтгэх захирал З.Мөнхгэрэлтэй холбогдов. Тэрбээр “Орон нутгийн иргэдээс ирүүлсэн хүсэлтийг эрэмбэлж, тухайн жилийнхээ төсөл, хөтөлбөрийг ЗДТГ, ИТХ-аар хэлэлцэн баталж, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулдаг. Жилд дунджаар 450 орчим сая төгрөг санд төвлөрдөг. 2018 онд хамгийн их буюу 18 компаниас 1.3 тэрбум төгрөг орж ирсэн. Бид дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчин гээд зургаан дэд хөтөлбөрийн хүрээнд ажлаа хуваадаг. Өнгөрсөн 30 жилийн турш манай нутгийн газрыг ухаж байгаа атал орон нутагт маань энэ гээд хэлчих томоохон бүтээн байгуулалт хуруу дарам цөөн бий. “Алтан дорнод”-ын хөрөнгөөр барьсан “Инээмсэглэл” хүүхдийн цэцэрлэг, Монполиметын байгуулсан ахуйн үйлчилгээний төв л байна. Тиймээс бид ярилцаад Оюутолгой ХХК-ийн “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн жишгээр Заамар нутгийн сангаа байгуулсан” гэв.

Гэхдээ зарцуулалтад хамгийн том доголдол бий. Тухайлбал, “Заамар нутгийн хөгжлийг дэмжих сан”-гийн энэ онд хийж буй бүтээн байгуулалтаас харахад хөрөнгө оруулалт оновчгүй байна.

Жишээлбэл, Эрүүл мэндийн төв болон Сумын цагдаагийн хэлтсийн хүсэлтийн дагуу Toyota Hilux маркийн автомашиныг өнгөрөгч зургадугаар сард сангийн хөрөнгөөр авч өгсөн гэж тэмдэглэсэн байв. Энэхүү машин нь орж ирсэн оноосоо хамаарч, 40-50 сая төгрөгийн үнэтэй байдаг аж. Хачирхалтай нь, уг машиныг эмнэлэг, цагдаа нь дундаа хэрэглэх гэнэ. Гэтэл хоёулаа тусдаа статус, чиг үүрэгтэй байгууллага атал дундаа нэг машинтай байх нь утгагүй, хэрэв эмнэлэгт хэрэгтэй бол анхнаасаа эмнэлгийн зориулалттай машин авах байсан гэж нутгийн иргэд шүүмжилж. Мөн Сум дундын цагдаагийн хэлтсийн дээвэр засах ажилд сангаас хөрөнгө гаргасанд зарим иргэд бухимдсан байв. Төсөвт өртөгтэй төрийн байгууллагад юуны учир мөнгө зарав гэж. Энэ мэтчилэн ухаад байвал ундраад л байхаар олон асуулт, асуудал хандив даган гарч ирнэ.

Тус сангийнхнаас бидэнд хандивын зарцуулалтын тайлангаа өгөхийг нийтлэл нийтлэгдэх эцсийн мөч хүртэл хүсэж, хүлээсэн боловч ирүүлээгүй юм. Тиймээс Монголын ОҮИТБС-ын Нэгтгэл тайлангийн нээлттэй өгөгдлөөс тус санд аль компаниас, хэдий хэмжээний хандив дэмжлэг, ямар зориулалтаар орж ирснийг шүүж үзэв. Зөвхөн 2018 онд энэхүү санд уул уурхайн дөрвөн компани 300 сая төгрөгийн хандив өгснөө тайлагнажээ. Хандив дэмжлэгийг орон нутагтай хамтран ажиллах гэрээний дагуу өгсөн ба соёл, спортын зориулалтаар дийлэнх хандив орсон байна.

 

ХОВДЫНХНЫ ХОВДОГЛОЛ БА ХЯНАЛТГҮЙ МӨНГӨ

Бас нэгэн жишээ. Ховд аймгийн 85.7 сая тонн чулуун нүүрсний нөөцтэй Хөшөөтийн уурхайн лицензийг эзэмшдэг “МоЭнКо” компанийн хандив дэмжлэг “Ховд Хөшөөт Хөгжил сан”-гаар дамждаг. Нээлттэй мэдээллийн сангаас харвал тус сан нь аймгийн ЗДТГ-ын дэргэд байгуулагджээ. ТУЗ-ийн даргаар Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди ажилладаг.

2014-2020 онд тус санд хандивласан мөнгөн дүнгээс хамгийн их нь 2019 он байна. Тус онд 2.1 тэрбум төгрөг “Ховд Хөшөөт Хөгжил сан”-д орж, үүний 1.5 тэрбумыг нь аймгийн санд, үлдсэнийг нь түншлэгч сум болох Дарви, Цэцэг сумын нөлөөллийн санд хуваарилжээ. Сангийн хөрөнгө хаашаа юунд зарцуулагдсан талаар олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хуудастаа дүрс бичлэг байршуулжээ. Эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбарт нэн тулгамдаж буй асуудлыг шийдэж, шаардлагатай бүтээн байгуулалт хийсэн гэх боловч 100 хувь үр өгөөжөө өгөх төсөл хөтөлбөр байгаагүйг дурдсу. Тухайлбал,

  1. Эх орны хүү бүжгэн жүжиг-30 сая
  2. Ш.Ванчинхүүгийн мэндэлсний 100 жилийн бөхийн сорилго барилдаанд-10 сая
  3. Аймгийн баяр наадам зохион байгуулахад-40 сая
  4. Ховд их сургуулийн 40 жилийн ойд-10 сая
  5. Эрдэнэбүрэн сумын Засаг даргад жийп-40 сая гэх мэт үр ашиггүй хандивууд байна.

