ДУНДГОВЬ АЙМГИЙН ЦАГААН ДЭЛГЭР СУМАНД МАЛ БҮРТГЭЛЖҮҮЛЭЛТИЙН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2021-11-10 519 1

Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, бүртгэлээр дамжуулан мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, хяналт тавих тогтолцоог шинэ шатанд гаргах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2021 онд “Мал бүртгэлжүүлэлтийн аян”-ыг улсын хэмжээнд зарласан.

Аяны хүрээнд 21 аймгийн 183 суманд үржүүлж буй баталгаажсан үүлдэр, омгийн малын 290.2 мянган цөм сүрэг, үржилд ашиглаж буй 213.1 мянган хээлтүүлэгч, хот орчмын бүсийн 110.2 мянган үхрийг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэн мэдээллийн нэгдсэн санд оруулах, шилжилт хөдөлгөөнийг хянах зорилт тавин ажиллаж байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Францын Мал аж ахуйн хүрээлэнтэй хамтран Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн хөгжүүлэлтийг хийх зорилгоор Өвөрхангай аймгийн 4 суманд хэрэгжүүлж буй “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг сайжруулах туршилтын төсөл”-ийг өнөөдөр Дундговь аймгийн Цагаан дэлгэр суманд амжилттай туршлаа. Ингэснээр уг системийг орон даяар нэвтрүүлэх ажлын эхлэл тавигдаж байна.

Түүнчлэн ХХААХҮЯ, Дундговь аймгийн хамтын санаачилгаар Цагаан дэлгэр суманд мал бүртгэлжүүлэх аяныг жишиг болгон өрнүүлэх ажлын нээлт өнөөдөр Дэлгэрэх зам багийн төвд боллоо. Тус үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал, малчид, Монголын хоршоологчдын холбоо, Тэргүүн сүрэг, Интерактив компанийн төлөөлөл оролцсон юм.

Энэ үеэр малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэхийн ач холбогдол, малчдад бий болох боломжууд, Өвөрхангай аймагт туршин нэвтрүүлсэн системийн онцлог давуу тал, малын ээмэгний үйлдвэрлэл, аймгийн ХХААГ-аас хийж хэрэгжүүлж буй ажлууд мөн малчид нэгдэн нийлж хоршоо байгуулан ажилласнаар ямар үр ашиг хүртэх талаар нэгдсэн мэдээлэл өгч, санал солилцлоо.

Мал бүртгэлжүүлэлтийн аяны тухай ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх ажил нь төр, хувийн хэвшил, малчид, мал аж ахуй эрхлэгчдийн оролцоотой үр дүнд хүрнэ. Тиймээс бүх шатны мэргэжлийн байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн уялдааг сайжруулах, нэгдсэн бодлого чиглэлээр хангахад салбарын яам онцгой анхаарч байна” гэдгийг хэлсэн юм.

Холбоотой мэдээ