Б.Хишигжаргал: “Ковид-19” цар тахлын хүнд үед элэгний 31, бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 23 хүнд хийсэн

2022-03-02 319 0

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, Тэргүүлэх зэргийн эмч Б.Хишигжаргалтай ярилцлаа. Тус эмнэлэг нь Монголдоо анхны ТУЗ-тэй эмнэлэг болсон бөгөөд гүйцэтгэлийн санхүүжилтын шинэ менежментийг нэвтрүүлээд буй юм.

-Юун түрүүнд 2021 онд танай эмнэлэгт хийж хэрэгжүүлсэн ажлын дүгнэлтээс яриагаа эхлүүлье. “Ковид-19” цар тахалтай хүндхэн жил өнгөрлөө. Эмнэлгийн менежментийн талаар ярихгүй юу, гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэн жил байлаа шүү дээ?

-2021 он бол эрүүл мэндийн салбарт маш өвөрмөц жил болж өнгөрлөө. Нэгдүгээрт, “Ковид-19” цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрч бараг бүх эмнэлгүүд ковидын ор дэлгэж, өөр өөрсдийн хэмжээнд улаан, шар, ногоон бүсийг байгуулж багагүй хугацаанд ажиллалаа. УНТЭ-н хувьд бусад эмнэлгүүдээс хүндэрсэн, хамгийн хүнд тохиолдлуудыг хүлээн авч эмчилсэн. Мөн улсын хэмжээнд эрхтэн шилжүүлсэн, бөөрний дутагдалтай, чихрийн шижинтэй, цусны хавдартай гэх мэт хүндэрч болох хавсарсан эмгэгтэй хүмүүст тусламж, үйлчилгээг голдуу үзүүлсэн. Үүний зэрэгцээ үндсэн тусламж, үйлчилгээг алдагдуулалгүйгээр бүхий л өвчний оноштой үйлчлүүлэгчдэдээ халдварын дэглэмийг баримталж үйлчилсэн жил байлаа.

Хоёрдугаарт, 2021 оны гуравдугаар сарын 1-нээс ЭМДҮЗ-н 03 дугаар тогтоол гарч, бүх эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжин ажилласан. Энэ нь юу гэхээр, өмнө нь улсын эмнэлгүүд ЭМЯ болон Сангийн яамнаас баталсан төсвийн хүрээнд тогтмол санхүүжилтийг авч тусламж, үйлчилгээг үзүүлдэг байсан бол гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнээр тухайн эрүүл мэндийн байгууллага ямар тусламж үйлчилгээ үзүүлнэ түүнийхээ санхүүжилтийг ЭМД-с авч, үйл ажиллагаагаа явуулдаг болсон гэсэн үг.

Тэгэхээр тухайн эмнэлэг сайн менежмент хийж өндөр, нарийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж чадна, төдий чинээ сайн санхүүжилт авч, эмч ажилчдынхаа цалин, урамшууллыг нэмэх, шинэ багаж тоног төхөөрөмж авах, эмнэлгийнхээ гадна, дотно орчинг сайжруулах боломж бүрдэнэ. Энэ нь маш зөв тогтолцоо юм. Бусад хөгжингүй орнуудын эмнэлгүүд болон даатгалын тогтолцоо нь энэ жишгээр явж, маш өндөр түвшинд хүрсэн байна. Манай оронд өнгөрсөн жил эхлэл нь тавигдсан ч цар тахлын нөлөөл их байж таарлаа. Энэ жилээс буюу 2022 онд улам нарийсч, эмнэлгүүд өөр хоорондоо өрсөлдөж, тусламж үйлчилгээгээрээ үйлчлүүлэгчдээ булаалдах болно. Үүний үр дүнд ард иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ илүү чанартай,  чирэгдэлгүй, түргэн шуурхай очих юм.

 -Цар тахлын үед эрхтэн шилжүүлэх хагалгаа доголдсон гэж дуулсан. Танай эмнэлэг хэдэн хүнд ийм төрлийн хагалгаа хийсэн бэ. Тоон мэдээлэл дурьдвал?

