“Ард”-ын асар дор өрнөсөн Digital Nation-ий ГУРВАН ӨДӨР

2021-09-22 483 0

Санхүүгийн боловсрол гэхээр олон оронтой тоо бодож, макро микро эдийн засаг, инфляцийн түвшинг судалдаг байх албагүй. Гар дээрх утаснаасаа л амьдралд хэрэгтэй санхүүгийн үйлчилгээгээ аваад хэвшчихэд, тэр нь мөнгө төгрөг, цаг хугацаа хэмнэж байхад өөртөө тохирсон санхүүгийн боловсролтойд тооцогдоно. Цаашлаад хувьцаа, бонд, хөрөнгө оруулалт, хадгаламж гээд ирээдүйн баталгаагаа тооцоолж, алхам хийж байгаа монгол хүн түвэггүй сайхан амьдрах боломж дүүрэн байна. 

Яг энэ ойлголт, боловсролыг монголчуудад олгож, санхүүгийн үйлчилгээг техник, технологийн дэвшилтэй хослуулж чадсанаар Монголын хөрөнгийн зах зээлд бүүм авч ирсэн компани бол Ард Санхүүгийн Нэгдэл (Ард). Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас санаачлан өнгөрсөн гурван өдрийн турш зохион байгуулсан “Digital nation” технологийн үзэсгэлэнгийн онцлох хамт олон тэд байв. 

Ковидын эерэг тал монголчуудыг цахим систем рүү эргэлт буцалтгүй шилжүүлснийг  “Digital Nation” үзэсгэлэн тод харуулж байлаа. Тэр дундаа энэ үеийн эрч хүчтэй залууст зориулж санхүүгийн боловсрол, мэдлэг, үйлчилгээ олгох ажиллагаа сонирхолтой, энтертайнмент хэлбэрээр өрнөсөн “Ард”-ын асарт гурван өдөр ийнхүү саатав.

 Өсдөг машинтай, зээлийн гэрээтэй, хөрөнгө оруулалтын багцтай 

Ард санхүүгийн олон салбарт үйлчилгээ үзүүлэгч 33 охин компанитай. Эдгээр компаниудын төлөөлөл энэ удаагийн “Digital nation” үзэсгэлэнд үйл ажиллагаагаа танилцуулж байлаа. Хамгийн эхэнд онцлох компани бол Ард Лизинг. Ард Лизингийнхэн хэрэглэгчдэдээ “Өсдөг машин” төслөө танилцуулаад байгаа билээ. Шинэ, хуучин аль нь ч бай машин худалдаж авсан цагаас зардал гардгаас биш орлого, хөрөнгө оруулалт болдог тухай ойлголт манайд үгүй. Тэгвэл “Өсдөг машин” төсөл монголчуудад машинаараа өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийх санаанд багтамгүй үйлчилгээг үзүүлж байна. Үзэсгэлэнгийн зочдын олонх нь энэ төсөл дээр саатаж харагдсан. 

Монголын хөрөнгийн бирж дээр өндөр өсөлтийг үзүүлсээр байгаа Ард Секюритиз ХХК-ийн залуус зочдод брокерийн үйлчилгээг газар дээр нь үзүүлж байсан нь хамгийн өгөөжтэй үйл ажиллагааны нэг байв. Хөрөнгө оруулагч болмоор байдаг, хаана, ямар сан бонд, хувьцаа худалдаж авах тухай ойлголтгүй нэгэнд мэргэжлийн залуус нэгд нэгэнгүй тайлбарлаж өгч байв. “Ард Секюритиз” ХХК энэ удаа хэрэглэгчдэд уламжлалт, тэнцвэртэй, өсөлттэй гэсэн 3 багц хөрөнгө оруулалтыг танилцуулж харагдсан. Багц бүр өөр өөрийн онцлогтой аж. 

