Эсээ бичлэгийн уралдааны ялагч Японд суралцах эрхээр шагнуулжээ

2021-12-27 152 0

Эх орныхоо өмнөх түүхийг өнөөгийн хүүхэд залуус юу гэж үзэж байна гэдгийг Б.Дэлгэрмаа охины бичсэн эсээнээс мэдэж болно. Тэрбээр “улс орны түүхэн ололт амжилт гэдэг бол ирээдүйд өвлөж үлдэх агуу их ач холбогдолт үйл явдлыг хэлнэ. Хүнээр зүйрлэж хэлбэл, тухайн хүний өсөлт хөгжлийн үндэс болсон томоохон өөрчлөлтийг авчирсан үйл явдал юм” хэмээн бичжээ.

Дархан-Уул аймгийн “Дархан Эмпати” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч тэрээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойн нэрэмжит эсээ бичлэгийн уралдааны япон хэлний хэсэгт тэргүүлсэн юм.

МОНЦАМЭ агентлагийн орос хэлээр гардаг “Новости Монголии”, англи хэлний “Mongol Messenger”, хятад хэлний “Мөнгү Шяоши Бао”, япон хэлээрх “Монгорү Цүүшин” сониноос “Орчин үеийн Монгол Улсын 100 жилийн түүхэн ололт, амжилт” сэдвээр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдааныг улсын хэмжээнд зарлан дүгнэснээс өнөөдөр түрүүлсэн хүүхдүүдээ тодруулав. Япон хэлний уралдаанд нэгдүгээр байрт “Дархан Эмпати” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Дэлгэрмаа, хоёрдугаар байрт “Шинэ үе” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ито Батнайрамдал Кэн, гуравдугаар байрт “Номт Наран” сургуулийн сурагч Г.Цог-Учрал шалгарав.

Хятад хэлний уралдаанд “Найрамдал” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Хангал тэргүүлж, удаах байруудад “Уй Цай” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Цэлмүүн, “Дархан Цай хун” сургуулийн сурагч Э.Минжин, тусгай байрт “Найрамдал” сургуулийн сурагч О.Хүсэлбаатар нар, англи хэлний уралдаанд олон улсын “Орчлон” сургуулийн сурагч Л.Тэнүүн, “Сант” сургуулийн сурагч А.Энхбаяр, Монгол-Оросын хамтарсан сургуулийн сурагч Б.Билгүүн нар шалгарлаа.

Шагналыг МОНЦАМЭ агентлагын орлогч дарга Ш.Батболд, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвийн багш Мицүмото Томоя, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн ахлах мэргэжилтэн Хурц нар гардуулж, БНХАУ-ын мэдээллийн “Синьхуа” агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч Асгат зочноор оролцлоо. Япон хэлний уралдаанд түрүүлсэн хүүхдүүдэд Япон улсын ЭСЯ-наас мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэсэн юм. Ташрамд мэдээлэхэд Японы хэлний эсээ бичлэг түрүүлсэн Б.Дэлгэрмаа охин олон улсын хүүхдийн солилцооны “Jenesys” хөтөлбөрт хамрагдан Япон улсад суралцах эрхээр шагнуулсан юм.

 

Холбоотой мэдээ