М.Батдорж: Хүүхэд хамгааллын бодлогыг хөрсөн дээр буулгахын тулд бүх салбарын уялдааг хангах хэрэгтэй

2022-05-03 324 1

Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулган энэ сарын 16-нд болно. Чуулганаас ямар үр дүн хүлээж буй талаар ГБХЗХГ-ын дарга М.Батдоржоос тодрууллаа.

-Чуулган, хэлэлцүүлэг зохион байгуулах нэг хэрэг. Гэхдээ тэндээс ямар нэг тодорхой үр дүн гарах ёстой шүү дээ. Хүүхэд хамгааллын чиглэлд яг ямар үр дүн гарах вэ?

-Бүхий л салбарт хүүхэдтэй холбоотой, ялангуяа, хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудал гарч байна. Нөгөө талдаа, хүүхдийн асуудлаарх хууль эрх зүйн орчин хангалттай байна. Гэтэл хууль, дүрэм яагаад амьдрал дээр тодорхой үр дүнд хүрэхгүй байна вэ гэдэг асуулт ургаж байгаа юм. Тэгвэл хамгийн нэгдүгээрт, эцэг эхийн хариуцлагын асуудал яригдана. Хүүхдийн өмнө хамгийн түрүүнд тэд л хариуцлага хүлээж байна. Гэтэл зарим аав ээж нар үр хүүхдээ хайрлах, халамжлах, эсэн мэнд өсгөж торниулах, сурч хөгжүүлэх эрхийг нь хангаж чадаж байгаа юу? Тиймээс л эцэг эхчүүдэд хүрч ажиллахын тулд ажил олгогчид буюу эздээр дамжуулан байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлоготой байна гэдэг зарчмыг тавиад байгаа хэрэг. Энэ тогтолцоог бий болгохын тулд салбар бүхийн уялдаа холбоог сайжруулахын тулд бүх салбарыг хамарч, чуулган зохион байгуулах гэж байна.

-Салбар бүрийг оролцуулахын тулд асуудлаа ойлгосон байх ёстой. Урьдчилсан хэлэлцүүлгүүд хийсэн үү?

-Тэгэлгүй яах вэ. Чуулганыг угтаад 17 яам, 37 агентлаг, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулаад явж байна. Хэлэлцүүлгээр салбар бүр тулгамдсан асуудлуудаа тодорхойлж, хамтдаа шийдэл, гарц хайж байна. Анхан, дунд, дээд шатандаа юун дээр алдаж байна, яаж уялдуулах вэ, улам илүү сайжруулж, амьдрал дээр буюу хөрсөн дээр буулгах вэ гэдэгт гол анхаарлаа бид төвлөрүүлж байгаа.

Холбоотой мэдээ