Ардын асарын зүйн хойд хэсэгт Ард кредит ХХК харилцагчдадаа зээлийн гэрээг нь шууд хийж үйлчилгээг нь олгож байсан нь бас л содон санагдсан. Үзэсгэлэнгийн гурван өдрийн хугацаанд зочдын хөл тасраагүй үйлчилгээ яалт ч үгүй зээлийн гэрээ байв. Санхүүгийн үйлчилгээ цахимд шилжиж хаанаас ч авч болдгийг харуулсан үйлдэл энэ мөнөөсөө мөн. Тэднийг залгаад Ард Апп-ын хэрэглэгчид баталгаажуулалтын гэрээгээ мөн л хийж байсан юм. Ээж охин хоёр залуусаас зөвлөгөө аваад, апп баталгаажуулалтаа хийчихээд их л урамтай явж одсон. Санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг багтаасан Ард апп-даа албан ёсоор баталгаажуулчихсан байхад зээл, мөнгөн шилжүүлэг гээд бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай авчих боломжтой болохоор тэр. 

Монголчууд цахим үндэстнийг хамгийн сайн нутагшуулагч

Ардын асар дор хэрэглэгчдэд зориулсан санхүүгийн олон төрлийн үйлчилгээнээс гадна мэдлэг олгох томоохон хэлэлцүүлгүүд товлогдсоны нэг нь “Цахим хөрөнгө оруулагч үндэстэн” хэлэлцүүлэг байлаа. Монголчууд цахим шилжилтийг маш хурдан нутагшуулдаг гэж гадны банкны мэргэжилтнүүд онцолдог гэнэ. Үүнийг тод жишээ гэхэд л мобайл банк. Өнөөдөр хүн бүр мобайл банк ашигладаг болсныг Ард Лайф ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Э.Сангаамаа онцолж байв. Хөрөнгө оруулагч үндэстний хувьд Ард Лайф ХХК хамгийн нөлөө бүхий үйл ажиллагааг эхлүүлсэн. Тэд тэтгэврийн шинэчлэлийг санаачлан хэрэгжүүлж байгаа хамт олон юм. 

АНУ-д гэхэд маш олон төрлийн бирж үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдний зарим нь үүсмэл санхүүгийн хэрэгсэл дээр тулгуурлаж байхад нөгөө хэсэг нь жижиг дунд бизнес, старт-ап, томоохон үйлдвэрлэгчдэд хувьцаа гаргах боломжийг олгож байх жишээтэй. Тийм ч учраас Монголын Хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны биржийн үйл ажиллагаа соёлтой хамтын ажиллагаа, хөрөнгө оруулагчдад өөр өөрсдийн онцлог бүтээгдэхүүнийг санал болгоно. Зөвхөн Монголдоо үйлчилнэ гэж харахгүйгээр бүс нутгийнхаа хөрөнгийн зах зээлийн төв болох амбицтай гэдгээ Монголын үнэт цаасны биржийн гүйцэтгэх захирал Ж.Золзаяа дуулгаж байв. 

Монголын хөрөнгийн зах зээл дээр нийт арилжааны 70 гаруй хувийг Ард, түүний охин компаниуд дангаар бүрдүүлж байгаа нь эрүүл үзэгдэл байж чадах уу гэдэг асуудал хэлэлцүүлгийн үеэр өрнөсөн. Энэ тухайд Ардын хөрөнгө оруулалтын тэргүүн банкир Э.Амарбаясгалан “Энд хоёр зүйл бий. Нэг нь манай эргэлт маш сайн явсан. Манайх маш сайн байсан гэсэн үг. Нөгөө талд бусад компаниуд тийм ч сайн биш байсан гэсэн үг.  Ихэнх том компани хувьцааны хувьд төвлөрсөн байдаг. 90, 95 хувь нь төвлөрчихсөн. Үлдсэн 5, 10 хувь нь зах зээл дээр хэчнээн эргэлдээд өндөр арилжааны дүн үзүүлж чадахгүй. Тэгвэл АСН 60-аад мянган хувьцаа эзэмшигчтэй. Хувьцааны эргэлт маш сайн гэсэн үг. Тийм ч учраас энэ бол эрүүл үзэгдэл. Одоо бол АСН түүчээлээд явж байхад бусад компаниуд ажиглаж байна. Хувьцаагаа сайн арилжаалж, мэдээлэл өгөөд, бизнесээ хөгжүүлээд байвал хувьцаа өсдөг юм байна, өсөхөөр ашигтай, хөрөнгө оруулалт татаж болдог юм байна гэдгийг ойлгож байна. Тэгээд ирэхээр дууриаж байгаа үзэгдэл харагдаж байна. Энэ бол зах зээлдээ урт хугацаандаа маш сайн. Өнгөрсөн оны эцсээр манайх 20 компанитай байсан бол одоо 33 компани болж өргөжөөд байна. Найман компанийн хувьцаа биржээр арилжаалагдаж байна. Бүгдээрээ хамтдаа өсөх хэрэгтэй, хамтдаа эрүүл арилжааг бий болгох ёстой” гэв. 

