Монголчуудын XX зуун төөрөгдлүүд-2

2021-01-09 1062 0

 

Түрүүч нь: МАНЖУУД НОВШ

ОЙРАДУУД НОВШ

Өвөө, эмээ нар маань олон үйл явдлыг аажуу тайван мартчихсан байж магадгүй юм. Үнэн учрыг нь мартсан, мэдэхээ байсан зарим нэг түүхийн учир шалтгаан нь үнэ цэнтэй, бид дахин цэгнэж бодож, мэдэхэд илүүдэхгүй ч байж болно. Ач холбогдолтой байж болох нэг жишээгээр эхэлье л дээ.

Халхчуул ойрадуудыг манжуудаар хүйс тэмтрүүлсэн гэх шалтгаан. Бидний өнөөгийн ойлголтоор бол ойрад ба халхууд тогоон дотроо хэрэлдээд, Mанжийн вассал ч гэлээ умард нутгийн дошин дээрээ тэрүүхэн тэндээ даам гарахын тулд яалт ч үгүй нэгнээ зайлуулсан, ингэхдээ халхчуул тийм ч баяртай байгаагүй буюу хүсээгүй ч өөр арга байгаагүй  мэт түүхэн зураглал бидний толгойд торчихсон байж магад. Ойрадууд халхуудыг тонон дээрэмдсэн, тогтворгүй байдал бий болгосон, хүнлэг бус байсан гэх мэтээр дурддаг учир шалтгаан нь бүгд үнэн бололтой. Гэхдээ зарим нэг зүйлсийг яагаад дотоодын түүхийн ном, сурах бичиг, нийтлэлүүдэд товчхон, тодорхой тайлбарлаад өгөөгүй нь л сонирхолтой байгаа юм.

Тэгэхээр манжууд яагаад халхуудыг сонгов гэдгээс хариултыг хайх нь зөв байх. Манжууд халхуудыг сонгох стратеги, газарзүйн байрлал гээд олон шалтгаан байсан байх. Гэхдээ ухамсарт ч гэх юм уу “субьектив” суурь шалтгаан нь болбоос халхууд гэдэг нь Алтан ургийн олон салаа мөчир болой. Тэр ч утгаараа халхууд нь бусад отог аймаг, ястнуудыг цуглуулах, хянах, багцлах том шатрын нүүдэл байв. Мөнчлөн халхууд болоод өнөөгийн Өвөрмонголын олон ураг овог нь нэгэнт алтан ургаар дагнасан юм болохоор олон үеийн туршид хадаг яндар хэрэглээд сурчихсан, “удирдлагын академиар” дагнасан маягийн болж таарна. Ижилхэн буддын шашинтай ч цус урсгаж алалцах түрэгжүү, нүүдэлчин ясны чанараа илүү хадгалж үлдсэн ойрадуудыг бодвол халхууд арай “шавар амбаарны хүн” төрх рүү жаахан хазайж эхэлсэн байж таарав. Товчхондоо илүү хүн төрхтэй болчихож. Тэгэхээр тэр талын уян хатан, материаллаг амьдрал руу илүү шүлэнгэ, бас шийдвэр гаргах дээр зальхай талыг нь манжууд сонгож аваад тойлсон болж таарах нь.

Үүнтэй холбоотой, бидний түүхийн ном дээр бичиж зааж ирсэн өгүүлбэрүүд нь “ойрадууд халхуудыг байнга цавчаад зүгээр суулгадаггүй байсан” гэсэн үгс юм. Түүний наад шалтгааныг сая тайлчихсан шүү дээ: халхуудын яс зөөлөрсөн, ойрадуудынх тэгэх болоогүй. Тэрэндээ л ялгаа байсан хэрэг.

Цаашлаад бүр ёстой суурь ужиг руу нь оръё. Халх ба ойрадууд яг яагаад түнжинтэй байж чадсангүй вэ? Хариулт маш энгийн: А ба Б.

