Д.ЭНХБАЯР: Дархан арьс ширний цогцолборын нэг өгөөж нь 330 мянган малчин өрхөд очих эдийн засгийн дэмжлэг юм

2021-11-29 319 0

        -Дархан арьс ширний цогцолбор нь хөдөлмөрийн зах зээл дэх 10 хүн тутмын гурвыг нь ажлын байраар хангана-

Дархан арьс ширний цогцолборын гүйцэтгэх захирал Д.Энхбаяртай ярилцлаа.

-Дархан арьс ширний цогцолбор барих ажил 2018-2019 онд эхэлж байсан. Бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар хэдэн хувийн гүйцэтгэлтэй байна вэ?

-Бүтээн байгуулалтыг 2019 оны намраас эхлүүлсэн.

2018 оноос бэлтгэл ажил эхэлж гадаад, дотоодын зөвлөх багуудтай техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх мастер төлөвлөгөө боловсруулж, ажлын зургуудыг хийн дотоодын инженерийн баг хамт олон, зөвлөхүүдтэй холбогдох бичиг баримтуудыг бэлдээд 2019 оны намар эхэлсэн юм. Үүнээс хойш бүтээн байгуулалт үндсэн суурь таван дэд бүтцийн ажил явлаа.

Арьс ширний салбарын хувьд цэвэрлэх байгууламж дэд бүтцийн ажлын хамгийн чухал нь байдаг. Цэвэрлэх байгууламжийн бүх техник эдийн засгийн үндэслэл ажлын зургууд батлагдаад хамгийн том эротанк нь хийгдсэн байгаа. Энэ эротанк нийт барилгын бүтцийн хамгийн том нь. Тоног төхөөрөмжүүдийг бид Италийн компаний техник эдийн засгийн үндэслэлд суурилж Монгол болон Хятадын инженерийн компануудтай хамтарч ажлын зургийг боловсруулаад урьдчилгаа хийсэн. Тодорхой тоног төхөөрөмжүүд нь үйлдвэрлээд эхэлсэн байгаа. Эдгээрийг угсрах ажил дараа жилээс эхэлнэ гэж төлөвлөсөн.

Дараагийн гол дэд бүтэц бол ус. Дарханы үйлдвэрийн бүсээс бид цэвэр ус, дулаанаа татаж байгаа. Энэ нь 3.9 км шугам хоолой. Үүнээс цэвэр усны 3,600 метр шугам хоолойг бүрэн татагдсан. Харин дулаан өгөх, авах тодорхой хэсгүүдийн 40-50 хувь нь татагдсан. Суурийн ажлууд үндсэндээ бүрэн хийгдсэн. Багахан ажил хийгээд дуусч байгаа. Цогцолбор доторх эхний төлөвлөлтийн буюу 180 га газрын эхний 50 га боловсруулах үйлдвэрүүд. Үндсэндээ 13 арьс ширний боловсруулах үлдвэрүүд, хоёр завод ноосны цогцолбор үйлдвэр гэх мэт бий.

Эдгээр рүү холбох дотоод шугам хоолойны ажлууд бас нэлээдгүй хийгдсэн. Ерөнхийдөө гүйцэтгэлээс харвал 60 хувьтай явж байгаа. Үүн дотор бохир усны хоёр шугам байгаа. Энэ нь технологийн хувьд хоёр тусдаа явдаг. Эдгээр шугам маань бүх хүрэх ёстой үйлдвэрийнхээ үүдэнд оччихсон байгаа гэсэн үг. Мөн энэ дотоод шугам дотор юу ордог вэ гэхээр дулааны өгөх авах, цэвэр усны хоолой мөн бид байгууламжаас гарсан цэвэршүүлсэн саарал усаа буцаагаад үйлдвэрүүддээ ашиглана. 50 хувийг дотоод үйлдвэрүүддээ ашиглах ба үүнийг үйлдвэрүүдэд хүргэх саарал усны хоолойг барина.