Gremix: АрдКойныг авдарла

Хэлэлцүүлэг, санхүүгийн үйлчилгээтэй зэрэгцэн залууст зориулсан шоу үзүүлбэрүүд олноор зохион байгуулагдаж байв. Этгээд сонин, нүд унамаар хувцасласан охид залуус бүжиг хийж, дуртай дуучдаа дэргэдээс нь сонсож, кайф мэдэрч байгааг харахад л анзаарагдмаар. Аюулт цар тахлын урт хугацааны хөл хорио, дүрэм журмын дундуур халдвар хамгааллын дэглэмээ барин залуу насаа мэдэрч байгаа сонирхолтой агшин. 

“Ард”-ын асарт залуусын хөл тасраагүй нэг хэсэг бол видео тоглоомын хэсэг байв. Найзуудаараа, хосоороо playstation тоглонгоо хүрд эргүүлж гарын бэлэг авах тэдэнд таатай байгаа нь гарцаагүй. Учир нь виртуал хөрөнгийн бирж буюу ДАХ дээр баталгаажуулалт хийгээд арилжаанд ордог хүн бүр азын хүрд эргүүлж “Ард”-ын брэнд бэлгүүдийн эзэн болж байлаа. 

Харин зэрэгцээ асарт сошиал орчинд Gremix нэрээрээ алдартай Youtuber залуу АрдКойны тухай залууст танилцуулж байв. Түүний танилцуулгаас криптовалютыг сэфэнд хадгалах боломжгүй. Дэлхий дээр маш олон төрлийн крипто валют байдаг. Тэдний дундаас Биткойн хамгийн үнэ цэнтэй нь. Харин Монголын цахим алт бол АрдКойн. АрдКойныг 300 төгрөгөөр тооцуулан АрдШопоос бараа худалдан авч болно. Мөн тэтгэврийн хуримтлалдаа нэмэх боломжтой. Ингэснээр ирээдүйд өндөр тэтгэвэр авдаг болно. АрдКойн бол төлбөрийн хэрэсэл биш, “Ард”-ын урамшууллын оноо. Давуу тал нь арилжих боломжтой. Мөн авдарлах боломжтой гэдгийг тэнд суусан залуус Gremix-ийн тайлбараас л түвэггүй ойлгоод авчихаж байна. 

Ард энэ удаагийн ICT үзэсгэлэнгийн стратегийн гол түншээр оролцсон байна. Үүний ач холбогдлын талаар АСН-ийн маркетинг, ПР хариуцсан захирал Ц.Бархас тайлбарлахдаа:

-Энэ жилийн ICT экспо төр засаг, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөн хүрээнд харуулсан онцлогтой үзэсгэлэн болж байна. АСН энэ жилийн ICT экспод өндөр ач холбогдол өгч стратегийн гол түншээр оролцож байгаа. Учир нь АСН байгуулагдсан цагаасаа олон нийтийн санхүүгийн боловсролд ач холбогдол өгч ирсэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд ашгийн бус Ард Академи нэртэй, зөвхөн санхүүгийн боловсролыг түгээх зорилготой платформыг ажиллуулж байгаа. Түүгээр дамуулан хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах, сошиалаар цэгцтэй санхүүгийн боловсролыг олгохыг зорьсоор ирсэн. Тийм ч учраас үзэсгэлэнгийн үеэр хүмүүст санхүүгийн болвсролыг олгох зорилгоор ач холбогдол өгөн ажиллаж байна. Учир нь эдийн засаг, улс орны хөгжилд хамгийн том хувь нэмэр оруулах зүйлсийн нэг бол олон нийтийн санхүүгийн боловсрол байдаг. Хүн мөнгөтэйгөө харьцаад, удирдаад сурчихсан, санхүүгийн ойлголттой байх юм бол зөв шийдвэр гаргана. Мөнгөн дээрээ зөв шийдвэр гаргаад эхлэх юм бол бидний эрхэм зорилго биелж, хөрөнгө оруулагч үндэстэн болоход нэг алхам ойртоно гэсэн үг хэмээсэн юм.

Энэ жилийн ICT экспогийн гол сэдэв бол цахим хөрөнгө оруулагч үндэстэн болох тухай байсан юм. Энэ зорилго бол Ардын хувьд шинэ ойлголт бус  харин эсрэгээрээ олон жилийн өмнөөс олон нийтэд зарлаж, уриалж ирсэн том амбиц байсныг Монголчууд мэднэ. Харин Ардын энэ амбиц улс орны хэмжээний зорилго болон хүрээгээ тэлжээ гэж харахаар. Тийм ч учраас Ард энэ үзэсгэлэнг хошуучилж мэдлэг мэдээлэл арвин, шинэ технологи үйлчилгээ, урамшуулалтай, залуу үеийнхэнд санхүүгийн боловсролыг сонирхолтой хэлбэрээр олгосон асар өргөн хүрээтэй арга хэмжээнүүд байлаа. 

Ардыг брэнджүүлсэн нэвтрүүлэг “Аппрентис Монгол”-ын шилдэг оролцогчид хүндэт зочдоор уригдан ирж залууст туршлага мэдлэгээ хуваалцсанаас гадна “Цахим алт” номын нээлт ч энэ үеэр болсон юм. Мөн зөвхөн үзэсгэлэнгийн 3 өдрөөр харилцагчдад зориулсан хөрөнгө оруулалтын багцууд танилцуулагдсанаас гадна “Ланд Крузер 300” загварын авто машин, нэг бүхэл биткойн, 100 сая төгрөгтэй тэнцэхүйц Ардын хувьцаа зэрэг супер шагналуудтай урамшуулалт хөтөлбөр ч хэрэглэгчдэд хүрсэн юм. “FuckUp night with Ard”-аар санхүүгийн салбарын олны танил эрхмүүд ажил мэргэжлийн гашуун туршлагаа хуваалцсан үзүүштэй арга хэмжээ болсныг байсныг онцлох ёстой. 

                           ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Сорилтыг боломж болгосон Ардынхан

Ард “Digital nation” үзэсгэлэнгийн стратегийн гол түншээр хамтарсантай холбоотойгоор цахим үндэстний “Сорилт ба боломжууд” сэдэвт үндсэн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан юм. Нэг жилийн өмнө тус группийн хувьцаа 2000 гаруй төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 11,000 давчихаад байгааг АСН-ийн хөрөнгө оруулалтын тэргүүн банкир Э.Амарбаясгалан дуулгаж, есөн сарын хугацаанд 400,000 гаруй харилцагчтай болж, ДНБ-ий 10 хувьтай тэнцэх буюу 1.5 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэн виртуал хөрөнгийн бирж болох ДАХ-ын ирээдүйн амбицыг гүйцэтгэх захирал Ч.Ганзориг танилцуулсан юм. Тэрээр “Виртуал хөрөнгийн зах зээлд маш их боломж байна. Маш хурдтай хөгжиж байна. ДАХ-ыг АрдКойнгүйгээр төсөөлөх боломжгүй. Ард Апп болон манай технологийн компаниуд, түүний дэд бүтэц улам төгөлдөршиж сайжирсаар байгааг дуулгахад таатай байна. Бид Монголын зах зээлээр хязгаарлагдаад зогсмооргүй байна. Хил хязгааргүй, ямар нэгэн хууль журамд баригдахгүйгээр ажиллаж болдог блокчейн технологийн боломжийг бүрэн ашиглаж олон улсад гарах төлөвлөгөөтэй. АрдКойн ч хамт явна” гэж байв. 

