FALLING WALLS LAB MONGOLIA’21 ФОРУМ ШИНИЙГ САНААЧИЛСАН ШИЛДЭГ ЭРДЭМТЭН ЗАЛУУСЫГ ТОДРУУЛЛАА

2021-10-02 1533 2

Дэлхийн шилдэг эрдэмтэн залуусын оюуны бүтээлийг олон улсад танилцуулах зорилготой Falling Walls Lab нээлттэй форум Монгол Улсад хоёр дахь удаа амжилттай зохион байгуулагдаж, шилдэг оролцогчдоо шалгаруулаад байна.

Танхим – цахим хосолсон хэлбэрээр явагдсан Falling Walls Lab Mongolia’21 форум нь бүхий л салбарын эрдэмтэн, бизнес эрхлэгч, мэргэжилтнүүдийг өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, дэвшилтэт технологи, шинэлэг төсөл, санаагаа шүүгчид болон бусад мэргэжилтнүүдэд 3 минутын дотор багтаан танилцуулах боломжийг олгож буйгаараа онцлогтой. Тус формуд Монголын судлаач, шинийг санаачлагч залуусаас гадна Ирланд, Пакистан, Гана, Шинэ Зеланд улсаас залуу эрдэмтэд оролцож, бүтээлүүдээ танилцууллаа.

Форумын илтгэлүүд байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд тустай, хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилготой бүтээлүүд, шинэ санаануудаар баялаг байлаа. Тухайлбал, Монгол судлаачид уламжлалт аргаар тусгай савлагаа бүхий эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санал, хонины ноосон материалыг ашиглан дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах шинэ технологи, тогтвортой санхүүжилт хяналтын сайжруулсан тогтолцоо бүхий хүүхэд хамгааллын байр, өөрийн улс орны давуу тал, нөөц боломжийг үр дүнтэй ашиглах боломжууд, Монгол орны ирээдүйн эрчим хүчний төлөвлөгөөг танилцуулсан юм.

Түүнчлэн Пакистаны оролцогч Aniqa Mazhar өөрийн улс оронд шинжлэх ухаан технологийг хөгжүүлэхийн тулд шинжлэх ухааны мэргэшсэн сэтгүүлзүйг бий болгох, дэмжих нь зүйтэй хэмээн онцолсон. Харин Шинэ Зеландын оролцогч Navid Majdi цахилгаан эрчим хүчийг бууруулах оффшор эх үүсвэрийг нэгтгэх цогц төлөвлөгөө, Ирландын оролцогч Ammar Abbas хиймэл оюун ухаанаар дамжуулан далд мэдлэг олж авах аргачлалаа эрдэмтэн судлаачид, инженер технологийн салбарын оюутнууд, мөн форумын шүүгчдийн өмнө танилцууллаа.

Falling Walls Lab Mongolia’21 форумын Үндэсний ялагч ба шилдэг бүтээлийн эзэд

Форумын шүүгчдийн багт МГТИС-ийн Захирал Проф. Др. Б.Батцэнгэл, МУИС-ийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн сургуулийн профессор Др. Ч.Сономдагва, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн харъяа. “Нано шинжлэх ухаан, нанотехнологийн төв”-ийн Захирал Др. Ч.Ганзориг, ШУТИС-ийн Компьютерийн Ухааны салбарын дэд профессор И.Цэрэн-Онолт, СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын доктор (Ph.D), дэд профессор Г.Батхуяг, ХААИС-ийн ХАА-н ШУЗ-ийн ажлын албаны дарга Др. Б.Баярмаа болон МГТИС-ийн Хэл, заах аргазүйн төв, Германы эрдмийн солилцооны албаны (DAAD) багш Яан Тростман нар ажиллалаа.

Шүүгчдийн зүгээс форумд танилцуулсан бүтээлүүдийг сайтар судлагдсан байдал, туршилт үр дүн, хэрэгжүүлэх боломж нөхцөл, хэрэглээнд нийцсэн эсэх шаардлагаар нь эрэмбэлэн, шалгаруулдаг. Ингээд форумын гуравдугаар байрын шагналыг Ammar Abbas “Breaking The Wall of Latent Knowledge Discovery Through AI”, хоёрдугаар байрын шагналыг М.Батмөнх “Breaking The Wall of Traditional Functional Drinks” илтгэлээрээ хүртсэн бол оролцогч М.Оюунгэрэл “Breaking The Wall of Indoor Air Pollution” бүтээлээрээ тэргүүн байрын цомын эзэн болж, Falling Walls Lab Mongolia-ийн Үндэсний ялагч боллоо.