Үндсэндээ энэ саарал усны шугам, дулааны өгөх буцах, цэвэр усны гэсэн дөрвөн хоолойны суурийн ажил 90 хувь хийгдсэн. Турбо цугам хоолой маань хараахан хийгдээгүй байгаа дараа жилээс үргэлжилнэ гэсэн үг.

Дараагийн гол үндсэн дэд бүтэц цахилгаан. Цахилгааны агаарын шугам 2.1 км-ээс 110-ын шум татсан байгаа. Мэдээж барилга угсралтын үеийн 35кВ-ын агаарын шумтай 250кВ жижиг дэд станцыг барьж ажиллаж байгаа. Энэ байж барилга бүтээн байгуулалт явж байна. Үндсэн шугам маань 110кВ-ын хос хэлхээт агаарын шугамтай 16МВА-ын дэд станц байгаа. 110кВ-ын агаарын шугам бол үндсэндээ хийгдсэн мэдээж хэрэглэгчид байж холбоно. Холбоход дутуу хүргэгдсэн байгаа. Дэд станц маань үндсэндээ 96 хувьтай бүрэн хийгдсэн. Мөн цогцолбор доторх бүх үйлдвэрүүдийн эхний 70 хувийн трансматор болон шугам кабель бүрэн ирчихсэн талбай дээр бэлэн байж байна. Одоо энэ үйлдвэрүүд баригдаад угсрагдаад бүрэн баригдана гэсэн үг. Үндсэндээ ийм таван дэд бүтэц маань бэлэн болчихоод байгаад юм. Мэдээж зам харгуй бусад дотоод тохижилт зэрэг дэд бүтцүүд бий.

Үйлдвэрүүдээс бол үндсэндээ долоон үйлдвэрийн барилгын ажил эхэлсэн байна. Нэг үйлдвэр нь нийт барилгажих талбайн 5700м.кв, карказ нь босчихсон дээвэр битүүлэхэд мөн тоног төхөөрөмжөө суурилуулахад бэлэн болчихсон байна. Дараагийн хоёр дахь үйлдвэр энэ жил эхлүүлээд суурийн ажлууд хийгдэж байна. Бусад нь бол газар шорооны ажил дээр явж байна.

-Цогцолборын хүчин чадал том тоогоор яригдаж байгаа. Энэ талаар та дэлгэрүүлээч?

-Нийт хүчин чадал бол арьсаар 10 сая, завод ноос ноолуураар 15 мянган тонн байна. 13 үйлдвэрээс ес нь бог малын үйлдвэр. Нэг үйлдвэрийнх нь хүчин чадал жилийн нэг сая буюу хоногийн 4000. Бод малын нэг үйлдвэрийн хоногийн хүчин чадал нь 1000, жилийн хүчин чадал нь 250 – 350 мянган бодын арьс боловсруулах боломжтой үйлдвэр гэсэн үг.

                                              ХОНИНЫ АРЬСЫГ 3,500 ТӨГРӨГТ ХҮРГЭХ БУЮУ ӨЛӨНТЭЙ ХОНИНЫ НЭХИЙГ 8,500-9,000 ТӨГРӨГ БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ

Жишээлбэл өнөөдөр хонины өлөн нь л үнэтэй байна. Нийтдээ жилд 16 сая мал эдийн засгийн эргэлтэд оруулдаг гэж үзэхэд яг өнөөдрийн байдлаар бол үйлдвэрлэлд оруулж байгаа нь энэ тоотой харьцуулашгүй бага тоо байгаа. Энэ нь юу хэлж байна гэхээр маш ихээр хаягдал гарч байгаа гэсэн үг. Үүнээс дийлэнх нь хониных байдаг.

Хонины нэхийнээс завод ноос, хөрс, өлөн гэсэн гурван дайвар бүтээгдэхүүн гардаг. Үүн дээр бид ямар тооны зорилт тавьж байна вэ гэхээр хөрсийг (арьс) 3,500 төгрөгт хүргэх буюу өлөнтэй хонины нэхийг 8,500-9,000 төгрөг болгох.

