Пр. Жефф Саутын дата сэтгүүл зүйн сургалт амжилттай үргэлжилж байна

2022-05-31 146 0

АНУ-ын Virginia Commonwealth их сургуулийн хүндэт профессор Жефф Саутын Монголын сэтгүүлчдэд зориулсан дата сэтгүүл зүйн сургалт амжилттай үргэлжилж байна.

Нэгдсэн улсын Төрийн Департаментын Фулбрайтын мэргэжилтний хөтөлбөрийн хүрээнд “Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төв” ТББ-ын урилгаар Монголд ирсэн профессор Жефф Саутын сургалтад өгөгдлийн гүнд “шумбаж” үзэгээ улам хурцлахыг хүссэн 200 гаруй сэтгүүлч, 13 орчим редакц хамрагдаж буй юм.

Уншигчдын хэрэгцээ шаардлагыг хангахын тулд редакцууд, сэтгүүлчдээс өгөгдөлтэй ажиллаж дүн шинжилгээ хийх, улмаар өгөгдлийн үр дүнд тулгуурлан мэдээ сурвалжилга бэлтгэх ур чадваруудыг шаардах болсон. Тиймээс энэ удаагийн сургалт нь нийслэл болон орон нутгийн сэтгүүлчид өгөгдлийг олж авахаас эхлээд цэвэрлэх, дүн шинжилгээ хийх, дүрсжүүлэх гээд бодит чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэсэн байна.

Сэтгүүлчид өгөгдөлтэй ажиллах ур чадварт суралцсанаар уншигчдын хэрэгцээг хангахуйц үнэн бодит мэдээллийг бэлтгэдэг болно. Энэ нь олон нийтийн дунд бий болсон сэтгүүлчид худал, баталгаагүй мэдээлэл түгээдэг гэсэн муу нэрийг хусаж, сэтгүүл зүйн нэр хүнд сайжирна. Үүний төлөө энэхүү сургалтыг зохион байгуулж буйгаа “Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг Э.Нарантунгалаг сургалтын нээлтийн үеэр онцолсон.

Сургалтын үеэр Монголын өгөгдлийн шинжээчид, дүрсжүүлэгчид, өгөгдлийн контент бэлтгэдэг редакцын төлөөллүүд туршлагаа хуваалцжээ.

Нийт анхан, дунд, ахисан гэсэн гурван шатны дөрвөн удаагийн сургалтын дараа сэтгүүлчид агаарын бохирдол, авлига, уул уурхайн сэдвээр Монголын талаар олон улсад цацагдах өгөгдлийн сэтгүүл зүйн жишиг болохуйц эрэн сурвалжлах бүтээлүүдийг хамтран бэлтгэн нийтлэхээр төлөвлөсөн байна.

Тус сургалтыг “Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр” ТББ-тай хамтран АНУ-ын ЭСЯ, World learning Mongolia, “Хөгжлийн төлөө өгөгдөл” ТББ-ын дэргэдэх Монголын дата клуб зохион байгуулж буй юм. “Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр” ТББ нь орчин үеийн сэтгүүл зүйн шинэ ойлголтууд, хандлагыг эх орондоо нэвтрүүлэх, олж авсан мэдлэг, туршлагаа дотоодын хэвлэл мэдээллийн салбарт шингээх, сэтгүүлчдийг чадавхжуулах, медиа салбарын старт-апуудыг дэмжих, зөвлөхөөр 2020 онд байгуулагджээ. Одоогоор хэвлэл мэдээллийн хараат бус сэтгүүл зүйн орчныг сайжруулахад чиглэсэн жижиг болон дунд хэмжээний аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах “Урагш Алхъя” төсөл, чөлөөт сэтгүүлчдэд зориулсан “Үзэг” платформ зэрэг төсөл хэрэгжүүлж байна. Мөн  цахим орчинд цацагдаж буй мэдээллийг баримтаар нягталж, олон нийтэд үнэн, зөв мэдээлэл хүргэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Mongolian Fact Checking Center” нь тус байгууллагын харъяанд байдаг аж.

Холбоотой мэдээ