Төрийн болон хувийн хэвшлийнхэн хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих амлалт өглөө

2022-05-27 451 3

“Хүүхдэд ээлтэй Монгол” үндэсний чуулганыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханы санаачилгаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Олон Улсын Хөгжлийн Эрх Зүйн Байгууллага, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

Чуулганыг угтан салбар хэлэлцүүлгийг 2022 оны дөрөвдүгээр сарын 13-аас тавдугаар сарын 27-ны өдрийг хүртэл хоёр үе шаттай зохион байгуулж, 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, бүх яам, агентлаг, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, хүүхэд, эцэг эхийн төлөөллөөс 41,211 хүн оролцсон бол чуулганд хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөлийн төлөөний гишүүд, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, хүүхдийн элч, эрдэмтэн, судлаачид, аж ахуй нэгж байгууллагын 650 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа.

Салбарын хэмжээнд 107 санал, үндэсний хэмжээнд 118 саналыг хэлэлцэн шийдлийг эрэлхийлж, НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцын “хүүхдийн дээд эрх ашгийг хангах” үндсэн зарчимд тулгуурласан, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т заасны дагуу “хүүхэд хамгааллын бодлого”-ыг хэрэгжүүлж ажиллах нэгдсэн зөвшилцөлд хүрсэн.

Чуулганыг

  • Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал,
  • Эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал,
  • Хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал,
  • Олон нийт, соёл, спортын арга хэмжээн дэх хүүхэд хамгаалал,
  • Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн ээлтэй орчин, дэд бүтцийн хүртээмж,
  • Хүүхдэд ээлтэй эрх зүйн орчин, хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх,
  • Байгууллага, аж ахуй нэгж нь ажилтан, албан хаагчдынхаа ажил амьдралын тэнцвэрийг хангахад чиглэсэн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж,
  • хүүхдийн дээд эрх ашгийг хангасан хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлье зэрэг сэдвээр хэлэлцүүлсэн юм.

Чуулганы төгсгөлд эцэг, эхчүүд хүүхдээ ойлгож, асуудлыг нь сонсож тэднийг аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхийг зөвлөмж болгон Хүүхдийн эрхийн конвенцын “хүүхдийн дээд эрх ашгийг хангах” үндсэн зарчимд тулгуурлаж, хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалт “хүүхэд хамгааллын бодлого”-ыг хэрэгжүүлж ажиллахыг уриалж байна.

Товчхондоо, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид юу амлав гэвэл,
 1. Соёлын яам- урлагийн бүх тоглолтын тасалбарын орлогын 1 хувийг хүүхдийн хөгжилд зориулна.
2. Боловсролын яам- хүүхдүүд дүн өвлийн хүйтэнд ээлж хүлээн гадаа зогсдог дэгийг хална.
3. Эрүүл мэндийн яам- салбарын хэмжээнд Хүүхэд хамгааллын нэгдсэн бодлоготой болно.
4. Батлан хамгаалах яам- өөрийн харьяаны спорт талбай, усан бассейныг хүүхдэд үнэ төлбөргүй ашиглуулна.
5. Цахим хөгжлийн яам- хүүхдийг цахим орчны хүчирхийллээс хамгаална. Телевизээр хүүхдийн хөгжил төлөвшил, эрүүл мэндэд хортой контент нэвтрүүлэхийг хориглоно.
6. Эрчим хүчний яам- гэрлийн байцаагчид хүүхэд хамгааллын зөрчлийг мэдээлдэг болно.
7. Байгаль орчин, аялал жуулчлалын яам- хүүхдийн секс аялал жуулчалыг үл тэвчих талаар хуулийн заалт гаргана.
8. Зам тээврийн яам-азын дугаар зарсан 4 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд хандивласан.
9. Сангийн яам- 2022 онд хүүхдийн төлөө төсөв 4 их наяд төгрөг байна.
10. Онцгой байдьн ерөнхий газар- Гамшгийн үеийн хүүхэд хамгааллын стандарт хэрэгжүүлнэ. Гал түймэр, үерт өртөж байгаа хүүхдийн тоог эрс бууруулна гэлээ.
Түүнчлэн байгууллага ажилтныхаа ачааллыг тэнцвэржүүлж, нялх хүүхэд эцэг, эх, залуу гэр бүлийг дэмжих зорилгоор ажилтнууд хүүхдүүддээ цаг гаргах боломжоор нь хангах хүүхдэд ээлтэй хүүхэд хамгааллын бодлоготой байхыг гол болгоно. Мөн чуулганаар Засгийн газрын бүх яамд, салбарууд, нийслэл, аймгууд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, ажил олгогч эзэд зэрэг хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид үйл ажиллагаа, бодлого шийдвэр бүрийнхээ эхэнд хүүхдийн эрх ашгийг тэргүүнд тавьж, салбартаа хүүхэд хамгааллын бодлогоо хэрэгжүүлж ажиллахаар амлалт өгсөн юм.

 

Холбоотой мэдээ