 Дархан арьс ширний цогцолбор ашиглалтад орвол малчдад очих үр өгөөж, эдийн засгийн дэм нь энэ юм шүү гээд маш энгийнээр хэлээд өгөхгүй юу. Учир нь энэ цогцолбор малчдын ахуй, амьжиргаг ахиулах нэг гарц гэж тэд маань харж байгаа?

– Малчдад маань буух эдийн засгийн үр өгөөж нь шууд эдийн засгийн болон дам нөлөөгөөр очно. Шууд гэвэл, бид өнөөдөр 20-30 тэрбум ч хүрч чадахгүй байгаа  энэ түүхий эдийг 171 тэрбум болгохоор зорьж байна. Өөрөөр хэлбэл, малчдад 150 тэрбумын бодит орлого нэмэгдэх юм.

Дам утгаараа гэвэл… Хуучин бол 1958 оны МАХН-ын 8 дугаар тогтоолоор Нэгдэлчих хөдөлгөөнийг эхлүүлж 10 жилийн хугацаатай хэрэгжүүлж байсан. Төлөвлөгөөт эдийн засгийн үе ингэж хэрэгжүүлэхдээ малын арьс хамгийн чухал нь байсан. Яагаад вэ гэхээр Монгол Улсын аж үйлдвэрийн цаг тооллыг арьс ширний аж үйлдвэрээр эхлүүлдэг. Тэгэхээр яг энэ бол малын гаралтай түүхий эдийн таваар бэлтгэлийн арьсны систем манлайлж явдаг гэсэн үг. Үүнийг цэгцэлж чадвал бусад нь дагаад цэгцэнд ордог.

Тэгэхээр энэ нь өөрөө хуучин төлөвлөгөөт эдийн засгийн үед байсан худалдаа бэлтгэлийн ангийг зах зээлийн эдийн засгийн харилцаанд яаж уялдуулах вэ гэдэг нь өөрөө зах зээлийн зарчимдаа уялдахын тулд төр хувийн хэвшил хамтарч энэ таваар бэлтгэлийн агентуудыг 309 суманд байгуулах хэрэгтэй байгаа юм.

-Гэхдээ мэдээж хуучны үе шиг хүчээр бий болгох боломжгүй?

-Тийм. Хүчээр байгуулж болохгүй учраас энэ цогцолборыг хувьцаа эзэмшигч болгох ёстой. Яагаад гэвэл ашгийн төлөө зах зээлийг эдийн засгийн харилцаа гэдэг. Тэгэхээр ашгийг бид яаж хүртээж байна гэхээр гар дээр нь шууд 150 тэрбумын нэмүү өртгийг авах нь.

Гэтэл хувьцаа эзэмшигчийг таваар бэлтгэгч агентуудаар буюу өнөөдрийн бидний ченж гэж нэрлээд байгаа худалдаачид мэдээж зохион байгуулалтанд орно. Хэдийгээр өнөөдрийн байгаа системд ченжүүд хамгийн үр дүнтэй ажиллаж байгаа хэдий ч шинэ зохион байгуулалтанд ороод хийгдэх юм бол цаад талдаа 300 гаруй мянган малчид энэ цогцолборын хувьцаа эзэмшигч болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сайн арьс нийлүүлэх юм бол сайн өгөөж ашиг авах юм байна гэдгийг нь эдийн засгийн хөшүүргээр хийж байж энэ таваар бэлтгэлийн систем ажиллана. Тэрнээс биш хуучин төлөвлөгөөт эдийн засгийн үе шиг хүчээр хийх боломжгүй. Тэгэхээр бид гурван төсөл хэрэгжүүлж байгаа. Зөвхөн энэ бүтээн байгуулалт нь үндсэндээ энэ төслийн 30 хувийн л асуудал. Таваар бэлтгэлийн систем бол 40 хувийн асуудал энэ нь өөрөө сайн байж явна. Борлуулалт байхгүй бол энэ үйлдвэр хөрөнгө оруулалтгүй, эдийн засгийн үр ашиггүй.

-Таны хэлсэнчлэн таваар бэлтгэлийн системд гадны хамтрагч нарыг татаж оруулах хэрэгцээ үүсэх нь ээ дээ?