А – цусан төрлийн хувьд ойрадууд халхуудтай харьцуулбал түрэгжүү орц илүүтэй, халхууд нь ёстой ориг төв цэгийнх.

Б – хэн ч өдийг хүртэл ер шууд хэлж өгөөгүй, асар том сэтгэлзүйн мөргөлдөөн – “цаашид Зүүн хойд Азийн өндөрлөгт их эзэн хааны Алтан ургийнх дагнах уу, бусад ургийнх дагнах уу” гэдэг л том зөрчилдөөн.

Энэ нь хэдийнээ зуун дамнаад “үгжирч хуучирчихсан, сүсэг бишрэл, амбийцийн хэрүүл” юм. Үүнийг ойрадчуулын үр садын ярианаас, ялангуяа ХХ зууны сүүлчээр амьд байсан буриад, халимаг, тува, шинжаан, хасахстаан нутгийн буурлуудын амнаас унах үгсээс хялбархан ойлгож болно. Тэндхийн буурлуудын амнаас сав л хийвэл унах дуртай хэллэг нь “халчуул болбоос хужаажсан монголчууд мөн” билээ. Энэ нь ч учиртай.

Яалт ч үгүй аугаа Алтан ураг маань амьд хүн л юм хойно, ямар автомат машин байгаа биш, олон үеийн хаад ноёд, баян тансаг амьдралын амттай шимтэйг хүртэж явсаар, хамгийн ойрын гэдгээр хятад соёлд бусдыгаа бодвол илүүтэй “идүүлжээ”. Тэр ч утгаар манжууд сэлмээ ирлээд суух хугацаанд ойрадууд нь “алтан ургийн цөм та нар сүүлийн 200 жилд архи дарс, жаргал цэнгэл, адуу малд умбаад бүр яс, мах, шүд чинь суларчихлаа, одоо та нарын үгээр явахгүй л” гэж уурсаж.Харин халхууд нь “муусайн галтарууд, та нарыг бид удирдсаар ирсэн шүү” гэдэг ужиграсан хэрүүл юм.

“Хуучирч үмхэрсэн Алтан ураг цаашид монгол зонд үлгэр жишээ болж чадахгүй нь” гэхэд нөгөө тал нь “үгүй бид нар мөнхөд бурхан” гэсэн хоёр талын л зодоон. Бүр цаанаа бол “ориг нүүдэлчид байх юмуу, үгүй юм уу”, бүр товчилсон хүн төрөлхтний хуудсын ганц өгүүлбэр болгож хэлбэл “соёл иргэншилд цохиулж байгаа зэрлэг бүдүүлэг нутгийн хямрал” болж таарч байгаа юм.

Эцсийн дүндээ яав гэхээр, багахан хужаа суурин иргэншлийн цустай, олон үеийн дипломат арга туршлагатай болсон халхчуул маань хов хутгаад ойрадуудыг манжуудаар устгуулсан. Тухайн үеийн тэрүүхэн тэндээ туургатан дундаа элитүүд авах ёстой арга хэмжээг авчихсан бололтой. Бас л мундаг шатрын нүүдэл гэхээс өөр юу ч гэх вэ. Нэг нь дийлж л таарна. Манжууд харамсалтай нь хаад ноёдын хувийн хонзон болоод өөр бусад цаад шалтгаанаар, халхууд гар бие оролцон туслаж байгаа дээр нь ойрадчуулыг хүйс тэмтрэх ажлыг арай дэндүүлсэн нь гашуун.