-Цар тахлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанууд хүлээгдсэн нь үнэн. Суурь өвчтэй хүмүүсийн зарим нь ковид туссан нь нөлөөлсөн. Гэхдээ эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ бид цагийн байдлыг харзнаж байгаад үзүүлсэн. Статистик тоо хэлэхэд, манай эмнэлэг 2021 онд элэг шилжүүлэн суулгах хагалгааг 31, бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 23 хүнд хийсэн. Мөн 8723 хүнд мэс заслын тусламж үйлчилгээг, 17,330 хүнийг хэвтүүлэн эмчилсэн. Харин амбулаторийн тусламж, үйлчилгээг 254,239 хүнд үзүүлсэн байна.

-Гүйцэтгэлийн санхүүжилтийн шинэ тогтолцоогоор танай эмнэлэгт яг ямар үр дүн гарсан бэ?

-2021 оны хувьд бид төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу ажиллахад багагүй бэрхшээлтэй байлаа. Ковидын цар тахлын улмаас тусламж үйлчилгээндээ өөрчлөлт оруулах, олон удаагийн хөл хорионд эмнэлгийн тодорхой хэсгийг хаах, тусламж үйлчилгээний зарим хэсгийг зогсоох зэрэг гэнэтийн шийдвэрүүдийг гаргах шаардлага тулгарсан. Гэсэн хэдий ч манай хамт олон өнгөрсөн оны II хагасаас үйл ажиллагаагаа өргөжүүлж, ялангуяа, мэс заслын тусламж үйлчилгээг ард иргэддээ түлхүү үзүүлж, ажилласны дүнд  шилжилтийн хэцүү үеийг санхүүгийн хувьд харьцангуй амжиллттай даван тууллаа. Гэхдээ үйл ажиллагаандаа илүү сайн менежмент хийж чадвал гүйцэтгэлийн санхүүжилтийн энэхүү тогтолцоо манай эмнэлэгт илүү их боломж бүрдүүлэхийг бид олж харсан. Үүний тулд үргүй зардлаа бууруулах, эдийн засгийн хувьд ашигтай, илүү нарийн тусламж үйлчилгээг үзүүлэх тал дээр анхаарч ажиллах ба мэдээж өнөөг хүртэл үзүүлж ирсэн манай эмнэлгийн нэрийн хуудас болсон үндсэн тусламж үйлчилгээгээ илүү сайн хийх болно.

УНТЭ-ийн хувьд улсдаа урдаа барьдаг том гурван эмнэлгийн нэг.  Эрүүл мэндийн сайдын хэлснээр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчилнэ гэж дуугарсан. Танайд ямар шинэ тоног, төхөөрөмж, техник технологи нэвтрүүлсэн бэ?

-УНТЭ-т 2021 онд нийт 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон тооны багаж тоног, төхөөрөмж шийдэгдэж, эмнэлгийн хүчин чадал нэмэгдсэн. Бид Монгол Улсдаа анх удаа найм, эмнэлэг дотроо дөрвөн шинэ технологийг нэвтрүүллээ. Шинэ технологуудаас дурдвал,

  • Ковидын цар тахлын үеийн тусламж үйлчилгээнд маш их хувь нэмэр оруулсан уушиг зүрх орлуулах Экмо аппарат
  • Үргэлжилсэн бөөр орлуулах CRRT
  • Уушигны үйл ажиллагааг хянаж, дэмжих Пулмо виста зэрэг аппратуудыг бүрэн суурилуулж, өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Мөн 128 зүсэлттэй шинэ СТ, зүрхний хэм алдалтыг засах абляцийн лаборатори, ДНХ секвенсер – NGS, алло цусны үүдэл эс шилжүүлэн суулгахад чиглэсэн хепа фильтер бүхий хими эмчилгээний ариун тасаг, тоног төхөөрөмжүүд, мэдрэлийн мэс заслын орчин үеийн дуран, микроскоп, иж бүрдлүүд, чих хамар хоолой, урологийн мэс заслын багаж хэрэгслүүдийг нэвтрүүлэхээр зэхэж байна.