-Гадаадын зах зээл дээр хэдэн зуун жил менежмент кластрын системээр хамгаалалтад орчихсон энэ системд бид нэвтэрч орохын тулд гадны хамтрагч нарыг татаж оруулах хэрэгтэй байлгүй яах вэ. Тийм болохоор экспортын платпормуудын төслийг бас хэрэгжүүлж байгаа. Европт манай баг хамт олон нэлээдгүй хүч хөдөлмөр, цаг хугацааг зарцуулсан үр дүнг нь харахад ойрхон байна. Гэхдээ мэдээж том хэлэлцээрүүд бол маш төвөгтэй, яг одоо хүнд хэлэлцээрүүд үргэлжилсээр байгаа.

-Манай улс Дархан, Эрдэнэт шиг том хотын тоог нэмэх хүсэл байдаг. Энэ утгаараа мянга, мянгаар тоологдох ажлын байрны эх үүсвэр болсон Дархан арьс ширний цогцолборыг өөр аймагт барьж болоогүй юм уу гэсэн асуулт олон байна?

-Дарханд байгуулах нэг том үндсэн шалтгаан нь Дархан, Сэлэнгийн бүс нутагт Монгол Улсын эдийн засгийн эргэлтэд орсон төмрийн хүдрийн нийт ордын 60-70 хувь нь байдаг. Ерөнхийдөө энд сүүлийн 10-аад жил ядмаг хүдрийг овоолго байдлаар үлдээгээд, сорчлоод шууд урагш нь экспортлож байна. Ядмаг хүдрүүд нь үндсэндээ бодит байдал дээр нойтон баяжуулахаар явахаас зайлшгүй байгаа юм. Үүнийг дагаад хүнд үйлдвэр хөгжиж байгаа, яагаад гэвэл төмрийн хүдэр нь тэндээ байна.

СААРАЛ УС АШИГЛАНА

Дарханд хэдийнэ төрийн болон хувийн хэвшлийн менежмент хамтарсан долоо, найман төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэр бий болчихоод байна. Нөгөө талаас Дарханд нэг баяжуулах үйлдвэр нь аль хэдийн цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг хэрэглээд эхэлсэн. Дунджаар нэг тонн төмрийн хүдрийг баяжуулахад 3 тонн ус хэрэглэнэ. Бид цогцолбор дотроо саарал усны 50 хувийг ашиглана. Бусад үлдэгдлийг нь энэ үйлдвэрүүд рүү нийлүүлэх юм бол хэн хэндээ ашигтай.

1 тонн усыг дунджаар 1,883 төгрөгөөр худалдаж авдаг. Харин бид тал үнээр нь саарал усаа худалдана. Тэгэхээр нэг үйлдвэр жилдээ дунджаар 300 гаран сая төгрөгний эдийн засгийн үр өгөөжтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүнд үйлдвэр хөнгөн үйлдвэр хоёрын эдийн засгийн хувьд үр өгөөжтэй болгох хамгийн том үндэслэл болж байгаа юм.

Нийт бизнесийн арилжааны ашиг, эдийн засгийн ашиг, нийгмийн үр өгөөж, байгаль орчны үр өгөөж гээд дөрвөн үр өгөөжөөр манай төслийг харах ёстой.

Ажлын байр гэдэг бол мэдээж эдийн засгийн үр өгөөждөө орно. Цэвэр бизнесийн зарчмаас нь харвал аж үйлдвэрийг паркаар болон кластер болгож байж дундаа дэд бүтэц, тээврийн зардлыг бууруулах нь тус тусдаа нэг үйлдвэр барьснаас илүү үр өгөөжтэй болж байгаа юм.

-Цогцолборын нийгэмд үзүүлэх нэг том өгөөж нь ажлын байр гэж бүгд харж байгаа. Бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл яг хэчнээн тооны ажлын байр бий болгох вэ?

