Автозамын нүхэн эвдэрлийг 22.00-06.00 цагт засварлаж байна

2021-06-03 385 1

Нийслэлийн хэмжээнд 1000 гаруй км хатуу хучилттай зам бий. Ан цав, заадас засварын ажлыг тухай бүрд нь хийхгүй бол заадас нь томорсоор нүх болдог. Улмаар ус, чийг орж, замын суурь бат бэх чанараа алдаж, эвдэрдэг байна. Улаанбаатар хотын олонх замын насжилт хэтэрсэн хэдий ч нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ төсөв, санхүүдээ тулгуурлан, зам засварын ажлыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш хийж эхэлсэн. Өдгөө авто замын нүхэн эвдрэлийг засварлах ажлыг иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх зорилгоор шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийж, гүйцэтгэж байгаа юм. Тэд долдугаар сарын 1-нээс өмнө ажлаа дуусгахаар төлөвлөжээ.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нь Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж, замуудад нийт 30200 ам метр талбайд нүхэн эвдрэл засварлах ажил хийж гүйцэтгэнэ. Тус газрын дарга Б.Галхүү “Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар манайх зам арчлалтын ажил хийж байна. Заадас засварын ажлыг хийсэн. Одоо нөхөөсний ажил үргэлжилж байгаа бөгөөд 12 бригадын 70-80 хүн ажиллаж байна. 30200 ам метр авто замд засвар хийхээс одоогийн байдлаар ажил 30 хувьтай явна. Үүний дараа тэмдэг, тэмдэглэгээ хийнэ” гэсэн бол Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалтын хяналын хэлтсийн дарга Д.Ганбат “Нийслэлийн зургаан дүүрэг, 175 гудамж, замын урсгал засвар, нөхөөсний ажил хийнэ. Улаанбаатар зам засвар, арчлалтын газар Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт ажлуудаа эхлээд байна. Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт тендер зарлаж, 14 багц ажлаас найман гүйцэтгэгч гэрээгээ байгуулчихсан. Ирэх долоо хоногоос үлдсэн зургаа нь гэрээ байгуулж, ажлаа эхэлнэ. Урсгал засвар, нөхөөсний ажлыг 45 мянган ам метр талбайд хийхээр төлөвлөсөн” гэлээ.

Холбоотой мэдээ