Тэрчлэн эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны иж бүрэн шинэчлэл, эрчимт эмчилгээний шинэчлэл, уушиг болон ходоодны хэт авиан дуран, нарийн гэдэсний дуран гэх мэт маш олон шинэ технологийг улсын төсвийн санхүүжилтээр шийдэж, нэвтрүүлнэ. Хэдийгээр манай эмнэлэг ТУЗ-тэй, гүйцэтгэлийн санхүүжилтээр ажиллаж байгаа ч  ЭМЯ-наас шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж, дэмжин ажиллаж байгаа. Бид өнгөрсөн жил хагалгааны нэгдсэн тасгаа бүрэн шинэчилж, орчин үеийн шаардлагад нийцсэн 100 хувь вакуум хагалгааны өрөөнүүдтэй боллоо. Мөн хоёр ч томоохон тасгаа засаж, шинэчилсэн. Цаашид бүх тасаг нэгжүүдэд иж бүрэн засварын ажил хийхээр төлөвлөсөн.

-Эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа нэмүүлэхээр жагссан шүү дээ. Танайх гүйцэтгэлийн санхүүжилттэй болоод эдгээр хүмүүсийнхээ цалин, урамшууллыг нэмсэн үү?

-Бид 2021 оны наймдугаар сарын 1-нээс өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан нийт ажилчдынхаа цалинг 20 хувь нэмсэн. Өнгөрсөн жил манайхан улаан бүсэд удаан хугацаагаар ажилласан, бусад тасаг нэгжид ч тэр бусдыгаа нөхөж ачаалал ихтэй ажилласан тул илүү цаг, хандлагын нэмэгдэл зэргийг олгож болох хязгаараар, хасалтгүй олгохыг хичээсэн байгаа. Эмнэлгийн ажилчид өөрсдөө ковидоор их өвдөх, хавьтал болох, эрсдэлтэй бүлгийн ажилчид гэрээр ажиллах зэрэг үед ч бид цалинг нь хасахгүйгээр олгосон. 2020 онтой харьцуулахад нийт 5.5 тэрбум төгрөгийн цалин урамшууллыг илүү олгосон байна. Үүнээс гадна 2021 оны ажлаа дүгнэж, санхүүгийн тайлан балансаа бодсоны дараа энэ сард ашиг болох 1.8 тэрбум төгрөгөөс нийт ажилтнууддаа бүтээмжийн урамшуулал болгож үндсэн цалинг 1.5 дахин бодож олголоо. Түүнчлэн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Худалдаа хөгжлийн банктай хамтын гэрээ байгуулж орон сууцны 6 хувийн ипотекийн зээлд 12 хүн, түрээслээд өөрийн болгох орон сууцны зээлд 14 ажилтангаа хамрууллаа. Мөн УНТЭ-ийн зуслангийн 5 га газрыг шийдэж, энэ жилээс барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

-2022 онд ямар томоохон ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

 -2022 оны гуравдугаар сарын 1-нээс ЭМДҮЗ-ийн санхүүжилтийн төлбөрийн хэмжээг тогтоодог тогтоол шинэчлэгдэнэ. Энэ тогтоол нь эмнэлгүүдийн үйл ажиллагаанд дорвитой өөрчлөлт авчрах бөгөөд бид энэ өөрчлөлтөд бэлтгэж байна. 2022 оны хувьд дээр дурдсан шинэ багаж тоног төхөөрөмжүүдээ бүрэн үйл ажиллагаанд оруулж, шинэ технологуудийг нэвтрүүлнэ. Тухайлбал, алло цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ, зүрхний хэм алдлыг засах абляци эмчилгээ, судсан дотуурх мэс заслын эмчилгээ, хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлэхээр ажиллаж байна. Мөн энд онд хийх хамгийн гол зүйлийн нэг нь ажилчдын гүйцэтгэлд суурилсан үнэлгээг нэвтрүүлэх. Өнгөрсөн жил цаг үе хэцүү байсан, эмнэлгийн ажилчид ачаалалтай ажилласан зэргээс шалтгаалж цалингийн нэмэгдлийг жигд олгосон. Энэ жилийн хувьд KPI буюу гүйцэтгэлийн үнэлгээг нэвтрүүлж, өндөр гүйцэтгэлтэй эмч ажилчид өндөр цалин авдаг байх, гүйцэтгэл багатай нь бага цалин авдаг тогтолцоог зайлшгүй нэвтрүүлнэ. Ингэснээр эмч ажилчдын ажлын идэвхи нэмэгдэх, ажилдаа амжилт гаргах, шударгаар хөдөлмөрөө үнэлүүлдэг болох боломж бүрдэнэ гэж үзэж байна.