Ингэж нуршсан нөхцөл байдлыг тухайн үеийн Оросын хаант засгийн тагнуул, манжууд аль дээрээс сайн мэдэж байсан. “Эвий өдгөө гайхуулах юу ч үгүй болсон Монгол туургатнууд чааваас хөгийн хуучирсан сэдэв дээр нэгнээ хэмлэж байна даа” гэж гайхаж суусан байж таарах нь. Орос болон Манж гэлтгүй өөр улсууд ч тодруулбал Түрэг, одоогийн Пакистан, Кыргыз, Казахстан сургийг нь бараг дуулсан байж магадгүй. Ямар ч ач холбогдолгүй хэрүүл байсан болохоор Манжаас бусад улсад онцын сонирхолтой байгаагүй.

ХХ зуун төөрөгдлийн нэг нь монголчууд таарсан орос ах нарынхаа богино хугацаанд зохиосон шинэ хүүхдийн зохиолын ачаар “манжууд бол новш” гээд арьсан дээрээ мэдээж “шивчихсэн”.

Оросууд тэгж мань хэдэн дуракаа хошгоруулахаас өөр яах вэ. Учир нь өөрийн үндэсний нэг хэсэг нь халуун цуст ойрадын үндсэн цөм халимгууд, мөн бусад хэлхээ холбоо дэнжигнэсэн хүмүүс болох буриадчуулд (хойд нутгийн эвэнг, ойн иргэдтэй нийлээд өөрсдийгөө мартчихсан монголчууд) ямар нэг тэнэг сэдэл төрүүлэхгүйн тулд “манжууд аймшиг, та нарыг хядсан, халхууд хогийн новшнууд, та нарыг матаж хорлосон” гэсэн байр суурийг баримталсаар ирсэн нь мэдээжийн шийдэл шүү дээ. Халхчуулд болохоор “ойрадууд гэсэн балмад хэрцгий амьтдыг устгасан нь та нарын азтай хэрэг болж” гэж ойлгуулж ирж. Угаас хагас зэрлэг бүдүүлэг отог омог, нүүдэлчдийг суурин иргэншилтэй хүмүүс ийм л аргаар дотроос нь онгичиж ялзруулдаг нь хүний араншин байх.

Нэмээд хэлэхэд, ойрадуудын талаарх өнөөгийн бидний хувь хүмүүсийн үг хэллэг жишээлбэл, халх аймгуудын уугуул, тухайн үеийн сэхээтэн байна уу, жолооч нь байна уу хамаагүй бүгд л муу үг унагадаг нь өнөөх олон жилийн соц нийгмийн нэмэлт жорын тархи угаалтын хар гай. Олон үеийн туршид хаант засаг барьж байгуулаад, цаашаа барууныхантай үзэлцсээр байгаад оросууд ихийг сурчихалгүй яах вэ. Шинээр бий болсон БНМАУ гэдэг тоглоомын, онцын ач холбогдолгүй улсад цөөнх болсон ойрадын шууд угшил буюу халхуудын дууддагаар “Увсынхан” болоод “хойноос нутаг царайчилж ирсэн буриадчуул”-ыг зориуд халхуудын урдуур тавиад сэнхрүүлчихсэн. Үүнийг тухайн үеийн дөчин мянгат хавийн зарим нэг сэхээтнүүд бүгд л мэдэж байсан шүү дээ.

Увсчууд Монголыг удирдаж, буриадчуул бүх гэгээрүүлэгчдийн байр суурийг атгасан, хачирхалтай бөгөөд зэвүүн давхарга гэж үзэх зарим нэг халхчуулын чимээгүйхэн бухимдал. Халхчуул юм хойно буриадчуул шиг тэсэлгүй бархирахгүй, чимээгүй л бухимдаж таарна биз!

Нийгмийн олонхыг аятайхан доор тавиад, цөөнхийг нь инерцээр нь дэмжээд өгчихдөг, ингэснээр жижигхэн тогоон дотроо мөнхөд нанчилдуулж байдаг дөмөгхөн арга ухаан юм. Том улсын үе дамжиж арьсан дороо суулгасан арга барилыг мань хэд нь шууд ойлгох биш дээ.

Үргэлжлэл бий…

Холбоотой мэдээ