“ХҮЛЭГБААТАР БООРЧИ-АНДЛАЛЫН ӨРГӨӨ” ЦОГЦОЛБОРЫН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

2021-08-26 558 1

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уг бүтээн байгуулалттай холбоотой 1.9 тэрбум төгрөгийг гэрээний дагуу гаргасныг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх хүсэлтийг “Хос санаа” компанид хүргүүлсэн. Үүний дагуу улсын төсвөөс дөрвөн удаагийн гүйцэтгэлээр олгосон санхүүжилтийг “Хос санаа” компаниас буцаан төвлөрүүллээ гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан албан ёсоор мэдэгдлээ. Уг асуудлаар хуулийн баг гарч, холбогдох ажлын хэсэг өнгөрсөн 6 сараас эхлэн ажиллаж, ийнхүү улсын төсвийг алдагдалгүй болгох замаар асуудлыг шийдвэрлэж байгааг салбарын сайд онцоллоо. Мөн тэрээр энэ асуудалтай холбогдуулан оюуны өмч болон талийгаачийн гэр бүлийн зүгээс гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандахыг хүссэн юм.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарласан “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” цогцолборын тендерт  “Хос санаа” ХХК  барилгын ажлыг гүйцэтгэгчээр шалгарч, “Хүлэгбаатар Боорчи – Андлалын өргөө” цогцолборын барилга угсралтын ажлын гурван талт гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хэнтий аймгийн Засаг дарга,  гүйцэтгэгч  “Хос санаа” ХХК  хооронд байгуулсан.

Уг бүтээн байгуулалтыг Уран барималч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Эрдэмбилэг агсны зураг төслөөр, Оюуны өмч эзэмших эрхийг “Хос санаа” ХХК шилжүүлснээр 2018 оноос барилгын ажил эхэлсэн. Гэвч ажил гүйцэтгэлийн явцад төслийн ерөнхий удирдагч Д.Эрдэмбилэг хүнд өвчний улмаас нас барсан тул барилгын ажлын явц доголдож тодорхой хугацаагаар саатан, гүйцэтгэлд хяналт тавих боломжгүй болсон юм.

“Салбар яамнаас уг төслийг үргэлжлүүлэхээр судалгаа хийж, зохиогчийн шавь нартай уулзаж, анхны зураг төслөөр бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх боломжтой эсэхийг судалсан. Гэвч зохиогч өөрөө барилгын явцад хяналт тавих боломжгүй болсон учраас зураг төслийг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болсноос гадна, барилгын ажил бүрэн дуусаагүй байхад олон нийтийн сүлжээгээр сөрөг мэдээллүүд цацагдаж эхэлсэн. Тиймээс Д.Эрдэмбилэг агсны гэргий, үр хүүхдүүдээс “Хос санаа” болон “Классик хаус” компаниудад оюуны бүтээлийн зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлтийг тавьсан. Мөн салбар яаманд хүсэлт гаргахдаа “Хүлэгбаатар Боорчи – Андлалын өргөө” цогцолборын бүтээн байгуулалтын барилгын ажлыг зогсоож, холбогдох арга хэмжээг авч, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байхыг хүссэн. Эдгээрийг судалж, гурван талт гэрээний дагуу ажлын хэсэг, хуулийн баг ажилласан байна.

Талийгаачийн гэр бүлийн зүгээс “Хос санаа” ХХК-д оюуны өмч шилжүүлэх гэрээний 2.2-д “Тус тендерт шалгарсан нөхцөлд Архитектурын бүтээлийн баталсан төсвийн хүрээнд “Хүлэгбаатар Боорчи-Андлалын Өргөө” цогцолборын барилгыг барьж ашиглалтад оруулах үүрэгтэй”, 2.4-д “Зохиогчийн эрх хүлээн авагч талаас Архитектурын бүтээлийн зохиогчийн эрхийг хэрэгжүүлэхдээ уг архитектурын бүтээгч болон зохиогчийн нэр төр, алдар хүндэд харшлах үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэгтэй”, 3.2-д “Архитектурын бүтээлийн зохиогчийн эрхийг зориулалтаас өөр зүйлд ашиглаж, энэ нь олон түмэнд илтэд хохиролтой хийгээд, эрх шилжүүлэгч талын нэр хүндийг унагахад хүргэх байдал илэрвэл, ийм байдлыг зогсоох эрхтэй” гэсэн заалтуудыг зөрчсөн учраас цуцлах мэдэгдэл хүргүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамд энэ ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй талаар хүсэлт ирүүлснийг үндэслэсэн дээрх шийдвэр гарсан байна.

Холбоотой мэдээ