ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Ишээс цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа.
-Нөөцийн мах бэлтгэх ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?
-Энэ жил 13.3 мянган тонн мах нөөцлөхөөр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан агуулахад хадгалж байгаа махны дүн мэдээг долоо хоног бүр тогтмол авч байна. Хөндлөнгийн аудиторууд шалгалт хийж, дүнг нэгтгэн гаргаж байна.
Өмнөх долоо хоногийн мягмар гарагийн мэдээгээр 7400 тонн мах агуулахад хадгалж байна. Энэ жил мал тарга хүчтэй байгаа учир махны чанар харьцангуй сайн байна. Тиймээс махны өөх ихдэхээс сэргийлж аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлсэн. Нийт бэлтгэж буй махны 30 хувь нь үхэр, 60 хувь нь хонь, 10 хувь нь ямааных байна.
-Малын өвчлөл гарсантай холбоотойгоор мах бэлтгэлийн ажилд ямар зохицуулалт хийж байна вэ?
-Зөвхөн нөөцийн мах төдийгүй зах зээлд борлуулж байгаа маханд мал эмнэлгийн тогтолцоогоор гарал үүслийн баталгаажуулалт байнга мөрдөгддөг. Үүний дагуу өвчлөл бүхий аймгийн малд вакцин тарьсан эсэхээс хамаараад гарал үүслийн бичгээр зохицуулалт хийж байна. Өөрөөр хэлбэл, тухайн бүс нутаг өвчлөлтэй, вакцин хийсэн бол мал, махны хөдөлгөөн хийхгүй гэсэн үг.
-“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааны үр дүн ямар байв?
-Улаанбаатар хотод махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” арга хэмжээг 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 02-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан. Мөн орон нутагт буюу Орхон, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймагт энэхүү арга хэмжээг мөн зохион байгууллаа.
Төв цэнгэлдэх хүрээлэн дэх өргөтгөсөн худалдааг 12 дугаар сарын 5-ны өдрийг дуустал сунгасан. Уг төвлөрсөн худалдаа нь иргэдийн хувьд сонголтоо нэг дороос хийх боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог. Нийт 16 аймгаас мал, мах нийлүүлж, борлууллаа. Хоногт 60-90 гаруй тонн махны худалдааг малчид хийсэн мэдээ гарсан. Махнаас гадна цагаан идээ, импортоор авдаг цагаан будаа, ургамлын тос зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг борлуулсан.
“Өвлийн идэш” арга хэмжээний хоёр дахь үе шат өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 6-наас эхэлж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын 3 цэгт махны худалдааг өргөжүүлнэ. Иргэдийн хувьд аль цэгт хаанахын мах борлуулж байгаа мэдээллийг аваад сонголтоо хийх боломжтой. “Тэнгэр” бөөний худалдааны төв, Тусгаар тогтнолын талбай, Яармагт нээгдсэн орчин үеийн тоног төхөөрөмжтэй “Фүүд сити” худалдааны төвд аймгууд нийлүүлэлтээ хийх хувиар гарлаа. Засгийн газар, ХХААХҮ-ийн сайдаас орон нутгийн Засаг дарга нар руу нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой чиглэл өгсөн.
-Яамнаас махны үнийг тогтвортой байлгах чиглэлд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
-Бид нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Нийлүүлэлт нэмэгдвэл үнэ буурах нөхцөл бүрдэнэ. Малын тооллого эхлэх үеэс нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай байна.
Нийслэлд орж ирж байгаа мал, маханд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг тавьж байгаа. Нийслэлийн мал эмнэлгийн газраас дээж авах, ариун цэвэр шаардлагын нөхцөлийг хангуулах чиглэлээр ажиллаж байна.
-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц хэр байна вэ?
-Гол нэрийн 16 төрлийн бүтээгдэхүүн байдгаас загасны мах зэрэг бараа бүтээгдэхүүнээ хасаад нийтийн хэрэглээнд байгаа 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийг 7 хоног бүр хянаж байна. Төмөр замаар орж ирэх бараа бүтээгдэхүүнд зохицуулалт хийж, байнга татан авалт хийхийг зорьж буй. Үүн дотор гол нэрийн хүнс болох цагаан будаа, ургамлын тосны захиалгыг холбогдох яамдуудтай хамтран сар бүр өгч байна. 11 дүгээр сард хамгийн хүндрэлтэй үе байсан. Энэ үед төмөр замаар татан авалтаа хийсэн. Хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнийн хувьд саатал үүссэн учир хангалтыг хэвийн байлгах зорилгоор татан авалтаа хийсэн. Хоёрдугаарт, үнийн хувьд тээврийн зардлаас хамааралтай өсөлт үүсээд байсан. Энэ хоёр асуудлыг нэг дор шийдэхийн тулд төмөр замаар болон импортлогч аж ахуйн нэгжүүдийн машинаар татан авалт хийснээр 10 дугаар сард тээврээс шалтгаалсан үнийн өсөлтийг хэвийн хэмжээнд авчрах боломжийг бүрдүүлсэн.
12 дугаар сард шинэ жил болж байгаатай холбоотойгоор дэлхий нийтээр хүнсний нарийн ногоо, өндөгний хэрэглээ хоёр дахин өсдөг. Тэгэхээр эдгээр бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар татан авахаар ажиллаж байна. Хайрагдаж, хөлдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дулаалгатай чингэлгээр татан авалт хийх нөхцөлийг бүрдүүлж захиалгаа хүргүүлж байна. Өндөгний хувьд ОХУ-аас татан авалтаа хийж байгаа. Хүнсний нарийн ногоо, жимснийхээ тодорхой хэсгийг ОХУ-аас нийлүүлж байна.
0 cэтгэгдэлтэй