-Тооцооллыг бид гаргасан. Эдийн засгийн хувьд номер нэг асуудал ажлын байр. Зөвхөн эхний түвшинд босгож байгаа энэ 50га-д 15 мянган тонн завод ноос ноолуур, 10 сая арьс боловсруулах түвшинд авч үзэхэд 2,300 шууд ажлын байр бий болж байна. Дам утгаараа 7,500 болно.

Мэдээж хэрэг хоёрдугаар түвшин болон эцсийн бүтээгдэхүүн боловсруулахад бас ажлын байр бий болно. Гэхдээ дээрх 2,300, 7,500-аас илүү их ач холбогдолтой нь 330 мянган малчин өрхөд очих дэмжлэг юм. Үүн дээр бид хуучин худалдаа бэлтгэлийн агентыг таваар бэлтгэлийн агентаар бий болгож чадах юм бол хөдөө орон нутагт 16,500 ажлын байр бий болох бүрэн боломжтой.

Урд хөршид 6,600 гаруй аж үйлдвэрийн парк байна. Дэлхийн арьс ширний аж үйлдвэрийн паркуудын амжилттай 13 паркийг туршлагаас харахад төр хувийн хэвшилийн хамтын түншлэл хамгийн чухал нь юм. Монголын онцгой нэг зүйл нь иргэд орж байгаа юм. Иргэд гэдэг нь нийт малчид. Малчид нь дам утгаараа 16 мянган таваар бэлтгэгч, 3,300 таваар бэлтгэлийн бизнес эрхлэгчид, малын эрүүл мэндийн салбарынхан гээд ингээд үзэх юм бол манай төсөл шууд ажлын байрт нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, 10 хүн тутмын нэг нь ажилд хамрагдаж байгаа юм. Яг нийт хөдөлмөрийн зах зээлийн сая хүнээс гэж үзвэл 10 хүн тутмын 3 нь манай төсөлтэй шууд хамааралтай болно.

Монгол Улсад ажлын байрыг тэлэх, эдийн засгийн нэмүү өртөг, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох хамгийн чухал төсөл бол Дархан арьс ширний цогцолбор гэдэгт би огт эргэлздэггүй. Эдийн засгийн тооцоон дээрээ ч харагддаг.

-Аливаа төсөл, хөтөлбөр дээр төр, хувийн хэвшлийн уялдаа, дэмжлэг гойд үүрэгтэй. Танай цогцолборын тухайд. Асуудал хэр урагштай явж байна?

– Олон улсын туршлагаас харахад аж үйлдврийн паркыг барихад Зохицуулагч, Хөгжүүлэгч, Ажиллуулагч, Үйл ажиллагаа эрхлэгчид гэсэн дөрвөн оролцогчид оролцодог. Төр бол зохицуулагчаас эхлээд тодорхой дүрэм журмыг өгөх, шийдвэрүүд гаргах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, зохицуулагчийн үүргийг гүйцэтгэдэг. Хөгжүүлэлтийн үе бол хамгийн чухал үе. Манай төсөл бол хөгжүүлэлтийн эхний гурван түвшингээс дөрөвдүгээр түвшин дээр явж байна. Энэ дөрөвдүгээр түвшинд хүрэхэд төслийн хамаг чухал хүчин зүйлсийн 90 хувь зарцуулагддаг гэж үздэг. Олон улсад төсөл хөтөлбөрийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтарсан туршлагууд их байдаг. Төр нь өөрөө төслийн  хөгжлийн сан гэдгээр дэмжээд гаргасан тохиолдлууд ч бас байна.

Ер нь хамгийн чухал нь төр хөгжүүлэлтийн шатанд болон дэд бүтцэд санхүүгээр дэмждэг юм байна. Манай төсөл дээр мэдээж төрийн зүгээс дэмжиж байгаа. Хөгжлийн банк буюу яг энэ чиглэлийн бодлогын банк төслийн нилээдгүй гол санхүүжилтийг хийсэн.

Оператор буюу ажлуулагч үүнийг бол үндсэндээ хувийн хэвшил авч явдаг. Өөрөөр хэлбэл, төслийн менежментийг авч явна.