Үндэсний ялагч Монгол Улсаа төлөөлөн энэ оны 11-р сарын 8, 9-ний өдрүүдэд Берлин хотноо зохион байгуулагдах Falling Walls Lab Int. Finale-д олон улсын 100 гаруй үндэсний ялагчтай өрсөлдөх эрхийг авав. Бүх олон улсын Лаб финалистууд Falling Walls Science Summit-д сонсогчоор оролцох эрхтэй ба олон улсын ялагч нь мөнгөн шагнал хүртэх юм.

Энэхүү цахим хосолсон арга хэмжээг “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ (AMPMC), Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (GMIT) ба Монгол Улсын их сургууль (МУИС) хамтран, Falling Walls Сан, Монгол Улс дахь ХБНГУ-ын ЭСЯ, ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, Олон улсын инженер, эрдэмтэн эмэгтэйчүүдийн сүлжээ (INWES) болон Night Poetry-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Falling Walls Lab Mongolia’21 форум нь өнөөдөр буюу 10-р сарын 2-ны өдрийн 15:00 цагт  “Activation Workshop for Science Communication & Engagement” семинар, нээлттэй хэлэлцүүлгээр үргэлжилнэ. Уг арга хэмжээний зочноор Falling Walls Engage Community-ийн гишүүн олон улсын 5 мэргэжилтэн, Олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбооны (INWES) төлөөлөл, Falling Walls Lab Mongolia’21-ийн Labster, Engager-үүд оролцох юм. Монголын болон олон улсын мэргэжилтэн, багш, эрдэмтэн судлаачид уригдан туршлага солилцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх тул Та бүхэн энд дарж оролцох боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.falling-walls.com/lab болон fb.me/FallingWallsLabEngageMongolia  хуудаснаас авна уу. Арга хэмжээний хөтөлбөрийг энд дарж харна уу.

Falling Walls Lab Mongolia’21 форумын тухай цөөн үгээр – Хүндэт зочид ба зохион байгуулагчид

Форумын нээлтэд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг:

“Герман улсад анх санаачилсан энэ арга хэмжээ нь дэлхийн улс орнууд дахь судлаачид, бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчид, уран бүтээлчид, сэтгэгчид болон хөдөлгөгч хүч болсон хэсэг хүмүүсийн өөрчлөлт эрэлхийлсэн санаа, санаачилгыг нийгэмд нэвтрүүлэхийг зорьсон хамтын хүчин зүтгэл юм. Том асуудлыг хэн ч ганцаарчлан шийдэх боломжгүй байдаг. Тиймээс ч бид Falling Walls-ийн Монгол дахь түнш байгууллагууд, оролцогчид чин сэтгэлийн хүчин чармайлт гаргаж байгаад баяртай байна. Өнөөдөр бидэнд олон сонирхолтой санаа, санаачилга танилцуулсан Монголын оролцогчдод Берлин дэх Falling Walls Бага хурлын индэр дээр өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!” гэсэн юм.

МУИС-ийн хамтын ажиллагааны хэлтэсийн дарга Ш.Мэндбаяр

Монгол Улсын Их Сургууль Falling Walls Lab Mongolia’21 форумын үйл ажиллагааны хамтран зохион байгуулагчаар оролцож байна. МУИС нь улсынхаа ууган бөгөөд иж бүрэн сургалт, судалгаа явуулдаг онцлогтой их сургууль юм. Манай сургууль гадаад ертөнцөд бүрэн нээлттэй зарчмаар мэдлэг, мэдээлэл болон багш, оюутан солилцоог эрх тэгш, харилцан ашигтай замаар явуулдаг глобалчлагдсан их сургууль болон хөгжиж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд МУИС нь Европын их дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн, залуу багш, судлаачдыг Европын орнуудад суралцах, судалгаа явуулах тал дээр бүрэн дэмжиж ажиллаж байна.”

Монгол улсын Соёлын элч, хатагтай О.Оюунтуяа:

“Falling Walls нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой, бодит үр дүн авчрахуйц шинжлэх ухаан, инновацын дэвшилтэт санаачилгуудыг хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй олон улсын цуврал арга хэмжээ юм. Энэ үеэр эрдэмтэн судлаачид оюуны бүтээл, шинэ санаачилгаа танилцуулдаг бол бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, шийдвэр гаргагчид тэдгээр бүтээлийг нийгэмд хүргэх гол алхмыг хийдэг. Бодит үр дүн авчирдаг учраас Falling Walls арга хэмжээний платформуудыг 2019 оноос хойш Монголдоо тогтвортой зохион байгуулахыг хичээн ажиллаж байна.”

 

Холбоотой мэдээ