Иргэд технологийн шинэ шийдлүүдийг илүүтэй сонирхож байв

2021-09-13 384 0

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, байгальд ээлтэй дэвшилтэт техник технологийг иргэдэд танилцуулах зорилгоор Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Өдөрлөгт ерөнхий зохион байгуулагч Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас гадна Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, “Таван толгой түлш” ХХК, Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл хамтран оролцсон юм.  Уг өдөрлөгт агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн ажил амьдралыг хөнгөвчлөх олон олон шинэ техник технологийг танилцуулж, борлуулах үйл ажиллагаа болсон юм. Энэ үеэр “Ёл эко” ХХК борлуулагч н.Марал-Эрдэнэ хэлэхдээ “Манай “Ёл эко” компаний импортоор оруулж ирж буй уг төхөөрөмж нь Герман-Хятадын хамтарсан инженерүүдийн зохион бүтээсэн бүтээгдэхүүн бөгөөд Шанхайгаас үйлдвэрийн үнээр нь оруулж ирдэг. Энэ бүтээгдэхүүний онцлог нь агаар шатааж хуурайшуулахгүй, дулаан хуримтлуулагчтай мөн ухаалаг дэлгэцтэй үүгээрээ градусаа тохируулж бас хэдээс хэдэн цагийн хооронд халуун байлгахаа тохируулж болдог учраас ажилдаа ч юмуу хичээл сургуульд явахдаа асаалттай үлдээхэд ямар ч асуудалгүй. Бараа бүтээгдэхүүнийг маань хүмүүс маш их сонирхон үйлчлүүлж байна. Өмнө нь худалдан авсан хүмүүс ч гэсэн их зүгээр юм зуслангийн байшин дээрээ ч бас тавъя гэсээр ахин ирэх нь цөөнгүй байна. Ийм өдөрлөг арга хэмжээ зохион байгуулж бид бүхний бизнесийг дэмжиж байгаад талархаж байна” гэсэн юм.

Энэхүү өдөрлөгийн үеэр хамгийн их борлуулалттай нэг бүтээгдэхүүн байсан нь халдваргүйжүүлэгч уусмалууд. Тус бүтээгдэхүүнийг энэ өдөрлөгийн үеэр “Ногоон титэм” компани борлуулж байсан юм. Тус компани нь гадаад дотоод орчны агаарын шинжилгээ, хяналт судалгааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг аж. Дотоод орчны шинжилгээнд угаар хий мэдрэгч, галын дохиолол мөн газын хий мэдрэгч, халдваргүйжүүлэх уусмалуудыг өдөрлөгийн үеэр танилцуулж байлаа. Халдваргүйжүүлэх уусмал нь спиртын агууламжгүй, япон технологиор Монголд үйлдвэрлэсэн, хүнд харшил өгөхгүй, хүүхдэд ээлтэй гэхчилэн давуу талтай бүтээгдэхүүн бөгөөд хүмүүс ихээр сонирхож, худалдан авч байв. “Нэг үеэ бодвол өөрсдийн болоод хайртай ойр дотны хүмүүстээ ч их анхаарал хандуулдаг болсон санагдаж байна. Өнөөдрийн арга хэмжээ бид бүгдэд бүтээгдэхүүнээ танилцуулж түгээх боломж болж байна. Энэ арга хэмжээг зохион байгуулж байгаад баяртай байна” хэмээн Ногоон титэм” компаний борлуулагч н.Доржханд ярьсан юм.

Тэгвэл “Нанолик ойл” компани энэ өдөр АНУ-ын H2OIL корпорацийн хосолсон тосны шингэн нано технологи  буюу явдаг шатахуун хэмнэгч бензин дизелийн нэмэлт бүтээгдэхүүнийг танилцуулав. Энэхүү бүтээгдэхүүнийг Монголдоо нутагшуулахаар 2018 оноос хойш бүтээгдэхүүнээ оруулж ирээд туршилт судалгааг хийж байгаа аж. Туршилтын хүрээнд БОАЖЯ, нийслэлийн нийтийн тээвэр, мөн төрийн итгэмжлэгдсэн лабораториуд, оношилгооны газруудтай хамтран гурван сарын хугацаанд автобусанд паркаар туршилт хийхэд 100 хувийн утаатай гэж үзвэл түүнийг 68 хувь хүртэл бууруулж чаджээ. Утааг бууруулдаг гол шалтгаан нь бензин түлш нь нэмэлтгүйгээр дутуу шаталттай байдаг бол уг бүтээгдэхүүнийг хэрэглэснээр бүрэн шаталттай болж утааг бууруулдаг аж. Ингэснээр шатахуун хэмнэлт гаргаж, түлшний системийг давхар хамгаалж, банкинд зэврэлт үүсгэж сэвтээхгүй гэхчилэн олон давуу талтай хэмээлээ.

27 байршил, 84 хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлт хийхээр төлөвлөжээ

Түүнчлэн олон олон шинэ техник технологийн дээр нийслэлээс авч хэрэгжүүлж буй гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршлуудыг энэ үеэр танилцуулав. Үүний талаар бид холбогдох мэргэжилтнээс тодруулга авсан юм.

Тэрбээр, “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг буюу Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газар гэж байдаг. 2013 оноос эхлээд гэр хорооллыг дахин төлөвлөх барилгажуулах ажлын 27 байршлын 84 хэсэгчилсэн талбай дээр 2483 га талбай дээр төсөл хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 2,4, 8, 16, 12, 13, 14-р хороо, Чингэлтэй дүүргийн 9, 10, 11, 13, 15, 7, 8-р хороо, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 7-р хороо, Баянгол дүүргийн 16, 10, 11-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 10, 28, 5, 6, 7, 23, 30-р хороо, Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8-р хороо гэх мэтчилэн газруудад дахин төлөвлөлт хийгдэж байна. Мөн жишиг төсөл маань Баянзүрх дүүргийн 8 болон 16-р хорооны БХИС орчмын А, Б хэсэгчилсэн талбайд төслөө хэрэгжүүлээд явж байна. Энэ жилийн хувьд 27 байршилд үлдсэн бүх хэсэгт сонгон шалгаруулалт зарлачихсан ажлаа эрчимжүүлээд явж байна” хэмээж байлаа.

Холбоотой мэдээ