УНТЭ нь ТУЗ-тэй болсон. Энэ нь үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Манай эмнэлэг улсын хэмжээнд ТУЗ-тэй болсон анхны эмнэлгийн нэг. Өнгөрсөн хугацаанд ТУЗ-ийн гишүүд маань ( 9 гишүүн ) эмнэлгийн засаглалын шинэ тогтолцоог нэвтрүүлэх гэж бүгд хичээн ажиллаж байгаа. Би хувьдаа аливаа шинэ юманд алдаа оноо байдаг, цаг хугацааны аясаар улам сайжирч, боловсронгуй болно гэж боддог. Жирийн эмч, ажилтнуудын хувьд магадгүй ТУЗ-ийг ямар ажил хийдэг, ямар шийдвэр гаргадгийг төдийлөн мэддэггүй, тэрийг мэдрэх ч завгүй ажилладаг байх. ТУЗ-тэй  илүү ойрхон ажилладаг хүний хувьд эмнэлгийн үйл ажиллагаа, хувь заяанд маш их үүрэг рольтой гэж хэлэх байна. Бид өмнө нь бүх төсөв төлөвлөгөөгөө Сангийн яам, Эрүүл мэндийн яамаар батлуулдаг байсан, аливаа төсвийн өөрчлөлт тодотгол хийхэд их төвөгтэй байдаг байсан бол одоо шаардлагатай үед ТУЗ-дээ мэдээгээ хүргэж, хуралдуулж үйл ажиллагаагаа батлуулж, дэмжүүлдэг болсон. Ингэсний үр дүнд энэ жилийн хувьд бүх төсвөө батлуулж, цаг тухайд нь тодотгол хийлгүүлж, он дамнасан өрөө дарж, цалин урамшууллыг нэмэгдүүлж, амжилттай ажиллаж чадсан. Мөн ТУЗ-д санхүүгийн чиглэлийн гишүүд байдаг тул байнга зөвлөгөө өгч, гүйцэтгэх удирдлагыг заан чиглүүлж байгаа. Хэдийгээр бид ТУЗ-тэй эмнэлэг хэдий ч ЭМЯ-ны харъяа эмнэлэг тул яамтай нягт холбоотой ажиллана. ЭМЯ-ны зүгээс бүх бодлогын ажлуудыг дэмжих, үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой.

Урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө гаргасан уу. Алсдаа ямар менежментээр ажиллахаар төлөвлөж байна вэ?

Бид 2024 он хүртэл хөгжих стратеги төлөвлөгөөгөө гаргасан. Үүнийхээ дагуу ажиллаж байгаа. Бидний гол зорилго эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэддээ түргэн шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд хүргэх явдал. Гүйцэтгэлийн санхүүжилтийн энэ цаг үед бид үйлчлүүлэгчдээ татахын тулд үйлчилгээний сайн менежментүүдийг нэвтрүүлэх болно. УНТЭ Монгол Улсын эрүүл мэндийн түүхэнд үнэлж баршгүй их гавъяатай эмнэлэг. Энэ ууган эмнэлгээс бусад бүх эмнэлгүүд салбарлан гарсан, энэ эмнэлэг бүх л шинэ эмчилгээ инновацийн анхдагч, нэвтрүүлэгч нь байсан. Бусад эмнэлгүүд манай эмнэлгээс суралцдаг, үе үеийн эрүүл мэндийн  салбарын  домог болсон хүмүүс ажилладаг тийм л эмнэлэг. Одоо ч гэсэн тэр байр сууриа алдаагүй байгаа. Бид үе үеийн эмч нар, алдар цуутан доктор профессоруудаараа бахархдаг. Гэхдээ бид маш хурдтай хөгжиж байгаа, цахим шинэчлэлийн энэ цаг үед зөвхөн түүхээ яриад хол явахгүй. Одоо үед ажиллаж байгаа залуучууд маань ч гэсэн маш хурдтай, бусдаас илүүг санаачилж, нэвтрүүлж ажиллаж байж эмнэлгийнхээ байр суурийг бэхжүүлэх болно.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