Германы инженерийн сургалтын хөтөлбөрөөр бэлтгэгдсэн 42 төгсөгч дипломоо гардан авлаа

2022-06-17 307 1

Германы инженерийн сургалтын хөтөлбөрийн дагуу инженер технологийн салбар дахь эрэлттэй мэргэжилтнүүдийг бэлтгэдэг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн шинэхэн төгсөгчид дипломоо гардан авлаа. Өнөөдөр Уул уурхайн боловсруулах инженер, Механик инженер, Хүрээлэн буй орчны инженер, Эдийн засагч инженер мэргэжлээр төгсөж буй 42 оюутан МГТИС-ийн тав дахь төгсөлт болж байна.

Энэ өдөр төгсөгчдөд баяр хүргэхээр ХБНГУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн, хатагтай Регина Рутенберг, Германы эрдмийн солилцооны албаны (DAAD) Хөтөлбөрийн менежер Голрох Анзари-Ха, Майк Томсэн, Аахены Техникийн их сургуулийн багш Др. Мартин Книпертц болон Германы олон улсын хамтын ажиллагааны бусад төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм. Түүнчлэн Монголын талаас БШУЯ-ны төлөөлөл болон аж үйлдвэрийн байгууллага, компаниудын удирдлагууд, төгсөгчдийн гэр бүлийнхэн ёслолын арга хэмжээнд оролцож, төгсөгчдөд өндөр амжилт хүслээ.

МГТИС-ийн 2022 оны төгсөгчид төгсөх жилдээ хамгийн олон тэтгэлэг хүртэж, мөн ажлын байрны санал олноор нь хүлээж авсан гээд амжилтаар дүүрэн Төгсөлтийн баяраа тэмдэглэж байна. Энэ удаагийн төгсөгчид хоёр жил гаруй хугацаанд халдварт цар тахлын нөхцөл байдалд суралцсан ч, Оюутны зөвлөлийг удирдан чиглүүлж, сайн дурын “Лава” клубээрээ Налайх дүүргийн хүүхэд залуучуудад чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулан, “Литмус ток”, цэцгийн “Флорист” клубээрээ сургуулийн орчныг ногоон болгож, багш ажилтан, оюутнуудаа эко уриалгад нэгтгэж чадсанаараа ихээхэн онцлогтой.

Сурлага төдийгүй олимпиад, спортын тэмцээн, уралдаан, сайн үйлсэд зориулсан хувь нэмэр зэргээрээ манлайлсан энэ жилийн төгсөгчдийн 40 хувь нь Германы эрдмийн солилцооны албаны (DAAD)-ын цалинтай тэтгэлэг, 20 хувь нь МГТИС-ийн нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлгийг 2021-2022 оны хичээлийн жилд хүртсэн байна. “DAAD-TNB” тэтгэлэг хүртсэн зургаан төгсөгч нь сүүлийн нэг семестртээ ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн их сургуульд олон улсын оюутнуудын хамт суралцангаа тус хотын уул уурхай, инженер, технологийн салбарт туршлага судлаад ирсэн юм.

МГТИС нь 2019 оны дөрөвдүгээр сард Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN (Герман) байгууллагаас Олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ гардан авсан билээ. Тиймээс тус сургуулийн төгсөгчдийн өмнө олон улсын томоохон байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд ажиллахаас гадна дэлхийн шилдэг их сургуулиудад ахисан түвшинд суралцах үүд хаалга нээлттэй болж байгаа. Энэхүү магадлан итгэмжлэлээр итгэмжлэгдсэн дипломоо МГТИС-ийн шинэхэн төгсөгчид өнөөдөр ийнхүү гардан авлаа.

 

 

 

 

Холбоотой мэдээ