Нийслэлийн шилдэг гэр бүлээр 11 өрхийг тодруулав

2021-10-27 442 0

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НЗДТГ-тай хамтран нийслэл Улаанбаатар хотын түүхт ойг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “Нийслэл хотын шилдэг гэр бүлийг алдаршуулах” ёслол боллоо.

Ёслолын үеэр нийслэлийн  Хүмүүнлэг, Оюунлаг, Бүтээлч, Спортлог, Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэсэн таван номинацид шалгарсан  11 гэр бүлийг олон нийтэд алдаршуулан, хүндэтгэл үзүүлэв. Шагналыг НЗДТГ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий нар гардууллаа.

“Оюунлаг гэр бүл”  номинацид Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Б.Насанбат, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн Д.Хосбаярын гэр бүл шалгарсан бол “Хүмүүнлэг гэр бүл” номинацид Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны иргэн Р.Цэндпүрэв, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Г.Банзрагчийн гэр бүл шалгарав.

“Бүтээлч гэр бүл” номинацид Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн С.Жаргалсайхан, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн У.Мижиддорж, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны иргэн А.Цэрэндагва нарын гэр бүл тодров.

Харин “Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэр бүл”-ээр  Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны иргэн Ц.Цэрэндорж, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны иргэн О.Дуламдорж нарын гэр бүл шалгарсан бол Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн А.Баянмөнх, Чингэлтэй дүүргийн  6 дугаар хорооны иргэн О.Цэгмид нарын гэр бүл “Спортлог гэр бүл”-ээр тус тус шалгарав.

Ёслолын үеэр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Шилдэг гэр бүлийн амжилтыг алдаршуулж, олон нийтэд түгээснээр олон гэр бүл, тэр тусмаа шинэ залуу гэр бүлүүд үлгэр жишээ авах, суралцах ач холбогдолтой. Түүнчлэн чадварлаг, эвсэг, хүмүүнлэг  гэр бүлийн тоогоор нийслэл хотын өнгө төрх тодорхойлогдоно” гэдгийг онцлов.

Холбоотой мэдээ