Цахим үндэстэн зорилгыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамгийн өгөөжтэй хэрэгжүүлж харуулж чадсан салбар онлайн худалдаа. Энэ салбарт АрдШоп ХХК цахиур хагалан ажилласан таатай мэдээг гүйцэтгэх захирал Б.Ариунаа онцолсон. Санхүүгийн салбарын гол тоглогч гэгддэг даатгалын салбар ч цахим шилжилтэд түүчээлсэн гэнэ. Ард даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрах “Цар тахлын үеэр цахим шилжилтэд бид төрөл бүрийн апп гаргаж, интернэт болон вэб сайт, чат ботуудаар дамжуулан хэрэглэгчдэдээ онлайн үйлчилгээг хүргэж байна. Зарим нэг нь амжилтгүй болсон тохиолдлууд бий. Нөгөө талд хэрэглэгчдийн туршлага ч дутаж байгаа тохиолдол бий. Онлайнаар явуулж байгаа материалын 20 хувь нь шууд амжилттай бүртгэгдэж байдаг. Үлдсэн нь ямар нэгэн байдлаар тусламж шаардагддаг. Даатгалын салбар гэлтгүй банк санхүүгийн салбарт цаашид хэрэгжүүлэх зүйтэй асуудал бол архивын зохицуулалт. Банкны салбарт сүүлийн 5 жилийн ажил, гүйлгээний баримтыг цаасаар хадгалах ёстой гэдэг. Гэтэл блокчэйн технологид үндэслээд цахимаар хадгалах боломжийг нээж өгөх ёстой. Ялангуяа шийдвэр гаргах байгууллагуудаас гаргаж байгаа хууль, журмуудад өөрчлөлт оруулах хэрэгтэй. 

Дээрээс нь цахим гарын үсгийг маш идэвхтэй хэрэглээнд нэвтрүүлэх тал дээр холбогдох байгууллагууд анхаарч ажиллана гэж найдаж байна” гэсэн санал цаг үеийн чухал асуудал мөн байв. Харин тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа Ард Лайф компанийн хувьд өнгөрсөн жилийн хувьд 2000 харилцагчтай 2 тэрбум төгрөгийн активтай байсан бол энэ жил 63 мянган харилцагчтай 70 тэрбум төгрөгийн активтай болон өргөжжээ.

Тус компанийн хувьд хувийн тэтгэврийн сан, тэтгэврийн үлгэр жишээ тогтолцоог бий болгох тал дээр Норвеги, Сингапур, Голландын тэтгэврийн сангуудын шилдэг туршлагуудыг судалж байгааг гүйцэтгэх захирал Б.Гантулга мэдэгдсэн. Цар тахлын үед хүндрэлийг боломж болгож чадсан шилдэг туршлага эдгээрээр зогсохгүй. Санхүүгийн хамгийн өргөн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгодог Ард Кредитын хувьд ч онцлох жил болсон гэж байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг 530 ББСБ-аас Ард Кредит Ард Апп болон “Хүчтэй. Хамтдаа.” уриагаар ялгардаг гэдгийг захирал Г.Тэлмэн онцолсон. Өөрөөр хэлбэл, Ард Апп-аар хүний насан туршид хэрэгтэй санхүүгийн бүх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлж чадсанаар цахим үндэстэн болох зорилго эрчтэй урагшилсаар байгааг харуулж байгаа явдал ажээ.

Сэтгүүлч: Б.Энхзаяа

 

Холбоотой мэдээ