Хамгийн сүүлийн буюу Эрдэнэбүрэнгийн Засаг даргад машин авч өгсөн асуудал ихээхэн шүүмжлэл дагуулжээ.

Сангийн хөрөнгийн зарцуулалтын талаар аймгийн иргэд олон нийтийн сүлжээнд дараах байдлаар эсэргүүцлээ илэрхийлжээ. “Суманд бохир соруулах машингүй байхад дарга нарт машин авч өглөө. Ард түмний мөнгийг өөрсдөд нь зарцуул. Даргын машин бэлдэхийн оронд эмнэлгийн унаа авахгүй дээ. Энэ сан үе үеийн дарга нарын халаасны мөнгийг бэлддэг. Хахууль өгчихөөд ингэж бичихээс ичээч” гэсэн бол бас нэгэн иргэн “Хөшөөт хөгжлийн сан гэж ямар сан бэ? Xөшөөтийн уурхайн ард иргэд нь шороондоо дарагдаж айл өрхүүд нь хөрс хуулалтын шороотой зэрэгцэн амьдарч өдөр шөнөгүй амьсгал авч амьдрахад хэцүү байхад зарим нь 40 саяын жийп унаж, зарим нь хөшөөтийн ард иргэдийн эрүүл мэнд амь насаараа төлж байгаа мөнгөөр нэгэндээ тал засаж амьдрах нь юуны учир вэ? Өнөөдөр хөшөөтийн уурхайн иргэд усанд ч орох халуун усгүй, хүүхэд багачууд нь тоглох газаргүй, газрын хөрс нь хар шороо ийм л орчинд амьдарч байна Xовд аймгийн удирдлага, эрх мэдэл бүхий дарга нар Xөшөөт төслийн мөнгөөр Хөшөөтийн уурхайн ард иргэдэд юу хийснээ тайлагна” гэжээ.

Уул уурхайн компаниудын хандив дэмжлэгийн нээлттэй өгөгдлийн дүрслэлээс харахад төрөл бүрийн сангаар дамжсан хандив дэмжлэг өндөр хувь эзэлж байна.

Сангуудыг дотор нь задалбал, улсын төсвийн дахин хуваарилалт хийдэг Орон нутгийн хөгжлийн сан, “Хөгжлийн сан” гэх зохиогүй тодотголтой ТББ хоёр л байгаа юм. Харин хөрөнгө хүлээн авсан хэмжээгээрээ “Хөгжлийн сан” гэх өнөөх чамин тодотголтой ТББ-ууд илүүрхэнэ. ТББ-ын статустай сангууд нь тухайн нутаг орныхоо хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой. Гэхдээ эдгээр сангаар орж ирсэн мөнгө нутаг орны хөгжилд зориулагдаж байна гэхээс илүүтэй дээр нь сандайлж суусан эрхмүүдийн үзэмжээр зарцуулагдаж, гарын салаагаар урсах нь түгээмэл.

ОҮИТБС-ын нээлттэй өгөгдлөөс харахад, уул уурхайн компаниудын хандив жилд ойролцоогоор 30-аад тэрбум төгрөгөөр хэмжигддэг. Үүний тал орчим хувийг Оюутолгойн хандив тусламж эзэлж буй. Харин үлдсэн хандив, дэмжлэгийн дийлэнхийг Өмнөговь, Дорноговь, Ховд, Төв, Сэлэнгэ, Булган, Дорнод зэрэг аймагт төвлөрч буй.

2019 онд 33 тэрбум төгрөгийн хандив дэмжлэг уул уурхайн компаниудаас цугларсны 17 гаруй тэрбум төгрөг нь “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гаар дамжжээ. Энэхүү сан нь хөрөнгө оруулалтын квоттой, зарцуулалт нь харьцангуй ил тод байдаг тул Оюутолгойн хандив хаашаа урсаж байгааг цахим хуудаснаас нь нээлттэй харах боломжтой байдаг. Харин үлдсэн хандив хаашаа хамгийн их урсаж байгааг харж болох ч юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т зааснаар уул уурхайн баялаг бол төрийн нийтийн өмч байдаг. Энэхүү өмчийн захиран зарцуулалт нь урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдаж, иргэн бүрд тэгш хуваарилагдаж байх учиртай. Гэтэл ачир дээрээ уул уурхайн баялаг “Хөгжлийн сан” гэх сэтэртэй байгалийн баялгийн орлогыг төвлөрүүлдэг хэсэг бүлэг хүний сандайлж суусан байгууллагыг далдуур угжиж, түмнээс дээгүүр тэтгэсээр байна.

Үргэлжлэл бий…

Холбоотой мэдээ