Ажилтан нь ажлаа хийх үү, хүүхдээ харах уу гэдэг бултах аргагүй сонголттой нүүр тулж байвал байгууллагын удирдлага хариуцсан ажлаа хангалтгүй хийж байна гэсэн үг. Дунд шатны удирдлага, чадварлаг мэргэжилтэн, үйлчлэгч, харуул гээд хэн ч байсан тэдний хүүхдийн аюулгүй байдал, эрх ашгийг байгууллагын эрх ашгаас илүү дээдлэх ёстой.
Яагаад гэвэл, ямар нэг байгууллага, тэр ч бүүхэл улс үндэстний эрх ашгийн эрэмбийн нэгдүгээрт хүүхэд байдаг. Тиймээс өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдийн эрх ашгийг томчууд бид хамгаалах үүрэгтэй.
Гэвч хүн төрөлхтний өмнө тунхагласан эл амлалтаа монголчууд бид саяхныг хүртэл ор тас “мартчихсан” явж иржээ. 2016 онд Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиуд батлагдаж, Хүүхдийн төлөө зөвлөл байгуулагдах хүртэл ажилчдынхаа хүүхдийн аюулгүй байдал, хамгааллыг нэн тэргүүнд тавих ёстойгоо байгууллагын удирдлагууд мэддэггүй байв. Сайхан сэтгэлээр, сайн дурын үндсэн дээр л хийдэг гэсэн ойлголттой байлаа.
Харин 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс төр болон төрийн бус, хувийн хэвшлийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагыг дотроо Эцэг, эхийн зөвлөлтэй байх тухай 03 тоот тушаал гарсан юм. Энэ тушаалын ач холбогдол нь ийм учиртай. Өнөөх айхтар нийгмийн үе үе цочроодог хүчирхийлэл, хүүхэд эндэж эрсдэх тохиолдлыг бууруулах, гэр бүлийн боловсрол олгож, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг бий болгоход албан байгууллага бүрийн оролцоог хангахад Эцэг, эхийн зөвлөлийн үйл ажиллагаа чиглэгддэг.
Монгол Улсад төрийн 6500 орчим, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 90 орчим мянган аж ахуйн нэгж, 20 орчим мянган ТББ бий. Энэ бүх байгууллага дэргэдээ Эцэг, эхийн зөвлөлтэй байх ёстой гэсэн үг. Тэгвэл цаана нь байгаа Монголын ирээдүй болсон 1.3 сая хүүхдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалахад хүн бүрийн оролцоог хангах боломжтой болох юм. Харамсалтай нь, одоогоор улсын хэмжээнд мянга гаруй л эцэг, эхийн зөвлөл байгаагийн ихэнх нь төрийн байгууллагынх.
Бид Дархан-Уулаас бэлтгэсэн цуврал сурвалжилгаараа энэ удаад аймгийн эцэг, эхийн зөвлөлийн үйл ажиллагаа сонирхлоо. Бусад аймаг, хоттой харьцуулахад аймгийн ГБХЗХГ-ын идэвхтэй манлайлал дор хоёр жил гаруйн хугацаанд 160 орчим байгууллага хүүхэд хамгааллын бодлоготой болж, эцэг, эхийн зөвлөлөө байгуулжээ. Цаашдаа Дархан-Уулд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн бүх байгууллагыг оролцуулаад тооцвол эцэг, эхийн зөвлөлийн тоо бараг 3000 хүрэх учиртай. Тэгэж байж аймгийн 30 орчим мянган өрхөд чиглэсэн гэр бүл, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх ажилд далайцтай үр дүн гарна.
“БҮХ БАЙГУУЛЛАГА ЭДНИЙХ ШИГ БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ”
Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эцэг, эхийн зөвлөл бусдадаа жишиг болохуйц үйл ажиллагаа явуулдаг аж. Эднийх 16.00 цагаас хойш ажилчдынхаа хүүхдүүдийн хөлд дарагддаг. Дунджаар өдөрт 10-15 хүүхэд ээж, аавыгаа ажлаа тарахыг нь хүлээнгээ хичээлээ ч хийж, хоол цайгаа ч ууж, тоглож наадаад хоёр давхарт ёстой нэг бужигнадаг гэнэ. Гэхдээ ээлжийн хөтөч үйлчлэгч өнөө хэдэн багачуудыг зохицуулах үүрэг хүлээдэг.
Тус даргын түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхбаяр “Хүүхдийн хөгжил, хамгаалал, сурган хүмүүжүүлэх асуудал бол Монголын айл өрхөөс эхлээд албан байгууллага, шийдвэр гаргагчдын хэмжээнд хурцаар тавигдаж буй асуудал. Манай байгууллагын хувьд хүүхэдтэй харилцах ёс зүй, тэдний сайн сайхны төлөөх үйл ажиллагааг нэлээд чухалчилдаг. Албан хаагчдын маань 70 хувь нь эмэгтэйчүүд. Ихэнх нь залуу гэр бүл. Ажлын ачаалал ихтэй, 21.00-22.00 цаг хүртэл ажиллах нь түгээмэл. Сарын эцсээр тайлан мэдээ гаргах, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл орсон үер бол хонож ажиллах тохиолдол ч бий. Тиймээс ажлын цаг дууссанаас хойш цэцэрлэгийн болон сургуулийн бага ангийн хүүхдүүдийг эцэг, эхийнх нь ажил дээр тохитой байлгах, хүүхэдтэйгээ явж буй үйлчлүүлэгчийнхээ тав тухыг хангах ажлыг үе шаттай хийж эхэлсэн. Манай эцэг, эхийн зөвлөлийн дарга санаачилгатай, олон нийтийн ажлыг зохион байгуулах чадвартай, дээрээс нь удирдлагын зүгээс ч чадах чинээгээрээ дэмжиж ажиллахыг хичээдэг” гэлээ.
Ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан амралт, хичээлийн болоод ариун цэврийн өрөө, номын сан тохижуулахын зэрэгцээ, шинэ мэндэлсэн хүүхдүүдийг хуримтлалтай иргэн болгох зорилгоор хадгаламж нээх, хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэнд, шүд цоорлоос сэргийлэх үзлэг, эмчилгээнд хамруулах ажлыг тогтмолжуулсан талаар тус хэлтсийн Хяналт, шалгалт, дотоод аудитын тасгийн дарга Д.Сэлэнгэ ярилаа.
Мөн урлаг, спорт, олон нийтийн төрөл бүрийн арга хэмжээг ажилчдынхаа гэр бүлүүдийн дунд зохион байгуулахын зэрэгцээ ажилчдадаа хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгодог аж. Аймгийн ГБХЗХГ-ын дарга А.Амгалан Бүх байгууллага эднийх шиг ажиллаасай гэж бид хүсдэг. Хамгийн гол нь энэ бүх ажил удирдлага нь дэмжиж байж урагшилдаг. Байгууллагын хувьд ажилтнаа хайрлах нь амжилтын эхлэл” хэмээв.
ХҮҮХЭДТЭЙ ЗҮЙ БУС ХАРЬЦАХЫН ЭСРЭГ ЁС ЗҮЙН ДҮРЭМТЭЙ БОЛЖЭЭ
Онцолж хэлэхэд, хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох шийдвэр аймгийн хэмжээнд жишиг болж тогтсон. Эцэг, эхийн зөвлөлийн үйл ажиллагаагаараа тэргүүлэгч “Дархан-Ус суваг” ХК-ийн Хүүний нөөцийн мэргэжилтэн, эцэг, эхийн зөвлөлийн гишүүн Ж.Нарандорж “Аймгийн Засаг даргын 2019 онд гаргасан тушаалын дагуу байгууллагын ажилчид хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай чөлөө авах боломжийг олгодог ба энэ хугацаандаа ямар нэг хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлд орохгүй байх санамж зөвлөмжийг өгдөг” гэлээ. “Дархан-Ус суваг” ХК-ийн хувьд ажилчдынхаа хүүхдүүдийн урлаг, спортын авъяасыг нээн хөгжүүлэх, дэмжихэд нэлээд ажил хийжээ. Өнгөрсөн жилээс байгууллагын дэргэд урлагийн “Ундраа” чуулга байгуулж, бүжиг, хөгжим, дуу гэсэн чиглэлээр 18 хүүхэд хамруулаад буй аж. Харин энэ жил Воллейболын “Чандамань” сургалтын төвтэй болжээ. Тус байгууллагаас тэтгэвэртээ гарсан ахмад настан болох воллейболын спортын мастер Зоригт ажилчдынхаа хүүхдүүдэд үнэ төлбөргүй хичээл зааж, харин байгууллагын биш хүүхдүүдэд багахан хэмжээний төлбөртэйгээр үйлчилдэг байна. Эдний ажилчдын хүүхэд 260 орчим бий.
Тэдний сурч боловсрох, авъяас чадвараа нээн хөгжүүлэхэд байгууллагын зүгээс шаардагдах өрөө танхим, заал, хэрэглэгдэхүүний бааз сууриар дэмжих, улс, олон улсын тэмцээнд оролцоход нь туслалцаа үзүүлэх, төгсөгчдөдөө тэтгэмж олгоход хүүхэд хамгааллын бодлого нь чиглэдэг байна.
Хүүхэд хамгааллын бодлогоос гадна хүүхдээ хайрлаж хамгаалах, ёс бус үг, үйлдлээр харьцахгүй байх, хүмүүжлийн эерэг арга ашиглахыг мөрдлөг болгосон Ёс зүйн дүрэмтэй болжээ.
Тэрчлэн шинэ ажилтнуудаасаа судалгаа авч өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг тогтоож, шаардлагатай бол мэргэжлийн байгууллагатай хамтран сургалт хийдэг байна.
Ер нь нэгэнт хүүхэд хамгааллын бодлоготой болсон бол албан хаагчдынхаа үр хүүхэд, гэр бүлтэйгээ харилцах ойлголт мэдлэг, харилцаа хандлагыг сайжруулахад чиглэсэн мэргэжлийн сургалтуудыг байгууллагууд их авдаг болж. Нийгмийн даатгалын хэлтэс гэхэд эрүүл мэнд, гэр бүлийн боловсрол, хүүхдийн хүмүүжлийн сургалтаас гадна өсвөр насныхан, эмэгтэйчүүдэд чиглэсэн, “Дархан-Ус суваг” ХК хувь хүний болон гэр бүлийн зан байдлыг сайжруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ШШГГ 445 дугаар ангийнхан байгууллагын соёл, хувь хүний зан төлвийн өөрчлөлтийн чиглэлийн сургалтуудад ажилчдаа хамруулжээ. Ажилчид нь ч ийм төрлийн сургалтад идэвхтэй хамрагддаг болсныг бидний уулзсан эх сурвалжууд онцолж байсан юм. Сургалтын үр дүнд “Дархан-Ус суваг” ХК-д гэхэд ажилчид нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаарх дуудлага мэдээлэл эрс цөөрсөн. Тэр тусмаа энэ жилийн хувьд бүртгэгдсэн тохиолдол байхгүйг Ж.Нарандорж онцолсон.
0 cэтгэгдэлтэй