Дотор нь үйл ажиллагаа явуулах байгууллага. Жишээлбэл манай дээр 20 үйлдвэр байна. Хорин тусдаа бизнесийн хамтарлууд байна, зарим нэг үйлдвэртэй хамтарч болно, зарим нь түрээслэж, зарим операторын гэрээгээр эсвэл эзэмшээд хамтарч ажмлладаг.

                                                                                                                 200 ГАРУЙ САЯ ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ

-Дархан арьс ширний цогцолбор ашиглалтад орсноор ямар үр ашигтай, дотоодын эдийн засгийг хэр өнгөлөх вэ гэдгийг та ярилаа. Тэгвэл энэ том бүтээн байгуулалтыг 100 хувь дуусгахад хэчнээн хэмжээний хөрөнгө санхүү шаардагдахаар байна?

-Нэгдүгээр түвшиний бүрэн боловсруулалтыг хийгээд үзвэл 200 гаруй сая доллар орохоор байгаа. Тэгэхдээ бидний хувьд эхний ээлжинд энэ үндсэн таван дэд бүтцийн 65 хувийг хийчихсэн байна. Үүнийг хийхэд үндсэндээ цэвэр бүтээн байгуулалт руу нь төслийн бэлтгэлийг нь хасаад үзвэл 40 гаран тэрбумыг зарцуулчихсан байна.

Дуусахад эхний ээлжинд 60-аад тэрбум хэрэгтэй байгаа. Мэдээж энийг шат дараалалтай явуулах хэрэгтэй. Үйлдвэрүүд эхлээд 100 хувь эцсийн гүн боловсруулалт хийж болохгүй. Яагаад гэвэл өнөөдөр бид ямар арьстай байгаа билээ, таваар бэлтгэлийн систем ямар түвшинд байгаа билээ. Бид европ руу туршиж үзсэн сайн ч, муу зүйл ч гарсан.

Нийт арьсны алдааны 90 хувь нь таваар бэлтгэлийн систем дээр гарч байгаа.

Өнөөдөр бид техник эдийн засгийн үндэслэл гээд цаасан дээр эргэлдээд байж болохгүй. Техник эдийн засгийн үндэслэл гэдэг ойлголт бол байнгийн шинэчлэгдэж байдаг. Жишээлбэл бид нэг удаагийн бүтэн циклийн туршилт хийлээ. Дахиад ч өөр бүтээгдэхүүн дээр хийнэ. Ингээд ирэхээр техник эдийн засгийн үндэслэл чинь улам л нарийсна.

Бид энэ тал руугаа (бодитой шинэ зах зээл, бүтээгдэхүүн туршилтанд) буюу бүтээгдэхүүн хөгжүүлэлт рүү мөнгө санхүүгээ зарцуулах хэрэгтэй.

-Та төр засгийн зүгээс анхаарч хэрэгжүүлэх хамгийн гол бодлогыг чухам юу гэж харж байна вэ?

-Төр, хувийн хэвшил болон бусад оролцогч талуудын хамтын ажиллагааны хөшүүргийг хэрхэн зөв хийх нь аж үйлдвэрийн парк болон кластерийн системтэй холбоотой төсөл хөтөлбөрийн эдийн засгийн үр ашигт байдал болон практикт амжилттай хэрэгжих үндэс нь. Иймд Төр засгийн зүгээс анхаарч хэрэгжүүлэх хамгийн гол бодлогын асуудал нь:

1. Дэлхийн худалдааны байгууллагын тэгш зарчмын хүрээнд стратегийн бүтээгдэхүүний хувьд малын гаралтай боловсруулсан бүтээгдэхүүндээ импортын татвараас чөлөөлүүлэх,

2. Олон улсын жишгийн дагуу Аж үйлдвэрийн үр ашигт байдлаар хөрөнгө оруулалт, гадаад зах зээлийн сувгийг татахад бодлогоор өрсөлдөх,

3. Малын гаралтай түүхий эдийн Таваар бэлтгэлийн системийг төрөөс хэрэгжүүлж, төвлөрлийг сааруулах, хүртээмжтэй эдийн засгийг дэмжих юм.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